”Төгрөгийн ханшийг хүчээр чангаруулах ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

”Төгрөгийн ханшийг хүчээр чангаруулах ёсгүй”

ОУВС-гийн Вашингтон дахь Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч бөгөөд Ази Номхон далайн газрын хэлтсийн дарга Стивен Барнеттаас шатахууны үнэ болоод ам.долларын ханшийн чангарлын талаар ярилцлаа.

-Энэ сарын 6-нд Монголын нефть импортлогчид шатахууны үнийг 300 төгрөгөөр өсгөсөн. Тэд үүнийгээ төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларснаас болсон гэж тайлбарласан. Та үүнийг судалж үзсэн үү, тэдэнтэй санал нийлэх үү?

-Бид Монголын нефть бүтээгдэхүүний зах зээлийг онцгойлон судлаагүй учраас энэ талаар ямар нэгэн санал дүгнэлт өгөх боломжгүй. Гэхдээ, нэг зүйлийг онцолж хэлэхэд нефть бүтээгдэхүүний олон улсын захын үнэ үндсэндээ ам.доллараар илэрхийлэгддэг бөгөөд тухайн улсын дотоодын зах зээлийн өртөг нь олон улсын захын үнэ болон валютын ханшаас хамаардаг. Тэгэхээр дэлхийн зах зээлийн үнэ, валютын ханшийн өөрчлөлтийг дагаж дотоодын үнэ өөрчлөгдөж байх нь жам ёсны хэрэг юм. Үнэ мэдээж өртөгтэйгээ уялдах ёстой.

-Шатахууны ханш өссөний хариуцлагыг Монголбанк хүлээх ёстой гэж олон бизнесмэн, эдийн засагч үзэж байна. Харин та юу гэж тайлбарлах вэ?

-Би үүнтэй огт санал нийлэхгүй. Бид Монголбанкийг уян хатан ханшийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж ирснийг нь сайшаасаар ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно. 2008 онд төгрөгийн ханш хатуу зохицуулалттай байсан нь Монгол улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралын үндсэн нөхцөл, шалтгаан болсон нь маргаангүй үнэн билээ. Иймд уян хатан ханшийн тогтолцоог үргэлжлүүлэх нь хямрал дахин нүүрлэхээс сэргийлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой байх болно. Төр засгаас төсвийн бодлогыг тодорхойлохдоо хариуцлагагүй шийдвэр гаргасан энэ үед уян хатан ханшийн тогтолцоо онцгой их ач холбогдолтой болж байна. Төсвийн зарлага тоймгүй ихээр нэмэгдэж, эдийн засагт хэт халалтыг үүсгэж байна. Энэ нь инфляцийг хөөрөгдөн, дотоодын илүүдэл эрэлтээр өдөөгдсөн импорт огцом өсч, макро эдийн засагт тодорхой бус байдлыг бий болгож байна. Эдгээр хүчин зүйлс нь төгрөгийн ханшид шууд нөлөөлж байгаа юм. Харин Монголбанк зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмаар төгрөгийн ханш тогтож, хэлбэлзэж байх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа нь зөв үйлдэл.

-Төгрөгийн ханшийг эргээд өсгөхийн тулд Монголбанкнаас ам.долларын нийлүүлэлт хийж байгаа гэж мэдээлсэн. Таныхаар энэ нь хэр хангалттай вэ?

-Гадаад валютын захын хэт савалгааг багасгах зорилгоор валютын интервенци хийхийг бид дэмждэг. Харин ханшийн уналт эсвэл чангарлыг сөрөх зорилгоор хийхийг огт дэмжихгүй. Хэт савалгааг багасгах зорилгоор хийж байгаа интервенци нь ханшийг тодорхой түвшинд барих эсвэл ханшийн уналтаас сэргийлэх зорилготой интервенцээс зарчмын том ялгаатай. Тухайлбал, уян хатан ханшийн тогтолцооны үед эдийн засгийн нөхцөл байдалд гарсан өөрчлөлтийн нөлөөгөөр зах зээл өөрөө ханшийг дээш эсвэл доош болох чигийг зааж өгдөг. Интервенци хэдийд хийгддэг вэ гэхээр зөвхөн валютын нэн том.

“Өдрийн шуудан” 2012 оны 1 дүгээр сар 24 дүнтэй гүйлгээ эсвэл зах зээлийн хэмнэл богино хугацаанд түр алдагдсаны үр дагаврыг зөөлрүүлэх зорилгын үед хийдэг.

-Монгол Улсын хувьд хоёр тэрбум гаруй ам.долларын нөөц нь хэр хангалттай бол?

-Монгол улсын гадаадын валютын нөөцийн одоогийн түвшин нь уян хатан ханшийн тогтолцоог хэвийн хэрэгжүүлэхэд зохистой хэмжээ. Үнэн хэрэгтээ гадаад валютын нөөц ийм өндөр түвшинд хүрсэн нь уян хатан ханшийн тогтолцооны ач тусын нэг. Үүнтэй холбогдуулаад нэг үе ханш уян хатан бус байсан нь хямралд хүргэснийг дахин сануулахад гэмгүй гэж бодож байна. Тэр үед Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах үүднээс валютын их хэмжээний интервенци хийж улмаар гадаад валютын нөөцөө шавхах дөхсөн бөгөөд залгуулаад хямрал бүрмөсөн нүүрлэсэн. Тэгэхээр гол дүгнэлт бол одоо хэрэгжиж байгаа уян хатан ханшийн тогтолцоо нь дахин хямрал гарахаас сэргийлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой. Нэн ялангуяа, төсвийн бодлого 2006-2008 онуудын адил тэлэлт, агшилтын зам руу эргэн ороод байгаа энэ үед илүү чухал болно.

-Ам.долларын ханш Монгол Улсад өсөөд байгаагийн үндсэн шалтгаан нь юу вэ?

-Ер нь эдийн засагчид ханшийн богино хугацааны буюу нэг жил доторх өөрчлөлтийг таамаглахдаа тааруухан байдаг. Өөрөөр хэлбэл, ханшид гарч байгаа богино хугацааны хэлбэлзэл нь зах зээлийн нөхцөл байдал, хүлээлтийн өөрчлөлтийг илэрхийлж байдаг учраас түүнийг ойлгож тайлбарлах нь тун хэцүү. Тэгэхээр төгрөгийн ханшийн огцом сулралтын цаана олон хүчин зүйл байж болно. Тухайлбал, дэлхийн зах зээл бүхэлдээ эрсдлээс зайлсхийх болж, ам. долларын ханш 2011 онд чангарч, еврогийн ханш суларсан зэрэг гадаад хүчин зүйлс, мөн Монгол Улсын төрөөс тодорхойлсон төсвийн бодлогоос улбаатай макро эдийн засгийн тогтвортой байдлын талаар эргэлзээ төрөх болж төгрөгийн ханшийг сулруулах дарамт болсон зэрэг дотоод хүчин зүйлүүд байна.

-Цаашид ямар бодлого, алхам хэрэгжүүлбэл төгрөгийн ханш чангарч, бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах бол?

-Төвбанкнаас төгрөгийн ханшийг хүчээр чангаруулах оролдлого хийх ёсгүй учраас ямар нэгэн бодлого хэрэггүй. Монгол улсад одоо үйлчилж буй уян хатан ханшийн тогтолцоо хамгийн зөв сонголт. Ханш уян хатан байна гэдэг нь төвбанкнаас дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулах эсвэл сулруулах оролдлого хийхгүй гэсэн үг юм. Инфляцийг хяналтандаа байлгах хамгийн шилдэг арга бол хариуцлагаа ухамсарласан төсвийн бодлого хэрэгжүүлэх явдал. Төсвийн зарлагын өсөлт 2011, 2012 онуудад хэт өндөр байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж буй гол хүчин зүйл болж байна. Амьжиргааны өртөг нэмэгдэж байна гэсэн иргэдийн санал гомдол нь үндэслэлтэй бөгөөд Монголбанк гэхээсээ илүүтэй төсвийн бодлого тодорхойлогчдод чиглэх ёстой.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж