“Занаду Майнс” 500 мянган долларын хувьцаа гаргана

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Занаду Майнс” 500 мянган долларын хувьцаа гаргана

Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Занаду Майнс” компани Амгалант болон Аргалант Уул зэсийн хайгуулын төслийн талбайд хайгуул хийх явцдаа Оюутолгойн орд газарт ажиглагдсантай төстэй олон тооны, томоохон хэмжээний геофизикийн аномали илрүүлсэн бөгөөд тэдгээр нь гүний порфирийн эрдэсжилтийн шинжтэй илрэлүүд байжээ. Зэс, алтны нөөц илрэх өндөр магадлалтай хэсгийн энэхүү хайгуулын хоёр лицензийг худалдаж авахад зориулж тус компани эхний ээлжинд 500 мянган долларын хувьцаа гаргахаар төлөвлөжээ. Өмнө нь төдийлэн хайгуул хийгдэж байгаагүй талбайд хэрэгжиж буй эдгээр төсөлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа “Занаду Майнс” 80 хувийг нь худалдаж авах эрхтэй болох юм байна. Эдгээр талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг 2008 онд анх олгохдоо 9 жилийн хугацаатай олгожээ. Иймээс хайгуулын ажил цааш таван жил үргэлжлэх боломжтой юм.

Энэхүү хоёр талбай нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах бөгөөд Оюутолгойн ордоос зүүн хойшоо 110 км зайд, Цагаансуварга зэс-молибдений ордын зэргэлдээ оршдог байна. Амгалантын төсөл нь 109 км квадрат, Аргалант Уулынх нь 895 ам км  талбайг хамардаг байна.

“Занаду Майнс” компанийн хувьд 2005 оноос Монгол дахь үйл ажиллагаагаа эхэлсэн хайгуулын компани юм. 2010 оны арванхоёрдугаар сард Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа бүртгүүлсэн нь Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх хөрөнгө босгох зорилготой байсан юм. JORC стандартаар нөөц баялгийг нь тогтоосон Галшар, Хар тарвагатай гэсэн дулааны нүүрсний хоёр ч ордтой юм.

Н.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж