“Орж ирсэн валют импортын бараа болчихдог”

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Орж ирсэн валют импортын бараа болчихдог”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг шатахууны үнийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгууллаа. Түүнд УИХ-ын гишүүд, Монголбанк, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, нефть бүтээгдэхүүн импортлогч компаниуд, эрдэмтдийн  төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлж, үгээ хэлцгээсэн юм. Нээлттэй сонсголыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг даргалан явууллаа.

Хэлэлцүүлгийн гол сэдэв шатахуун, бараа үйлчилгээний үнийн өсөлт, түүнийг зохицуулах тухай байсан юм. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл жилийн жилд шатахууны үнийн өсөлт бусад бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэх шалтгаан болдгийг анхаарч зөв шийдвэр гаргаж чадахгй байгаагаас ий байдал үргэлжилдэг хэмээж байлаа. “Оны эхнээс эхэлсэн валют, шатахууны үнийн өсөлтөөс болж бусад зүйлийн үнэ нэмэгдсэн. Үүнээс болж хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг хэн барагдуулах вэ. Монголын 2,7 сая хүн ам үнэ нэмэгдсэнээс хойш хэдэн кг гурилыг хэчнээн төгрөгөөр авч хэрэглэсэн гэдэг тоог гаргаж болно. Гагцхүү үнэ өссөнөөс иргэдийн хүлээсэн хохирол хэзээ ч барагдалгүй үлддэг. Үүнийг зохицуулах механизм ч байхгүй” гэж П.Алтангэрэл гишүүн хэлж байлаа. Гишүүн Д.Ганхуяг “Монголд шатахууны жижиглэнгийн худалдаа хийх нь ашиг багатай. Бөөний худалдаан дээр өрсөлдөж байна. Шатахууны 60 орчим хувь нь бөөний худалдаагаар явдаг. БНСУ, Япон зэрэг нефтьгүй орнуудын туршлагаас үзвэл Кувейт зэрэг орны Засгийн газартай гэрээ байгуулсны дараа компаниуд нь очиж худалдаа хийдэг. Манайд бол компаниуд өөрсдөө гэрээ, худалдаагаа хийдгээс үнийг дур зоргоор нэмэх шалтгаан үүсдэг” гэж байв. Гишүүн Батж.Батбаяр импортлогч хэдэн компани, Газрын тосны Хэрэг эрхлэх газар зэрэг цөөхөн газрын мэдэлд шатахууны үнэ орсныг хэлж энэ салбарт эрчимтэй шинэчлэлт хийх хэрэгтэй болсныг сануулав. Түүний олж мэдсэнээр Наушки дээр тонн нь 1000-1200 төгрөгийн ханштай шатахуун Улаанбаатарт ирэхдээ 1800-2000 төгрөг болж бүтэн нугардаг аж.  “Сэлэнгийн Сүхбаатараас Улаанбаатар хүртэлх 300 гаруйхан км-т ийм их үнэ нэмэгдэх шалтгаан юу вэ. Экспортын татвар гэсэн зүйлийг ярьдаг. Ханган нийлүүлэгчидтэй хуйвалдаад экспортын татвар гэж зүйл тавиулаад хувааж авдаг юм биш биз. Нефть бол онцгой бараа. Бүх юмны үнэд нефтийн үнэ нөлөөлдөг. Ийм өндөр үнэтэй шатахуунаар 1000 км-ийн цаанаас зөөж ирж байгаа мах нийслэлд үнэтэй байлгүй яах юм бэ. Экспортын татварыг импортлогч тал төлөх ёсгүй” гэхчлэн Батж.Батбаяр гишүүн байр сууриа илэрхийллээ

НИК-ийн гүйцэтгэх захирал н.Халиунбат “Монголын нефть импортлогч компаниуд ОХУ болон бусад оронтой “хил үнэ” гэдэг ойлголтоор ажилладаг. Хилээс дотогш бүх зардлаа Монголын тал даадаг. Далан жил ингэж ажиллаж байгаа. Энэ нь нийт барааны үнийн 85-86 хувийг бүрдүүлдэг. Үйл ажиллагааны зардал наймаас арван хувь байдаг. Ингээд компаниуд дөрвөөс таван хувийн ашигтай ажилладаг” гэж байлаа. Экспортын татварыг ОХУ-ын тал төлдөг ч үүнийгээ ямар нэг хэмжээгээр шатахууны үнэндээ шингээдгийг нуусангүй. Монголын жилийн нефть бүтээгдэхүүний хэрэгцээ 1,1 сая тонн юм байна.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлснээр Монгол Улсад 2011 онд 20 тэрбум ам.доллар эргэлджээ. Гэхдээ Монголд үлдэж байгаа нь 200 сая ам.доллар. Орж ирсэн валют импортын бараа болчихдог. Монголд импорт нь экспортоос давдгаас Монголд үлдэх валют өмнөх жилээсээ улам бүр буурсаар байна гэсэн юм.

Газрын тосны Хэрэг эрхлэх газрын албаны дарга н.Магсаржавын хэлснээр нийт шатахууны 70 хувийг дизелийн түлш эзэлдэг байна. Гишүүд шатахууны 60 хувийг бөөний үнээр борлуулдаг гэснийг тэрбээр үгүйсгэж автобензинийг дан жижиглэнгээр борлуулдаг. Харин дизель түлшний 60 хувийг бөөнддөг гэсэн юм.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн газрын тосны бүтээгдэхүүн импортлогч болон жижиглэн худалдааг салгах замаар борлуулагчдын дунд өрсөлдөөн бий болгох, газрын тосны борлуулалтын үнэд хяналт тавих арга механизмыг өөрчлөх шаардлагатай, зээлийн хүүгийн тодорхой хувийг зардалд шингээж зардлыг нормчлох, нефть импортлогч компаниуд Арилжааны болон Монголбанктай валютын ханшийг урт хугацаанд тогтвортой хадгалах чиглэлээр валютын свал хэлцэл хийх, нүүрс боловсруулж шатахуун гаргах үйлдвэр байгуулах, нефть боловсруулах үйлдвэрийг яаралтай байгуулах, газрын тосны хуулийг шинэчлэн найруулж батлах, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах гэх зэрэг санал дэвшүүлж байгаа аж. Ажлын хэсэг саналаа байнгын хороо, чуулганы нэгдсэн хурадаанаар хэлэлцүүлэх юм байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж