“Мотор”-оо сольцгоох уу, бизнесменүүд ээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Мотор”-оо сольцгоох уу, бизнесменүүд ээ

Сайн “мотор”-той холын замд гармаар байгаа бол санхүүгийн эрх чөлөөг санал болгож байна, Засгийн газар. Магадгүй, дахиад олдохгүй байж болох, эдийн засгийн хямрал далласан эгзэгтэй энэ үеийг өлхөн давахын тулд “мотор”-оо шинэчлэх хүсэлтэй  бизнесийнхэн олон байгаа биз ээ. Тиймээс л мотороо солих боломж дахиад нэг удаа гарч магадгүй нь болохоор санхүүгийн том акул болохыг хүсч байвал өнөөдрийнхөө тайланг өөрчлөх хэрэгтэй болох нь, бизнес эрхлэгчдээ. Санхүүгийн үнэ зөв тайлан гаргадаг болчихвол татварын байцаагчдын өмнө гөлөлзөж, тэднээс айх шаардлага гарахгүй, бас тэд ч хадны мангаа шиг айлгах хэрэг гарахгүй нь тодорхой. “Но”-той тайлан гаргадаг, орлогоо нуудаг бизнес эрхлэгчдийн хувьд  үнэхээр алдаж болмооргүй алтан боломж  юм.

Зөвхөн бизнес эрхлэгчид ч гэлтгүй ажил олгогчдын буруугаас нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй иргэнд ч  энэхүү санхүүгийн эрх чөлөөг эдлэх үүд хаалга нээлттэй байх юм.  2007 онд анх удаа Монголын төр бизнес эрхлэгчдээ дэмжихээр  Татварын өршөөлийн хуулийг баталсан ч тун цөөхөн татвар төлөгч л хамрагдаж чадсан. Гэхдээ тэд  өнөөдөр  санхүүгийн хувьд  томорч, үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр байгаа нь хуулийн ололтыг сэргэгээр хүлээж авсан хийгээд соргог олж харсных нь  зол байв. Тухайн үед монополиудад зориулсан хуулийг баталчихлаа хэмээн хардаж, сэрдэж, өөрт нь хамгийн хэрэгтэй, цаашдынх нь  үйл ажиллагаа нь өргөжин тэлэхэд нэмэртэй хууль батлагджээ гэж харж чадаагүй нэгний, магадгүй энэ талаарх мэдээлэлд хайнга, хэнэггүй хандсан хүмүүсийн хохь болоод өнгөрсөн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг цэвэршүүлж, далд мөнгийг ил болгох, хоёр тайланг болиулахын тул аль ч улс орон бизнес эрхлэгчдээ баярлуулж “сюрприз” барихаар төлөвлөж байна. Өнгөрсөн жилийн сүүлчээр болсон МАН-ын бага хурлынхаа үеэр Ерөнхий сайдын дэлгэсэн “Хөгжлийн мод” хэрхэн ургаж нахиалах нь, Монголын эдийн засаг хэр үр дүн өгөх нь удахгүй бэлэг барихаар төлөвлөж буй санхүүгийн эрх чөлөөнөөс хамаарах юм.

Муу мотортой машин хэзээ нэгэн цагт таг зогсох нь тодорхой. Замын дунд, хөдөө хээр, хүйтэн нойтонд машиных нь мотор цохьчихвол жолоочид хэцүү.  Тэгвэл бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн зөв тайлан мотор нь байдаг. Харин улс орны хөгжлийн мотор нь бизнес эрхлэгчид нь. Тийм ч учраас Засгийн газраас их бүтээн байгуулалтыг өрнүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих бодлогыг нэн тэргүүний зорилтоо  болгочихож. Энэ зорилт нь харин хөрсөн дээр бууж, жинхэнэ утгаараа хэрэгжиж чадвал жижиг дунд үйлдвэрийнхэн санхүүгийн зах зээл том акул бол тодрох боломж олдоно гэсэн үг. Үйлдвэрлэлээ өргөжүүлж, Монголын гэх үндэсний томоохойн үйлдвэрлэгч болохын тулд юуны өмнө санхүүгийн зөв бүртгэл тооцоотой байх учиртай. Үнэндээ өнөөдөр ихэнх аж ахуйн нэгж, иргэд санхүүгийн буруу бүртгэлтэйгээсээ болж “буруу замаар будаа тээж байгаа”. Санхүүгийн тайлан тооцоо нь асуудалтай, “но”-той аж ахуйн нэгж хэзээ ч санхүүгийн том “акул” болж чадахгүй гэдгийг Ерөнхий сайдын зөвлөх, эдийн засагч Б.Лхагважав өгүүлсэн. Монгол Улсын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ өнөөдрийн байдлаар 3000 ам.долларт хүрсэн, энэ онд бүр 5000 ам.доллартхүрнэ гэсэн тооцоог Сангийн яам хэдийн гаргачихаад байгаа. ДНБ-ий хэмжээг тооцоолж  гаргахын тулд дөрвөн үзүүлэлтийг авч үздэг, нэгдүгээр, борлуулалт, үйлдвэрлэл, хоёрдугаарт, хувийн хөрөнгө оруулалт, гуравдугаарт, төсвийн зардал, дөрөвдүгээрт, экспортын цэвэр орлогоор энэ үзүүлэлтийг дүгнэж гаргаж ирдэг.  Манай улсын хувьд ДНБ-ий өсөлтөд хамгийн их нөлөөлдөг үзүүлэлт нь экспортын цэвэр орлого. Тиймээс экспортоос орж ирж буй цэвэр орлогыг 2012 оноос борлуулалт, үйлдвэрлэлт, хувийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа бөгөөд эдийн засагт маш  чухал шаардлагатай энэ арга хэмжээг авахын тулд  аж, ахуйн нэгж иргэн бохир тайлангүй байх учиртай юм байна. Татвараас бултдаг, зугатдаг, бохир тайлантай аж ахуйн нэгжүүд санхүүгийн эрх чөлөөг эдлэх боломжгүй. Өнгөрсөн онд болсон аж ахуйн нэгжийн тооллогоор 27 мянган аж ахуйн нэгж байдаг гэсэн судалгаа гарсан. Эдгээрийн ихэнхийнх нь санхүүгийн тайлан булингартай гэдэгт эргэлзэх шаардлага ч гарахгүй биз. Тэгэхээр эдийн засгийн гол мотор болсон  санхүүгийн бүртгэлийнхээ эвдрэлийг засч чадахгүйгээр холын замыг туулж дөнгөхгүй гэдгээ Монголын төр ухаарчээ. Тиймээс л бизнес эрхлэгчдэд “мотор”-оо засч, шинэчлэх боломж олгохоор төлөвлөсөн бололтой.

2004-2008 онд Монгол Улс дөрвөн 10-ын татварын бодлогыг хэрэг­жүүлсэн. Мөн Татварын өр­шөөлийн хуулийг гаргасан. Үүний үр дүнд Монгол Улс 2008-2009 оны хямралыг харьцангуй хүндрэл багатайгаар даван туулсан хэмээн эдийн засагчид дүгнэдэг. Гэхдээ 2008 онд УИХ-аас баталсан Татварын өршөөлийн хуульд нийт аж ахуйн нэгжийн дөнгөж хоёрхон хувь, татвар төлөгч 750 мянган иргэнээс ердөө 2200 иргэн хамрагдсан гэдэг. Хэдийгээр хямралын үед Монголын төрөөс татварын салбарт хэрэгжүүлсэн бодлого нь маш зөв байсан ч харамсалтай нь тэнцвэргүй хэрэгжүүлсэн. Дээрээс нь зургаан сарын дотор хэрэгжүүлэх ёстой хууль гаргачихаад байхад тухайн үеийн Сангийн яамныхан дөрвөн сарын дараа л журмыг нь боловсруулсан гэх шүүмжлэл одоо ч тасардаггүй. Татварын өршөөлийн хуулиар “мотор”-оо сольсон аж ахуйн нэгжүүдийн ачаар татварын орлого өнөөдөр 150 хувиас буухгүй байгаа. 2009 онд нийт борлуулалт 10 их наяд 900 тэрбум төгрөг болсноос 3,8 их наяд төгрөг нь татварын өршөөлд хамрагдсан компаниудийнх. 2010 онд нийт борлуулалт улсын хэм­жээнд 16,4 их наяд төгрөгт хүрсний 4,6 их наяд нь нөгөө л “мотор”-оо сольсон компаниудын ашигтай ажилласан орлого юм байна. Эн­дээс харахад “мотор”-оо сольсон компаниуд ашигтай ажиллаад байгаа бол эвдэрхий “мотор”-той байгаа компаниудын орлого буурсан. Зарим санхүүгийн бохир тайлантай, “мотор” нь эвдэрхий машин  замаас цаг хугацааны явцад дампуурсны нэг илрэл нь 2009 онд 50 орчим мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдөр 27 мянга болтлоо буурсан явдал. Засгийн газраас “Хөгж­лийн мод” төвтэй  санхүүгийн эрх чөлөөг эдлүүлэхийн тулд энэ оноос төлсөн НӨАТ  50 хувийг нь буцааж асуудлыг хэлэлцэж байгаа гэсэн. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав “Санхүүгийн эрх чөлөөг  жижиг, дунд гэлтгүй олгох гээд байгаа ч учиртай. Төр бүх иргэн аж ахуйн нэгжид тэгш гарааны нөхцөлийг бүрдүүлж, өрсөлдөөнийг бий болгох ёстой юм. Энэ  боломжийг энэ онд багтаан эдүүлэх болно. Өнөөдөр Монголын эдийн засаг зад­гай мөнгөн дээр эргэлддэг байсан үеийнх шигээ биш болсон. Ирэх жилүү­дэд маш том мөнгөн дүнтэй зах зээл рүү  орох болно. Энэ зах зээл рүү том жижиггүй л шургалах хэрэг­тэй байгаа юм” хэмээн ярьж бай­на. “Хөгжлийн мод”-ыг үндэс бол­сон бизнес эрхлэгчид  цэвэр тай­лан гаргахгүйгээр дахиад хэзээ ч тол­гойгоо өндийлгөж чадахаа больж магад­гүй нь. Тиймээс жижиг дунд үйлд­вэрүүд санхүүгийн эрх чөлөөг эд­лэхийн тулд эдвэрхий “мотор”-оо одоо­ноос  хог дээр хаяж таарах нь дээ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж