Дипломатын мэдээлснээр хориг тавих эцсийн шийдвэрийг сайд нарын уулзалтын төгсгөлд гаргана гэнэ. Өмнө нь Брюссель дэх дипломат эх сурвалжууд Ираны нефтийн болон нефтийн бүтээгдэхүүний импортыг шат дараалан бууруулж авсаар ирэх долдугаар сарын 1 гэхэд түүнээс бүрэн татгалзана гэж мэдээлж байлаа.
Ираны нефтийн импортын ихэнх буюу 68 хувийг Грек, Итали, Испани авдаг бөгөөд Грекийн хэрэглээ нь үүний 35 хувьтай тэнцэж байна. Хэрэв Ираны нефтьд хориг тавих аваас Ормузын хоолойгоор дамжих нефтийн тээвэрлэлтийг хаана гэдгээ Иран өмнө нь хэлж байв. Үүний зэрэгцээ ЕХ-ны орнуудын Гадаад хэргийн сайд нар цөмийн хөтөлбөрийнх нь санхүүжилтийг хаахын тулд Ираны Төв банктай санхүүгийн ажиллагаа хийхийг хязгаарлах шийдвэр гаргах гэнэ.
Тегеран цөмийн хөтөлбөрийнхөө талаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаас татгалзаж байгаа нь энэ хориг арга хэмжээ авах шалтгаан болсон гэж Европын холбоо тайлбарлав. АНУ болон барууны орнууд энхийн атомын нэрийн дор Иран цөмийн бөмбөг бүтээж байна хэмээн сэжиглэж байгаа. Тегеран түүнийг үгүйсгэн цөмийн хөтөлбөрөө тэр чигт нь энхийн гэж хэлдэг. Ираны эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1737, 1747, 1803 ба 1929 дүгээр тогтоолуудын хориг үйлчилж байгаа. Өнгөрсөн сарын эхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираныг зэвсгийн экспортын хоригоо хоёр удаа зөрчсөн гэж үзсэн байв. Аравдугаар сард Европын холбооны Гадаад хэргийн асуудал хариуцсан комиссар Кэтрин Эштон олон улсын зуучлагчид Орос, Их Британи, Герман, Хятад, АНУ ба Францын нэрийн өмнөөс Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн тэргүүн Саид Жалилид захидал илгээн хэлцээрт зуучлагчид яриа хэлцлээ үргэлжлүүлэхэд бэлэн гэсэн байв. Гэхдээ тэрээр Ираны эрх баригчид Ираныг цөмийн хөтөлбөрөө энхийн зориулалттай гэдгийн баталгааг гаргах хэрэгтэй гэсэн байв.
"Ардын эрх" сонин