Өглөөний 11.00 цагийн үед бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн, лавлагаа авах гэсэн, сэргэлэн нэг нь материалаа бүрдүүлээд хураалгах гэсэн хүмүүс тус дүүргийн татварын хэлтэст дугаарлан зогсоно. "Өглөө 09.00 цагт ирсэн одоо болтол ороогүй л байна" гэх нэгэн ч бас байлаа. Яагаад ингэж их дараалал үүссэнийг тодруулахад иргэд “хувь хүний орлогын албан татвар тодорхойлох хуудас” маягтаар тайлангаа гаргаж, дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг. Ирэх сарын 15-ны дотор материалаа бүрдүүлэхийн тулд ачаалал нэмэгдээд байна. Уг нь 2007 оноос хойш хэрэгжсэн хууль юм. Гэтэл иргэд мэдээлэлгүйгээс тэр бүр хөнгөлөлтөө ашигладаггүй байсан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд мэдээлэл сайн хүргэснээс татварын хөнгөлөлт авах гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн онд гэхэд манай дүүргийн 850 гаруй иргэн зөвхөн орон сууц худалдан авсан татварын хөнгөлөлтөө буцааж авсан. Энэ нь өмнөх оныхоос 200 гаруй хүний тоогоор илүү болсон байна. Харин сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг 611 оюутан авсан байгаа юм. Эдгээр тоо энэ жил хэд болж нэмэгдэхийг сайн мэдэхгүй байна” гэлээ.
Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр мэдээлэл тараадаг ч хангалттай мэдээлэлтэй хүмүүс тэр бүр олон байддаггүй бололтой. Дараалал үүсгэсэн хүмүүсийн олонхи нь материлаа дутуу бүрдүүлсэн байдаг юм байна. Мөн иргэд хэтэрхий олон материал шаарддаг юм байна гэж ч гомдлох юм билээ. Хан-Уул дүүргийн III хорооны иргэн н.Болортуяа “Байрны татварын хөнгөлөлтөө авах гэсэн чинь их олон материал бүрдүүлэх юм байна. 15 гаруй бичиг цаас бүрдүүлж, гарын үсэг, нотариат, баримт гээд л их олон бичиг нэхэх юм. Нэгэнт татвараа төлсөн юм чинь чирэгдэлгүйгээр эргээд мөнгөө авдаг болмоор байна шүү дээ. Тэгээд хугацаа нь дөхсөн болохоор ачаалал дараалал нь их байна” гэж гомдоллож байсан юм. Харин тус дүүргийн татварын албаны татварын улсын байцаагч Б.Нямхүү “Орон сууцны хөнгөлөлт эдлэхийн тулд иргэн 15 төрлийн материал бүрдүүлэх шаардлагатай байдаг. Гэхдээ анх удаагаа бүрдүүлэхдээ. Харин цаашид бүрдүүлэх материалын тоо багасч дараа жил нь зургаа болох гэх мэтээр багасах болно. Өнгөрсөн жилийн материалын маягт авах хугацаа дөхөж байгаа учраас ачаалал их байна. Хамгийн гол нь иргэд маягт дээрх бүх материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Иргэдийн дийлэнх нь жижигхэн алдаанаас болж дахин дараалалд зогсох хэрэг гараад байна. Тухайлбал, банкны картын дугаараа буруу бичих, цээж зураг дутуу, материалаа нотариатаар батлуулахгүй байх зэрэг алдаа гаргадаг. Тиймээс маягт дээр бичсэн бүх бичиг баримтыг бүрдүүлж ирвэл чирэгдэл, хүндрэл учрахгүй” гэлээ.
Оюутны төлбөрийн татварын хөнгөлөлт эдлэхээр хүсэлт гаргаж буй эцэг эхчүүд ч мөн дараалалд зогссон байлаа. Баянзүрх дүүргийн иргэн Л.Булган “Би өөрөө Баянзүрх дүүргийн иргэн. Харин миний ажилладаг газар Хан-Уул дүүрэгт байрладаг. Тэгэхээр аль дүүрэгт материалаа бүрдүүлж өгөх талаар лавлахаар зогсч байна” гэлээ. Оюутны төлбөрийн татварын хөнгөлөлт хариуцсан байцаагч С.Гантулгаас тодруулахад “Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэртээ материалаа бүрдүүлнэ. Албан байгууллага нь хаана байх нь хамаагүй. Зөвхөн тухайн иргэн өөрөө оршин суудаг дүүрэгтээ хүсэлт, материалаа бүрдүүлж өгнө. Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд гадаадын их, дээд сургуульд сурч байгаа хүн ч эдлэх боломжтой. Мөн хуулиндаа их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрийн төвд сурч буй оюутан бүр сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой” гэлээ.
Хан-Уул дүүргийн татварын хэлтсийнхний хэлж буйгаар Татварын ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа иргэдэд мэдээлэл хүргэх, татвар төлснөөр иргэд ямар хөнгөлөлт үзүүлэх боломжтойг ойлгуулахын иргэдийн дунд сургалт зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд татварын хөнгөлөлтийн талаар мэдээлэл дамжуулснаар хөнгөлөлтийн талаархи мэдээлэл нь нэмэгдсэн гэж байлаа. Мэдээлэл технологи хөгжихийн хирээр хүмүүсийн мэдээлэл авах сүлжээ нь өөр өөр байдаг. Интернэт, утсаар мэдээлэл авах боломжгүй хүмүүст мэдээлэл өгөх зорилгоор дүүрэг бүрт мэдээлэл өгөх зорилгоор сургалт, хичээл зохион байгуулдаг юм байна.