Д.Хаянхярвааг Сангийн сайдад дэвшүүлснийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярвааг Сангийн сайдад дэвшүүлснийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг нэр дэвшүүлсэн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжлээ. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцэн дэмжихийг хүссэнээр ийнхүү ёсоор болголоо. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нь 1960 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн байна. Барилгын инженер хийгээд эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засагч мэргэжлээрээ дагнан төрийн албанд ажиллаж байгаад 2000-2008 он хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын алба хашсан. 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон, 2010 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллах болсон. Д.Хаянхярвааг Сангийн сайдад нэр дэвшүүлэхдээ ажлын туршлага, ур чадвар, ажил хэрэгч чанар зэрэг үзүүлэлтийг гол болгосон гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танилцуулгынхаа үеэр онцолж байлаа.

Харин хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн С.Оюун Байнгын хорооны хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд байхгүй байгааг хэлж, магадгүй дараа нь хурал горимоороо яваагүй гэдэг ч юм уу асуудал үүсч мэдэх талтай тул, ирц бүрдэхийг харах шаардлагатай байна гэсэн юм. Харин хурал зохион байгуулагчдын зүгээс “УИХ-ын Төсвийн байнгын хороонд харьяалагддаг УИХ дахь Ардчилсан намын гишүүд болох Ц.Сэдванчиг, Д.Ганхуяг нарын хувьд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй хэлэлцүүлэгт оролцож байгаа. Сайдад нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар ямар нэгэн хэлэх зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс хуралдааныг эхлүүлэх боломжтой гэж үзэж, дээрх хурлыг эхлүүлсэн юм. Энэ үеэр Сангийн сайдад нэр дэвшигчээс асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй шууд л гар өргөн дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд асуудлыг оруулахаар болж шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Хаянхярваа, Ч.Улаан, С.Оюун, Д.Дамба-Очир, С.Хүрэлбаатар нар оролцлоо. Харин хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир даргалав.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж