Нийслэлчүүд салхинаас эрчим хүч гаргаж авна

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд салхинаас эрчим хүч гаргаж авна

Монгол улсын газар ну­таг эрчим хүчний асар их нөөцтэй. Одоогоор бид нүүрсний хэрэглээ ихтэй байгаа учир нүүрсийг олборлож,  томоо­хон бүтээн байгуулалтын төслүүд явагдаж байгаа. Гэх­дээ Монголд өөр нэг эрчим хүчний эх үүсвэр бий. Тэр нь  салхи юм. Монгол улсын газар нутаг салхи­ ихтэй. Монголын газар нутгийн салхины нөөцийг судласан судалгаанаас үзхэд манайх өнөөд­рийн байдлаар Хятад улсын жилийн эрчим хүчний хэрэг­лээг хангах хэм­жээний сал­хины нөөцтэйг тогтоосон байдаг. Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн нэг үндсэн ажил нь байгаль орчинд хор нөлөөгүй салхины эрчим хүчийг дэмжих юм. Тиймээс Төв аймгийн Сэргэлэн суман дахь Салхит ууланд баригдах салхины цахилгаан станцид үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн эрчим хүчний систем хүлээн авах техникийн нөхцлийг хангах үүднээс Налайхын дэд  станцыг өргөтгөн сайжруулах ажлыг “Цэвэр Агаар” төёлийн хүрээнд хийх юм.  Дээр нь Налайх дэд станцыг Диспетчерийн үндэсний төвд Диспетчерүүдийн чадварыг сайжруулах  сургалтын симулатор программ бүхий сургалтын танхим байгуулах зэрэг ажлыг мөн адил төслийн хүрээнд гүйцэтгэнэ.  Мөн “Цэвэр агаар” төслийн зүгээс гүйцэтгэх хамгийн чухал ажил нь энэхүү салхины цахилгаан станцын нийлүүлэх цахилгааны үнэ болон энгий цахилгаан хэрэглэх үнэ  (дулааны цахилгаан станцын нийлүүлэх цахилгааны үнэ) хоорондын зөрүүг арилгаж, цахилгаан хэрэглэх тарифийг тогтвортой  байлгахад нь Монголын засгийн газарт татаас үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл Монголын мянганы сорилтын сан буюу Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр бидний хэрэглэх цахилгааны үнийн нэг хэсгийг улсад төлнө гэсэн үг. Салхит ууланд баригдах 31 том сэнс бүхий салхины цахилгаан станц энэ оны сүүлч гэхэд баригдаж дуусна.


Салхин цахилгаан  станц төслийг “Клин Энержи”  компани  хэрэгжүүлж байна.  Мөн  “Клин Энержи” компани  дэлхийд танигдсан томоохон компаниудын нэг болох “Женерал Электрик” цахилгаан станцын турбинуудыг нийлүүлэх гэрээг байгуулжээ. Учир нь салхин турбинуудын овор хэмжээ их том. Нэг турбины доод талын тулгуурын өндөр нь 80 метр, дээд талын гол цөм хэсэг буюу генетатор нь 60 тонн жинтэй, сэнсний далбаануудын урт нь 40 орчим метр урт, 7-8 тонн жинтэй юм байна. Тиймээс  “Клин Энержи”  компани Улаанбаатараас Чойрын чиглэлийн засмал замаас салаалж төмөр замын түр гарам хүртэл 2,3 километр сайжруулсан шороон зам тавьсан байна.  Харин Австралийн “Лейтон” компани турбинуудыг газар суурилуулах, харин Европийн Сэргээн босголтын банк, Нидерландын “Эф Эм Өү” байгууллагатай салхин станцын төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж