
Учир нь “Сити тойлет”-н үндсэн зорилго нь нийтийг бие засуулах явдал. Гэтэл одоо бас нэгэн үүрэг нэмэгдсэн нь даарсандаа “хөлдөх” шахсан ард түмнийг дулаацуулах их үйл хэрэг бүтээж байна. Арга ч үгүй биз гадаа -30 хэм гарч хүйтэрч байхад харин “Сити тойлет”-д халуун паар үлээж их л “тухтай”. Тиймээс л ард түмэн бие засах газар бараадан дулаацаж байна. Үйлчлэгчийн хэлж буйгаар “Миний үр хүүхдээс ялгаагүй болохоор хөөгөөд байж чаддаггүй юм, угаасаа ийм газар хөөгдөн хөөгдөөд зогсох оюутан хүүхдүүдэд хэцүү л байгаа даа” гэх.
63 сая төгрөгийн өртгөөр боссон нийтийн бие засах газар өглөөний 8 цагаас оройн 22 цаг хүртэл ажиллаж байна. Одоогоор нэг хүнд 200 төгрөгөөр үйлчилж байгаа. Орлогын хувьд байрлалаас хамаарч харилцан адилгүй байгаа гэнэ. Тухайлбал хотын төвд буюу УБИС-ийн дэргэдэх “Сити тойлет” үйлчилүүлэгч ихтэйн дээр дараалал үүсэх тохиолдол цөөнгүй. Өдөрт 60-65,000 төгрөгийн ашигтай ажилладаг ажээ. Баруун дөрвөн замын автобусны буудлын хажууд байрлах салбар нь өдөрт 30 мянган төгрөгийн орлоготой. Энэ 150 орчим хүн үйлчлүүлдэг гэсэн үг. Нэг 00-д хоёр үйлчлэгч, хоёр хамгаалагч ээлжээр ажилладаг гэнэ.