ОХУ-тай хийх импортын гэрээг ЗГ мэдэлдээ авна гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

ОХУ-тай хийх импортын гэрээг ЗГ мэдэлдээ авна гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Уржигдар бүлгийн хурал оройтож тарсан учир ийнхүү маргааш өдөр нь мэдээлэл хийж буй аж. Намрын чуулган завсарлах хүртэл үлдээд буй богино хугацаанд төлөвлөгдсөн асуудал дотроос юу дутуу байгаа, ямар хуулийн төслийг түрүүлж хэлэлцэх талаар бүлгийн хурлаар голлон хэлэлцсэн байна. Алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн хөнгөлөлт үзүүлэх талаар гишүүн С.Бямбацогт нарын санаачилсан хуулийн төслийг даруй хэлэлцэх ёстой гэжээ.

Холын аймгийн иргэдэд бензин шатахуун, хүнсний зарим бүтээгдэхүүн, тээвэр, цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх талаар уг төсөлд тусгаад байгаа юм. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд урашуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа ч АН-ын бүлгийн гишүүд дэмжээгүй тул цааш явахгүй байгааг МАН-ын бүлгийн дарга хэлэв. Өндөр настны тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл дээр АН-ын зарим гишүүн эсрэг байр сууртай байгаа аж. Валютын ханш, шатахуун, бараа, үйлчилгээний үнийн асуудлыг бүлгийн гишүүд авч хэлэлцжээ. Ганц яаман дээр үнэ зохицуулах ажлын хэсэг байсныг Засгийн газар дээр хороотой болгосон байна. Шатахууны үнийг зоргоороо нэмсэн компаниудыг 10-аад тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч зарим компани шүүхэд хандаад байгаа юм байна. Нөөцийн махны үнийг бүлгийн хурлаар мөн хөндөж ярьжээ. Нефть бүтээгдэхүүний үнэ, нөөцийн асуудал ямар байгааг судлах ажлын хэсгийг МАН-ын бүлэг гаргаж ажилд оруулсан байна. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ болсны дараа хэд хэдэн арга хэмжээг яаралтай авахаар ярилцжээ. ОХУ-тай хийх импортын гэрээг Засгийн газар мэдэлдээ авч жижиглэн худалдааг тендэрт шалгарсан компаниудаар хийлгэхгүй бол байн байн шатахууны гачаалд орж мэдэх талаар гишүүд хэлэлцсэн байна. Харин намрын чуулганаар төсвийн тодотгол хийх эсэх тухай асуудал хөндөгдөөгүй байна.

"Ардын эрх" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж