”Оюутны үндэсний тэтгэлгийг энэ сард олгоно”

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

”Оюутны үндэсний тэтгэлгийг энэ сард олгоно”

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан. Дээрх тэтгэлгийг тодорхой шаардлага хангасан оюутнууд авах эрхтэй бөгөөд сурлагын доогуур үнэлгээтэй, хичээл тасалдаг оюутан тэтгэлгийн мөнгийг авах боломжгүй юм байна.


Энэ тухай тодруулахаар Боловс­рол, соёл, шинжлэх ухааны яамны Сургалтын төрийн сангийн захирал Д.Нансалмаатай ярилцлаа.

    
-Оюутны тэтгэлэг олгох ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-2011-2012 оны хичээлийн жилд 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа өдрийн ангийн диплом, бакалавр, магистр, докторантын  зэргийн оюутанд 70 мянга 200 төгрөгийн тэтгэлгийг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож олгохоор заасан байгаа. Засгийн газраас тэтгэлэг олгох журмыг баталсан хэдий ч бидэнд хараахан шийдвэр ирээгүй байна. Тиймээс одоогийн байдлаар дээд боловсролын байгууллагуудаас оюутны нэрсийн жагсаалтыг хүлээн авч байгаа. Хамгийн гол нь их, дээд сургуулиас ирж буй оюутны мэдээлэл үнэн бодитой байх нь чухал юм.

-Тэгэхээр оюутнууд хэзээнээс мөнгөө авах вэ?

-Энэ сард багтаж Сургалтын төрийн сангаас сургуулиудад үндэс­ний тэтгэлгийг шилжүүлнэ. Чухам ямар банкаар, яаж оюутанд олгох нь тухайн сургуулийн зохион байгуу­лалтын ажил байх юм.

-Оюутны тэтгэлгийн мөнгийг бүрэн олгож байгаа эсэхэд хяналт тавих уу?

-Тухайн оюутны зөвшөөрөл­гүй­гээр тэтгэлгийг сургуулийн багш, удирдлагууд дур мэдэн захиран зарцуулахад хяналт тавин ажиллах нь ойлгомжтой. Энэ бүгдийг журамд тусгасан байгаа. Мэргэжлийн сур­галт, үйлчилгээний төвийн сурал­цагчдад олгодог 45 мянган төгрөгийн талаар санал, гомдол ирж байгаагүй. Тэгэхээр асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Урамшууллын тэтгэлэг гэдэг нь үндэсний тэтгэлгээс юугаараа ялгаатай юм бэ?

-Урамшууллын тэтгэлэг гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50, 75, 100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олго­хыг хэлээд байгаа юм. Энэ нь сурал­цагчийн голч дүнгээс шалтгаалан урам­шуулал олгоно гэсэн үг. Тухайлбал, голч дүн нь 3,6 ба түүнээс дээш бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувьтай тэнцэх тэтгэ­лэг авах боломжтой болно. Улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн тэтгэлэг авна. Түүнчлэн олон улсын олимпиадад оролцож шагналт байранд орсон шинээр элсэгчдэд 100 хувийн тэтгэлэг олгох жишээтэй. Хэрэв олон улсын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр болон гадаадын нэр хүндтэй сургуультай хамтарсан хос хөтөлбөрөөр сурч байгаа оюутан 2,8-аас дээш голч дүнтэй бол 50 хувийн тэтгэлэг авах юм. Мөн Монголд эрэлттэй байгаа мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн элсэгчийн дундаж оноо нь 720-оос дээш, суралцагчийн голч дүн 2,8 ба түүнээс дээш бол 50 хувийн тэтгэлэг авах боломжтой юм.  Энэхүү журмыг дараагийн  хичээлийн жилээс буюу ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Эрэлттэй байгаа мэргэжилд авто замын барилга, сургуулийн өмнөх боловсролын багш, бага боловсролын багш, геологи, гидро­геологи, байгалийн ухааны багш, гидроме­ханик, усны нөөцийн экологи, уул уурхайн ашиглалт техно­логи, уул уурхайн тоног төхөө­рөмжийн ашиглалт, малын эмч, мэдээллийн систем, нефьтийн хадгалалт, тээвэрлэлт, сантехник инженерийн байгууламж, сэргээгдэх эр­чим хүч, нано технологи, био техно­логи, цөмийн энергийн технологи, дүрс оношлогоо, эмнэл­зүйн анагаах ухаан гэсэн 20 мэргэжлийг сонгосон. Үндэсний тэтгэлгийг оюутнуудад олгох гэж байгаатай холбогдуулан их, дээд сургуулиуд ямар арга хэмжээ авч байгаа талаар Монгол улсын их сургуулийн  сургалт төлөөлсөн дэд захирал Р.Ринчинбазараас лавлалаа.

Тэрбээр “Засгийн газраас тогтоол ирээгүй байна. Бид журмынхаа дагуу ажлаа хийх ёстой учраас одоохондоо шийдвэрлэсэн зүйл алга. Тогтоол ирэхээр энэ ажлыг зохион байгуулалтад оруулж, хэрхэн яаж олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэлээ. Мөн үндэсний тэтгэлгийн талаар Монгол Улсын боловсролын их сургуулийн хэсэг оюутнаас ямар мэдээлэлтэй явааг нь сонирхсон юм. Тэд “Оюутан бидэнд өдөр болгон мөнгөний хэрэгцээ гардаг. Тэгэхээр энэ тэтгэлэгийг өгөх хэрэгтэй. Зарим оюутны хувьд сарынхаа хэрэглээг зохицуулах хэмжээний мөнгө шүү дээ. Ар гэрийхэнд нь ч нэмэртэй. Саяхан хэсэг оюутнууд энэ тэтгэлгийн мөнгийг өөр зүйлд зарцуулъя гэж ярьж байсан. Зарим хүнд 70 мянган төгрөг хэрэггүй байж магадгүй. Харин бусдынх нь хувьд энэ бол ахуй амьдралд болон хичээл номонд нь нэмэр болохуйц мөнгө. Хүн, хүний бодол өөр байх. Ер нь 70 мянган төгрөгийн тэтгэлгийг оюутан бүрд олгохгүй биз дээ. Бидний сонссоноор 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй оюутанд 70 мянга 200 төгрөг дээр 30 хувийн урамшуулал нэмж олгоно. 2,8 ба түүнээс дээш голч дүнтэй бол 70 мянга 200 төгрөг олгоно гэсэн. Зарим хүн ярихдаа голч дүн хамааралгүй өдрийн ангийн бүх оюутанд өгнө гэж байна лээ. Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд банкинд нэгдсэн журмаар карт нээлгэсэн гэж дуулсан” хэмээлээ.

Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын тухайд хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын их, дээд сургуульд сурч байгаа гадаадын иргэнд, хоёр улсын Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын сургуульд сурч байгаа Монголын иргэнд тус тус амьжиргааны зардал олгоно. Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид буюу эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчид сургалтын төлбөр олгоно.

“Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургал­тын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын тухайд дотоодын дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шал­галтад 600 ба түүнээс дээш оноотой элсэгчид, голч дүн нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй оюутан зээл авах боломжтой. Мөн хагас өнчин, малчин өрхийн оюутанд, амь­жиргааны түвшингээс доогуур орлоготой өр­хийн оюутанд, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид зээл олгохоор шийдвэрлэжээ. Сонгон шалгаруулах журмын дагуу гадаадын их, дээд сургуульд элссэн оюутанд сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг бакалаврт хоёр жил, магистрантурт хоёр жил, доктрантурт гурван жил хүртэлх хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгох юм байна. Түүнчлэн бакалавр, магистр, докторын зэргийн болон докторын дараах сургалтад хамрагдаж байгаа суралцагчид зээл олгохоор болжээ.

Я.Хулан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж