“Хордлого судлалын агентлаг байгуулмаар байна”

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Хордлого судлалын агентлаг байгуулмаар байна”

Хордлого судлалын үндэсний төв төрийн бус байгууллагын тэргүүн П.Алиманцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Та хордлогын анхны  мэргэжилтэн.  Тэгэхээр мэргэжлийн хүний хувьд  танд өнөөдрийн агаарын бохирдол, тоосжилт, ашигт малтмалын олборлолтоос үүсч байгаа элдэв өвчлөлийн талаар ярих юм их байгаа байх?

-Монголчууд  өнөөдөр хороор амьсгалж, хор идэж, хор ууж байна. Сүүлийн жилүүдэд  янз бүрийн хордлогын төрлийн өвчлөлүүд нэмэгдэж, тэр хэрээр  ч амиа алдах нь ихэслээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй хорт хавдраар өвчлөгчдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон  байна.  Архинд хордож, амь насаа алдаж байна. Чанарын баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл мэндээ алдаж байна. Тоосжилт бүр хэрээс хэтэрлээ. Эмэгтэйчүүдийн нэгэн эмч зурагтаар ярьж байхыг сонсоход өсөлтгүй жирэмсэн гэдэг оноштойгоор долоо хоногт хоёроос дээш бүсгүй эмнэлэгт ханддаг гэсэн.  Үүнийг сонссод надад үнэхээр харамсалтай санагдсан шүү. Монгол Улсад энэ бүгдээс гарах боломж байхгүй юм биш шүү дээ. Мэргэжлийнхээ хүмүүсийн үгийг сонсоод, тэдэнтэй хамтарч ажиллаад, санаа бодлыг нь ажил хэрэг болгох юм бол асуудлыг даамжруулахгүйгээр шийдэх боломж зөндөө байна. Саяхан би Хордлого судлалын үндэсний төв төрийн бус байгууллагыг байгуулсан. Монгол Улсад хордлого тайлах, хордлого бохирдол судлах мэргэжлийн байгууллага цөөхөн. Тэдэнд туслах, хүмүүст хордлого, бохирдлын мэдээлэл, зөвлөгөө  өгөх, мэргэжлийн судалгаа, шинжилгээг явуулах зорилгоор энэ байгууллагыг байгуулаад байна.

-Та нэгэн эрдэм шинжилгээний бага хурлын үеэр хэлж байсан шүү дээ. Монголчууд сэтгэцийн эмгэгтэй  болж дууслаа гэж?

-Өнөөдөр Монгол Улсад архидалт, мансуурал газар авлаа шүү дээ. Өсвөр насныхан, залуучууд архинд донтож байна. Энд олон хүчин зүйл нөлөөлж байна л даа. Нийгмийн стресс, бухимдал дээрээс нь сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны импорт, үйлдвэрлэл нэлээд өссөн. Архи, согтууруулах ундааны сурталчилгаа ч  үүнд нөлөөлж байна. Залуусын хүндэтгэдэг, залууст үлгэр дууриал болох хүмүүс нь өөрсдөө архи тамхины сурталчилгааг дэмжээд байхаар архины хэрэглээ багасахгүй нь тодорхой. Харин сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч их зөв санаачлага гаргасныг би дэмждэг.  Үнэхээр баяр ёслолыг архи дарсгүйгээр тэмдэглэнэ гэдэг зөв санаа. Үүнийг манай төрийн бус байгууллагаас дэмжиж ажиллах болно.  Нөгөөтэйгүүр агаарын бохирдол иргэдийн сэтгэцэд бас сөргөөр нөлөөлж байна.  Агаарын бохирдол хөрсөндөө шингэж хөрс бохирдож байна. Өнгөрсөн намар Монголд шар өвчний дэгдэлт нэлээд гаарсан. Энэ нь агаарын бохирдолт, ашигт малтмалын олборлолттой холбоотой юм. Хөрс бохирдсоноос ундны ус бас бохирдож байна. Тархины даралт төрөлхийн гажигтай хүүхдүүд олноор төрж байна. Энэ асуудал өнөөдрийн Тавантолгой, Оюутолгойгоос чухал. Магадгүй ярих биш, үр дүнгүй хөтөлбөр хэрэгжүүлж өчнөөн мөнгө төгрөг зарцуулах биш, жинхэнэ ажил хэрэг болгох ёстой. Манай Хордлого судлалын үндэсний төвөөс энэ чиглэлээр нэлээд судалгаа шинжилгээ хийхээр төлөвлөөдбайгаа. Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагуудтай ч бид хамтарч ажиллах болно. Эрүүл иргэдтэй байж л улс орон хөгжинө. Түүнээс архи, тамхинд донтсон,  агаар, хөрс, усны бохирдлоос болж өвчинд баригдсан хүмүүст халамжийн мөнгө тараагаад ч ямар ч ашиггүй. Би боддог юм. Хавтгайрсан халамж тараахаас илүү иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цаг болжээ. Энэ асуудал Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхөөр болчихоод байна шүү дээ.

-Хонгор сумыг хордсон гэдэгтээ та санал нэгддэг. Одоо ч гэсэн та тэгж бодсоор байгаа юу?

-Хонгор сум хордсон. Энэ асуудлыг тухайн үед элдвээр тайлбарлаад, янз бүрээр хаацайлаад өнгөрсөн болохоос биш, Хонгор сум хордсон нь үнэн. Манай Хордлого судлалын үндэсний төвийнхөн уул уурхайн компаниудтай  хамтарч ажилахаар төлөвлөж байна. Уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс  тоосжилт, бохирдолтой орчинд амьдарч байна шүү дээ. Гэтэл уул уурхайн салбарынхан хордлогын талаар ямар ч мэдээлэлгүй байна. Хөдөлмөр, хамгааллын инженер нь хордлогын талаар ямар ч ойлголтгүй сууж байна. Тиймээс уул уурхайд ажиллагчдыг хордлогоос сэргийлэх, мэргэжлээс шалтгаалах өвчний талаар мэдээлэл өгөх бодолтой байна.

-Уул уурхайн компаниуд ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт тэр бүр хамруулдаггүй, хамрууллаа гэхэд өвчний оношийг нь нуун дарагдуулдаг гэсэн яриа байдаг?

-Тийм байхыг үгүйсгэхгүй.  Ер нь Монголд хордлого судлалын биеэ даасан том агентлаг байгуулах хэрэгтэй болжээ. Цацраг идэвхт бодис, архидалт, мансуурал, агаарын бохирдол, хөрс, ус, хүнсний бүтээгдэхүүний бохирдол, химийн бохирдол зэргийг цогцоор нь судалдаг, авч үздэг том агентлаг байгуулахгүйгээр нэг агентлагийн  дотор нэг жижигхэн алба ажиллуулаад ямар ч нэмэргүй байна. Энэ талаар нарийн мэргэжлийн хүмүүсийг олноор бэлтгэмээр байна. Манайхан нүүрсний хор хохирлыг мэддэггүй.  Нүүрснээс химийн маш хүнд төрлийн элемент ялгарч байдаг. Энэ хүнд төрлийн химийн элементүүдээр бид амьсгалаадл явж байна.  Үүнд хяналт тавьдаг, асуудлыг нь шийддэг, мэргэжилтэн бодлогоор бэлтгэдэг, судалгаа шинжилгээ явуулдаг, бохирдсон газрыг нь ариутгадаг, мөн бохирдлын талаарх томоохон лабораторитой биеэ даасан агентлаггүйгээр Монгол Улс бохирдол, хордлогоосоо салж чадахгүй л болов уу.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж