ЗГ-ын тэргүүн сайд нараа зүтгүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

ЗГ-ын тэргүүн сайд нараа зүтгүүлэв

МАН-ын удирдлагын зүгээс өчигдрийг “зургаан сайдтай болох өдөр” хэмээн хүлээж байсан нь талаар боллоо. Сайд нарын томилгооны талаар Ерөнхийлөгчөөс хариуг нь аваад байнгын хороодоор оруулан үдээс хойш чуулган зарлаад амжуулна гэж. Гэвч сайдад горилогчдод өчигдөр тийм ч таатай байсангүй.

ЕРӨНХИЙЛӨГЧ: ДӨРВӨН “ҮГҮЙ”, ХОЁР “ТИЙМ”

Уржигдар Ерөнхий сайдаас Ерөнхийлөгч рүү сайдад хүмүүсээ томилох тухай албан бичиг илгээсэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр өглөө хариуг нь Ерөнхий сайдад албан тоотоор илгээжээ. Албан бичигтээ “Миний бие өмнө нь хэлж, мэдэгдэж байсанчлан төрийн хууль тогтоох дээд байгууллага УИХ болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх эрх мэдэл бүхий Засгийн газар хоорондын эрх, үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгох, эрх мэдлийн хуваарилалтыг хангаж, хэрэгжүүлэх шаардлагын үүд­нээс Засгийн газрын гишүүнд УИХ-ын гишүүн бус хүнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй.

Мөн хамтарсан Засгийн газрын үед байсан Тэргүүн шадар сайдын албан тушаал шаардлагагүй гэж үзэж буйгаа дахин нотолж байна” гэж. Ингээд зургаан сайдад горилогчдоо хоёрыг нь л хүлээн зөвшөөрч “Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилуулах саналыг УИХ-даа оруулна уу” гэж. Ингэснээр гишүүн биш хоёр нөхөр айх аюулгүй болж дараагийн шатандаа орохоор “ногоон карт” авлаа.

ЕРӨНХИЙ САЙД:  ЗУРГААН “ТИЙМ”

Зургаагаас дөрөвт нь татгалзаж буйгаа илэрхийлсэн Ерөнхийлөгчийн бичгийг авсныхаа дараа Ерөнхий сайд С.Батболд зургаан “тийм” гэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн саналын талаар  “Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөх ёстой. Бүгд хуулийн дагуу хийгдсэн” гэж хариулав. Энэ нь угтаа “Ерөнхийлөгч ямар агуулгатай хариу өгөх нь хамаагүй, хариу өгсөн байхад л асуудал цааш үргэлжилнэ” гэх тайлбар байлаа. Ингэснээр “улаан карт” авсан Монгол Улсын Тэргүүн шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх, Сангийн сайдад нэр дэвшигч Д.Хаянхярваа, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ж.Энхбаяр, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Ц.Дашдорж нар дараагийн шатанд орохоор боллоо.

МАН-ЫГ БҮЛЭГ: ЗУРГААН “ТИЙМ”, ГЭХДЭЭ…

Даваа гаригийн өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар мөн л сайдад нэр дэвшигчдийн талаар ярилцжээ. Оройтож тарсан тул мэдээлэл өгч амжилгүй өчигдөр өгсөн нь энэ. Бүлгийн даргын тайлбараар “УИХ-аас нэр дэвшиж байгаа сайд нарыг дэмжихгүй гэсэн байр суурийг Ерөнхийлөгчийнх” гээд “ Зөвшилцийн хариу бичгээр ирсэн байх. Ямар агуулгатай байх нь хамаагүй. УИХ хуулийн дагуу дараа, дараагийн асуудлаа шийднэ. Манай бүлгийн хурал байнга л ширүүхэн болдог. Санаа оноогоо хэлэлцэж ярилцахдаа ширүүхэн байдаг ч нэгдсэн байр сууринд хүрээд л дуусдаг” гэв.

Мөн хуралдаанаар энэ асуудал­тай холбоотойгоор сайдад нэр дэвшиг­чид­тэйгээ хамт Ерөнхийлөгчийн өрөөнд орж “загнуулсан” даргыгаа нэлээд бу­руут­гасан гэнэ. Харин энэ талаар бүл­гийн дарга Ө.Энхтүвшин “Олон камер зоочихоод өрөөндөө дуудаж ажил хэ­рэг ярих ёсгүй. Яривал өрөөндөө уулзаад ажил хэрэгч байдлаар уулзах ёстой гэдэг байр сууринаас гишүүд шүүмжлэлтэй хандсан. Нэг нь дуудаж ирээд загнаж, нөгөө хэд нь гэрийн даалгавараа хийгээгүй хүүхэд шиг байх хэрэггүй гэж шүүмжилсэн” гэнэ. Өмнө нь сайдад хэн нэр дэвших вэ гэхэд ихэнх нь “би” гэж өөрийгөө нэр дэвшүүлж байсан ч нэрээ дэвшүүлж чадаагүйдээ гомдолтой байсан. МАН-ын бүлгийнхэн “олигтой нэр дэвшигч өргөн мэдүүлсэн бол ийм зүйл болохгүй ч байсан юм билүү” гэж толхилцсон ч эцэстээ өөрсдөө ч УИХ-ын гишүүн тул оронд нь гарах боломжгүй юм чинь энэ саналаа зүт­гүү­лэх нь зүйтэй гэж тохиролцсон бололтой.

АН-ЫН БҮЛЭГ: ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ АДИЛ ДӨРВӨН “ҮГҮЙ”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаан өчигдөр мөн хуралдлаа. Хэлэлцсэн асуудал мөн л МАН-аас санал болгож буй сайдад нэр дэвшигчдийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай. Бүлгээс ямар шийдвэр гарахыг мэдээлэхээс өмнө ямар шийдвэр гаргаж буй нь үндсэндээ тодорхой болж эхлэв. Бүлгийн З.Энхболд нарын гишүүд твиттер хуудсаараа “УИХ гишүүн биш нэр дэвшигч орж ирвэл дэмжинэ” гэх байр сууриа илэрхийлээд энэ талаараа “УИХ хуулиа тогтоодог, Засгийн газар нь түүнийг хэрэгжүүлдэг тул нэг хvн хийж болохгvй ажил шүү дээ” хэмээн тайлбарлаж байв.  Ийн шийдсэн нь ч ёсоор болж АН-ын гишүүд энэ асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хуралд суух шаардлагагүй гэж үзээд тарцгаав.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО: Ж.ЭНХБАЯРТ “ТИЙМ”

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг дэмжих эсэх асуудлыг авч хэлэлцлээ. Сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг Ерөнхий сайд С.Батболд хийсэн юм. Хуралд АН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн З.Энхболд ганцаар ож ирэн АН-ын бүлгийн шийдвэрийг танилцуулав. Тэрээр “УИХ болон Засгийн газрын хяналт байх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн сайд болох гэж байгаа бол АН дэмжихгүй” гэв. Гэсэн хэдий ч байнгын хорооны ирц хүрсэн тул санал хураалт явуулан тус байнгын хорооны 14 гишүүн санал хураалтад оролцсоноос 12 нь дэмжив.
 
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО:  Д.ХАЯНХЯРВААД “ТИЙМ”

Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг томилох эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо хэлэлцэхээр болов. Мөн л адил ирцээ хүргэх гэж нэлээдгүй хүлээсний эцэст хурал эхлэж болох ирцэд хүрэв. Хуралд АН-ын бүлгийн гишүүд суугаагүй бөгөөд МАН-ын гишүүдээс гадна ИЗН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Оюун оролцлоо. Сайдад нэр дэвшигч болон Ерөнхий сайдаас асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд санал хэлэх гишүүн ч байсангүй. Ингээд байнгын хорооны 11 гишүүний долоо нь дэмжиж Д.Хаянхярваад “тийм” гэх үнэлгээг өглөө.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж