Маргаашнаас нөхөн төлбөр шаардах төв ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Маргаашнаас нөхөн төлбөр шаардах төв ажиллана

Улаанбаатар хотын утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буй нийт иргэдэд хандан “Ирээдүйн хот” төрийн бус байгууллагын гишүүд мэдэгдэл хийлээ. Уг хуралд “Хатагтай” эмнэлгийн их эмч АУ-ны доктор А.Отгонболд, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, үүсгэн байгуулагч Р.Саран, байгууллагын хуулийн зөвлөх Р.Дашболд нар оролцов. Энэ байгууллагын гишүүд нь нийслэлийн уугуул бөгөөд нийслэл хотын ирээдүйн хөгжлийн төлөө сэтгэл нэгдээд гурван жил болжээ.

Тэд “Нийслэл Улаанбаатар агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. Үүнийгээ дагаад агаарын бохирдлоос болж өвчин тусах эрүүл мэндээрээ хохирох явдал ч мөн адил ихсэж байна. Дунд орлоготой гэр бүлийн төсвийн 25-30 хувь нь зөвхөн эм худалдан авах, эмнэлэгт үзүүлэх төлбөрт зарцуулагдаж байна. Гадаадын жоншны уурхайд л илэрдэг уушигний чулуужилт гэдэг өвчин одоо Монголд оношлогдож байна. Харин “аюултай аюултай” гэсээр байгаад сүүлдээ бидэнд энэ үг нь дасал болоод аюулгүй болон хувирах вий. Хотын иргэд ч энэ бүхэнд чих нь нэгэнт “дөжирчихсөн”. Харин одоо нийслэлчүүд сэрэх цаг нь болсон. Төр долоон сарын 1-ний жишээгээр төр нэг хүний амийг 50 сая төгрөгөөр үнэлдэг. Гурван жирэмсэн эмэгтэйн нэг нь өсөлтгүй, амьгүй ураг тээж байна. Европын нэгдсэн улсын хуулинд хэрэв зүрх нь цохилж байгаа л бол хүн гэж үздэг. Тэгвэл энэ агаарын бохирдлоос болж амьгүй болсон ураг, түүний ээжид төр тавин сая төгрөгийн нөхөн төлбөр өгөх ёстой” гэв.

“Ирээдүйн хот” байгууллага ард иргэдэд туслаж агаарын бохирдлоос болж өвдсөн л бол нэхэмжлэл гаргахыг уриалж байна. Эрүүл мэндийн нөхөн төлбөрөө Засгийн газар болон төрөөс нэхнэ гэнэ. Маргаашнаас ”Хатагтай” эмнэлгийн 101 тоотод нөхөн төлбөр шаардах төв ажиллаж эхэлнэ.       
        

                       Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж