Алдартай интернет компаниудын ”эцгүүд”

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Алдартай интернет компаниудын ”эцгүүд”

Алдартай интернет компаниудыг үүсгэн байгуулагчид яагаад төслөө орхиж явдаг вэ

1995 онд Дэвид Филтэй хамтран алдарт “Yahoo!” сайтыг үүсгэн байгуулсан Жерри Янг компаниасаа халагдлаа. Их хэмжээний үргүй зардал гаргаж байгаа энэхүү хайлтын системийг “Microsoft” компанид худалдах ажиллагааг Янг бүтэлгүйтүүлсэн нь “Yahoo!”-ийн
хувьцаа эзэмшигчдийн дургүйцлийг хүргэсээр ирсэн. Тэгвэл
интернет-компани байгуулсан зарим нэг нь эсрэгээрээ төслөө ид хөгжиж
байгаа үед нь эсвэл цаашдаа хөгжих найдвар бий болсон үед нь орхин явсан
байдаг. Энэ талаар дор өгүүлсү.

YAHOO!

Consumer Electronics Show Previews Latest Products

Жерри Янг

Yahoo!” –г үүсгэн байгуулж нэгэн үе тус компанийн Ерөнхий
захирлын албыг хашиж байсан Жерри Янг (Jerry Yang) энэ сарын 18-нд
компаниа орхин явах шийдвэр гаргасан билээ. Ийм шийдвэр гаргах болсон
шалтгаанаа тэрбээр “Yahoo!”-оос гадуур өөр төслүүдэд ажиллах
цаг нь болжээ” гэдгээр тайлбарласан юм. Янг 1995 онд Дэвид Фило (David
Filo)-той хамтран үүсгэсэн компанийхаа удирдлагаас гадна “Yahoo!”-ийн бүхий л төслүүдийг орхин гарсан. Тус компанийг эзэмшигчдийн нэг болох “Third Point
хэмээх хөрөнгө оруулалтын сан өдгөө компанийн хувьцааны 38 хувийг
эзэмшсэн хэвээр байгаа Янгийг албан тушаалаасаа огцрохыг голчлон шаардаж
байсан юм. Энэ сангийнхан тус компанийн удирдлагуудыг их хэмжээний
зардал гаргадаг, компанийг муу удирдаж байгаа гэж үздэг. Үүнээс гадна
Янг 2007-2009 оны хооронд Ерөнхий захирлын албыг хашиж байхдаа IT-ийн
аварга “Майкрософт”-д өөрийн бүтээл болох “Yahoo!”-г зарах
ажиллагааг бүтэлгүйтүүлж хувьцаа эзэмшигчдийн дургүйцлийг хүргэсэн
байдаг юм. Тэртээ тэргүй алдагдалтай ажиллаж байсан “Yahoo!”-ийн
хувьцааг борлуулж чадаагүйгээс болж тухайн үед нэгж хувьцааны үнэ нь 10
доллар хүрэхтэй үгүйтэй болж орхисон. Гэтэл цаг сайхан байхад энэ
компанийн хувьцааг гурав дахин өндөр үнээр худалдан авах саналууд ирж
байсан юм.

ТВИТТЕР

Биз Стоун

Твиттер-ийг үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг болох Биз
Стоун (Biz Stone) өнгөрөгч оны зургаадугаар сарын сүүлчээр компаниас
гарч буйгаа мэдэгдсэн билээ. Стоун 2006 онд Жек Дорси (Jack Dorsey),
Эван Уильямс (Ewan Williams) нарын хамт алдарт Твиттер сайтыг
байгуулсан түүхтэй. Эван компанийн үйл ажиллагаанд өдөр бүр оролцдоггүй,
захирлуудын зөвлөлд л багтдаг. Харин Дорси 2011 оноос хойш шинэ
бүтээгдэхүүн, үйлчилгээ санаачлах асуудлыг хариуцан ажилладаг болсон.

Стоун ажлаа орхих болсон шалтгаанаа “Эндээс гарвал өөрийн цагаа
зохистой ашиглаж чадна” гэсэн тайлбараар илэрхийлж компанийн удирдлагад
цаашдаа ч зөвлөгөөгөөр тусалж байхаа амлав. Тэрбээр уран бүтээлийн
захирлын албыг хашиж байсан бөгөөд компанийн залуус цаашдаа бие даан
ажиллуулахдаа шаардлагатай бүхнээр хангагдсан учир өдгөө түүний хэрэг
байхгүй гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан ажээ.

Мэдээж хэрэг, Стоуны тайлбар хэвлэл мэдээллийнхэнд үнэмшил төрүүлж чадаагүй. Гэхдээ эцсийн дүндээ олонх сэтгүүлч Стоуны хувьд Твиттер бол үеэ өнгөрөөсөн төсөл, тэр утгаараа түүнд нэмж хийгээд байх зүйл үгүй тул компаниа орхисон гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

 

ВИКИПЕДИА

Жимми Уэйлс

Жимми Уэйлс (Jimmy Wales) одоогоор Википедиа төслийг орхиогүй байгаа ч алдарт онлайн нэвтэрхий толийн удирдлагад бараг оролцохгүй байгаа. Тэрбээр Википедиа-г эзэмшиж байгаа Викимедиа
сангийн хүндэт тэргүүн. Харин тус сангийн тэргүүний ажлыг буюу өдөр
тутмын үйл ажиллагааг нь Тин Чэнь (Ting Chan) хариуцан явуулдаг.

Гэхдээ Уэйлс интернетэд олон төслийг гардан удирдаж байгаа. Тухайлбал, тэрбээр Викиа компанийг удирддаг. Энэ компани хүмүүст дуртай сэдвээр өөрийн нэвтэрхий толийг үүсгэх талбараар хангадаг юм. Уэйлс Википедиа-г
үүсгэн байгуулсан хэдий ч удирдлагын үйл ажиллагаанд нь оролцолгүй
зөвлөхийн байр сууринаас хандаж тус сайтыг түүний оролцоогүйгээр
чөлөөтэй оршин тогтнох нөхцөлөөр хангахыг хичээж яваа аж.

 

PayPal

Питер Тиль

Питер Тиль (Peter Thiel)-ийн оролцоотой бий болсон төслүүдийг нэрлэнэ
гэвэл багагүй хугацаа орно. Гэхдээ тэдгээрээс хамгийн их амжилтыг
дагуулсан нь PayPal л болов уу.

Питер 1990-ээд оны эцсээр “Confinity” компанийн Ерөнхий захирлаар
томилогдож байв. Уг компанийг Макс Левчин хэмээх Украины цагаач,
программист нээсэн юм. Энэ компанийн анхны бүтээл нь төлбөр тооцооны
хараат бус систем болох PayPal байлаа.

Тилийн PayPal-ыг орхин явсан шалтгааныг тайлбарлахад
амаргүй. 2000 онд тус сайт алдаршиж эхэлснийхээ хэрээр маш их мөнгийг
алдаж байв. Учир нь тэд шинээр бүртгүүлсэн хэрэглэгч бүрийг 10 доллараар
урамшуулдаг байлаа. Ингээд Тиль удалгүй компаниа Х.com хэмээх өрсөлдөгч компанитай нэгтгэн өөрөө санхүү эрхэлсэн дэд Ерөнхийлөгч нь болов. Гэтэл 2000 оны тавдугаар сард Х.com-ын
Ерөнхий захирал Билл Харристай муудалцсаны улмаас энэ албан тушаалаа
орхиход хүрсэн. Хэд хоногийн дараа Захирлуудын зөвлөл Билл Харрисыг ч
огцруулан оронд нь Х.com-ыг үүсгэн байгуулагч Элон Маск (Elon Musk)-ийг томилоход Тильд Гүйцэтгэх захирлын албан тушаал ногдсон юм.

Удалгүй компанийн удирдлагуудын хооронд дахин маргаан дэгдсэний
улмаас Маскийг огцруулж Тилийг буцаагаад Ерөнхий захирлаар нь томилсон.
Тиль компаниа хөгжүүлэхийн төлөө маш их хөдөлмөрлөж, тохиолдсон олон
бэрхшээлийг амжилттай даван туулсаар 2002 онд компанийхаа хувьцааг
хөрөнгийн бирж дээр гаргаж чадав. Хөрөнгө оруулагчид тухайн үед PayPal-ыг
1.2 тэрбум доллараар үнэлсэн байдаг. Тиль хувьцааны арилжаагаар 55 сая
доллар олсныхоо дараа өөр төслүүдийг хэрэгжүүлэхээр компаниа орхин явсан
билээ.

 

“АСЬКА”

1996 онд Израилийн дөрвөн иргэн бие биетэйгээ онлайнаар харилцах зорилгоор нэгэн программыг зохиожээ. Өөрөөр хэлбэл, ICQ
(оросууд “Аська” гэж нэрлэдэг.Орч) үүсгэн байгуулагчид уг нь өөрсдийн
хэрэгцээндээ ашиглах зорилгоор түүнийг бий болгосон юм. Тэр утгаараа тэд
энэхүү программаа хэзээ нэгэн цагт дэлхийн хамгийн алдартай нь болно
гэж төсөөлөө ч үгүй. Харин ICQ-г хэрэглэгчийн тоо нэг саяас
давж эхлэхэд израиль залуус өөрсдийн байгуулсан “Mirabilis” компаниа 407
сая доллараар зарж орхисон юм.

Дээрх залуусын нэг болох Яир Голдфингер 2007 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Аська” төслийг хөгжүүлэхэд тэдэнд 100 мянган

Яир Голдфингер

доллар л байсан гэж дурдсан байв. Мөн түүний хэлснээр, ICQ нь эргэлзээ төрүүлэм аз туршсан төсөл байсан ч “санамсаргүйгээр бизнес болж хувирсан” ажээ.

 

 

 

MAIL.RU

Алексей Кривенков

1990-ээд оны эцсээр Америкийн “DataArt” компаниас хэрэгжүүлж байсан цөөн төслийн ердөө нэг нь л энэхүү Mail.ru байсан юм. Тухайн үед программ хангамж боловсруулах хэлтсийн Ерөнхийлөгчөөр Евгений Голанд ажиллаж байсан бөгөөд энэ л хүн Mail.ru-г үүсгэн байгуулсан. Харин Mail.ru-ийн захирлаар нь Алексей Кривенков ажиллаж байлаа.

Mail.ru-ийн үйл ажиллагааг эхлүүлмэгц эхний дөрвөн сарын
хугацаанд 100 мянган хүн хэрэглэгчээр нь бүртгүүлж тус сайт ч
хандалтынхаа тоогоор Rambler-ын тэргүүлэгч 100 сайтын эхний
тавд багтах болсон билээ. Гэтэл тухайн үед хамтран эзэмшигчид
Кривенковоос удирдлагыг нь булаагаад авчихсан аж. Энэ талаар өнгөрөгч
онд өгсөн ярилцлагадаа Кривенков өөрөө дурсан ярьсан юм. Түүний
хэлснээр, тэр үед захирлуудын зөвлөлөөс “хувьцааныхаа ихэнх хэсгийг
өөрсдөд нь ойлгомжтой менежмент, хөрөнгө оруулалтад зориулах” шийдвэрийг
гаргасан ажээ. Харин үүсгэн байгуулагч маань энэ шийдвэртэй санал
нийлээгүй тул өөрийн хувиа зараад компаниа орхин явсан байна.

Евгений Голанд

Евгений Голанд үүнээс хойш Орост хөрөнгө оруулсандаа сэтгэл дундуур
үлдсэн (Евгений бол Америкийн цагаач юм.Орч). 2009 онд “Файнанс”
сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Тунгалаг бус түншлэгч хамгийн
аюултай” гэсэн үгсээр энэ шалтгаанаа тайлбарлажээ.

Mail.ru-г үүсгэн байгуулсан хүмүүс өөрийн хувиа 2003 он гэхэд бүгдийг нь зарсан байдаг.

 

 

 

ОДНОКЛАССНИКИ

Альберт Попков

Альберт Попков хэмээх программист залуу өөрийн хөрөнгөөрөө “Одноклассники.ру”
сайтыг бүтээж 2006 онд интернетэд нэвтрүүлсэн юм. Тухайн үед тэрбээр
Англид зургаан жил ажиллаад байлаа. Мөн хажуугаар нь Герман, Испани дахь
олон нийтийн сүлжээг бий болгоход хамтран оролцсон байдаг юм. “Одноклассники.ру”
сайт амжилттай ажиллаж эхэлсэн нь түүнийг нутаг буцах шийдвэр гаргахад
нь нөлөөлөв. Эдүгээ тус сайт 45 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа
билээ.

“Одноклассники.ру” сайт ид мандаж байсан тэр л үед Попков
сайтаа орхиж явсан. Тэрбээр сүүлийн жил гаруй хугацаанд удирдлагад нь
оролцолгүй “Сравни.ру” (Сравни – Харьцуул.Орч) хэмээх банк, даатгалын
үйлчилгээгээр дагнах шинэ төсөл дээр ажиллаж байгаа ажээ. Өнөөдрийн
байдлаар, Попков “Одноклассники.ру”-ийн хувьцаа эзэмшигч биш,
захирлуудын зөвлөлд ч багтдаггүй. Өнгөрөгч оны эцсээр өгсөн нэгэн
ярилцлагадаа түүний хувьд төсөл бүр нь хүүхэд шиг нь санагддаг гээд “Би
түүнийг бий болгосон, өсгөсөн. Тэр насанд хүрч ямар нэгэн амжилтад
хүрсэн тул бие даан амьдрах цаг нь болсон” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Аливаа төслийг санаачлагчид хэзээ нэгэн цагт төслөө орхин явдаг
гэх зүй тогтол бий. Учир нь төсөлд оруулсан хөрөнгө мөнгө нь яваандаа
дуусч илүү том төслийг хэрэгжүүлэхэд маш их мөнгө шаардлагатай болдог
билээ. Энэ тохиолдолд тэд багтаа хөрөнгө оруулагчдыг татахаас аргагүйд
хүрдэг. Гэтэл хөрөнгө оруулагчид компанийн ирээдүйн хөгжлийг арай өөрөөр
харж, эцэст нь үүсгэн байгуулагчидтай муудалцах дээрээ тулдаг нь
цөөнгүй. Үүнээс улбаалан үүсгэн байгуулагчид компаниа орхихоос аргагүйд
хүрч өөрсдийн авьяас чадвараа шинэ урсгал чиглэлд зориулж эхэлдэг.

Үүсгэн байгуулагчдын олонх нь өөрийн байгуулсан компаниа үр
хүүхэд шигээ санах нь бий. Ингэхдээ зарим нь хэсэг хугацааны дараа
өөрийн төслөө “насанд хүрсэн” гэж үзэн чөлөөтэй тавьж явуулан гаднаас
зөвлөх үүргийг л гүйцэтгэж байхад зарим нэг нь
(тухайлбал, Жерри Янг)
“хүүхдээсээ” хагацахыг хүсдэггүй. Гэтэл компанийн үйл ажиллагаа уруудан
шинэ соргог санааг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарахаас өмнө
компаниа орхин цаашдаа хэрхэн амжилттай хөгжиж буйг нь хөндлөнгөөс
ажиглаж суух нь зарим тохиолдолд үнэхээр зүйтэй байж мэдэх юм.  

http://uynaa.wordpress.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж