“Нефтийн нөөцийг 3-6 сараар бүрдүүлэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Нефтийн нөөцийг 3-6 сараар бүрдүүлэх ёстой”

Валютын ханшийн чангаралтаас үүдэлтэйгээр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш өсч, энэ нь эргээд иргэдийн амьдралд дарамт учруулж, үнийн хөөрөгдөл бий болгосон тул УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Ажлын хэсэг бүх талыг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж, тодорхой саналуудыг дэвшүүллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг дотооддоо газрын тосны боловсруулах үйлдвэргүй, гадаадаас хараат байгаа нөхцөлд нефтийн бүтээгдэхүүний нөөцийг гурваас зургаан сарын хугацаатайгаар бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Одоогоор Монголын төр хоёр компанитай гэрээ байгуулан нефтийн бүтээгдэхүүн нөөцөлж эхлээд буй. Гэхдээ тэр нь тав зургаан хоногийн л нөөц. Ийм нөхцөлд гадаадаас энэ төрлийн бүтээгдэхүүнээр 100 хувь хараат орон нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг дотооддоо тогтвортой барих боломжгүй гэж үзлээ.  Хоёр дахь асуудал нь нефть импортлогч компаниудыг цөөлөх шаардлагатай. Олон компани нефтийн бүтээгдэхүүн импортолж байгаагаас бие биетэйгээ уралдан өрсөлдөхөд хүргэдэг. Эргээд энэ нь гадаадынхны өгөөш болоход хүргэж байгаа. Тиймээс “Роснефть” зэрэг ОХУ-ын төрийн өмчит компаниудтай Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, аль эсвэл холбогдох сайд нь хэдий хэмжээний нефтийн бүтээгдэхүүн импортлох вэ гэдгээ хэлэлцэж, тохиролцдог болох. Мөн дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурахад “Роснефть” компани бууруулахгүй явж ирсэн.  Бууруулах талд Засгийн газар ярилцах. Монголбанкны хувьд валютын ханшийг тогтвортой байлгах талд ажиллах. Нефть импортлогч компани валют хүсэхэд шаардлагатай үед нь гаргаад өгчихдөг байх. Үндэсний компаниудын хувьд маш өндөр хүүтэй зээлээр бизнес эрхэлдэг. Ийм үед валютын ханш чангарах нь эргээд сөрөг үр дагавар дагуулдаг. Тиймээс нефть бол стратегийн чухал бүтээгдэхүүн гэдэг талаас нь харж, энэ талын зохицуулалт бий болгох шаардлага байна гэлээ.

Нөгөөтэйгүүр, нефть импортлогч компаниудаас хариуцлага шаардах цаг болсныг ч санууллаа. Учир нь зах зээл дээр валютын ханш чангарангуут түүнийг далимдуулан компаниуд нэгэн зэрэг нефтийн бүтээгдэхүүний үнийг нэг өдрийн дотор Улаанбаатар хотын хэмжээнд шууд литр тутамд нь 260 төгрөгөөр өсгөж байгаа явдал нь үгсэн хуйвалдаж байна гэж үзэхээс аргагүй байгаа. Мэргэжлийн байгууллагууд ч нефть импортлогчид үгсэн хуйвалдаж, үнээ үндэслэлгүйгээр хэт өндөр нэмсэн гэдэг дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтэд үндэслээд тэдгээр компаниудыг торгосон шиг торгох. Өмнө нь нефть импортлогч компаниудад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас торгууль ногдуулсан ч түүнийгээ одоо хэр нь төлөлгүй шүүхээр явж буй. Энэ бол зохисгүй үйлдэл, хэрвээ шүүхийнхийг өөрсдийн талд шийдвэр гаргуулан хахуульдана гэж байгаа бол УИХ-аас баталсан хуулийн хүрээнд боломжгүй зүйл болон хувирч буйг ч санууллаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн З.Энхболд “Нефть боловсруулах үйлдвэрийг байгуулах талд шуурхайлах. Хэрвээ байгуулж чадахгүй бол холбогдох сайд нь албан тушаалаасаа огцрох. Монголбанкны хувьд валютын ханшийг тогтвортой байлгаж чадаагүй учраас ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулна. Ер нь төв банкны ерөнхийлөгчийг огцруулах болсон нь нэг талдаа тус банкинд ажиллаж байсан н.Дэлгэрмаа гэгчийн ашиг хонжооноос үүдэлтэй гэдгийг ч тэрбээр онцоллоо. З.Энхболд гишүүн хэлэхдээ “Монголбанкны н.Дэлгэрмаа бол валютын ханшийг хөдөлгөж, ашиг олдог нөхөр. Түүнээс болж өмнө нь төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан бол энэ удаад Л.Пүрэвдорж болох гэж байна. Энэ мэт хариуцлагагүй нөхдөөс салах ёстой” гэсэн юм. Харин төв банкны холбогдох албан тушаалтны хэлснээр бол н.Дэлгэрмааг гурван долоо хоногийн өмнө ажлаас нь чөлөөлжээ.

Түүнчлэн нефть импортлогч компаниудыг үгсэн хуйвалдаж үнэ өсгөсөн гэдэг үндэслэлээр 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулаад буй. Торгуулийг худлаа төлөх ёсгүй, үнэн зөвөөр төлөх ёстой. Дээр нь УИХ-аас Засгийн газарт шилжүүлсэн Онцгой албан татвар, Гаалийн татвар зэргийг нягтлах. Ингэхдээ нефтийн бүтээгдэхүүний үнэ хэд болоход эдгээр татваруудыг ямар байдлаар хөдөлгөж байв гэдгийг нарийн нягтлах. Нарийн нягтлахгүй бол үүний цаана юу ч нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар дээрх татваруудыг тэглэснээр одоо нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд арга хэмжээ авах механизмгүй болоод буй. Тиймээс энэ бүхэнд дүгнэлт хийх цаг болсон гэдгийг гишүүн З.Энхболд онцолсон юм. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж