“Инсбрук-2012” өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Инсбрук-2012” өндөрлөв

Монголын цаначин хүү, тэшүүрчин охин хоёр тэмцээнээ дуусгалаа. Эхлээд Дандарын Өсөхбаяр “Зифельд арена” цогцолборт болсон 1.2 км спринт уралдаанд өрсөлдөж, 50 тамирчнаас 48-р байр эзэлж, ардаа Иран, Македоны цаначдыг орхив.

Тэшүүрийн зайд цана хөлөглөж, тэшин уралддаг энэ төрлийнхөн эхлээд 32 шилдгийг шалгаруулан, дараа нь дөрөв дөрвөөр нь хэсэгчилж, түрүүлсэн тамирчид медалийн төлөө өрсөлдөхөд А.Мольден (Норвеги), М.Цебулла (Герман), А.Селянинов (ОХУ) нар тэргүүлсэн байна.

ЦАНЫН ӨСӨХӨӨ, ЦАГААН ОЛИМПИЙН ӨСӨХӨӨ

Ийнхүү үндэсний бөхийн даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, уулын спортын гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр нарын адил Борнуурын 17 настай, цаначин борхүү Дандарын Өсөхбаяр эх орноо төлөөлөн “Инсбрук-2012”-д оролцсон цорын ганц “зандан хүлэгтэн”-ээр тодорч, цаашдаа “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д өндөр амжилт гаргахаар зориг шулуудлаа.

 “Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь ба олимп” гэж…

ОРДОНГҮЙ Ч ОЛИМПДОО УРАЛДСАН НЬ

Харин гүйлтийн тэшүүрчин, 16 настай Алтантулга овогтой Энх-Ариун бөөн гараатай найман тойргийн уралдаанд шандас сорьж, тэр бүү хэл таван тойрог салхийг авч тэргүүлж явсан боловч барианд 26 тамирчнаас 20-р байрт (6 минут, 38.7 секунд) оров.

Гэхдээ түүний ард тойргоо гүйцээгээгүй, замдаа техникийн алдаа гарган унасан Итали, БНХАУ, Норвеги (2), Казахстан, Голланд улсын тэшүүрчид бичигдлээ.

Дээвэртэй мөсөн гулгуурын ордонгүй нөхцөлд бэлтгэл хийдэг А.ЭнхАриун охин мөн л өвлийн спортынхны шинэ үеийг шинэ оргил өөд уриалан дуудлаа. Тус зайд С.Де-Нилинг (Голланд) 6 минут 01.06 секунд, Жан Сү-Жи (БНСУ) 6.01,13, С.Кикүчи (Япон) 6.01,24 амжилтаар медалийн тавцанд хөл тавьсан ажээ.

АНГЛИЧУУДЫН АЗЫН МЕДАЛЬ

“Лондон-2012” олимпийн эх нутгийн англичууд арайхийж 1 мөнгө, 1 хүрэл медаль шорт-трекийн төрөлд хүртэв. Ж.Барруос, А.Жемаль нар олон улсын гулгалтын холимог багийн бүрэлдэхүүнд багтан, Солонгос, Хятад, Украин хүүхдүүдийн ачаар хамтын медаль хүртсэн нь энэ.

“ЭЛЧИН САЙДАА” ОРХИЖ, ТАМИРЧИН ХУВЦСАА ӨМСӨНӨ

ОУОХ-ноос томилсон “Олимпийн элч төлөөлөгчид” ирээдүйн залуу ододтой идэвхитэй ажиллаж, үлгэр дуурайлал үзүүлсээр байна. АНУ-ын уулын цанын од, олимп, дэлхийн гурван удаагийн аварга, 27 настай Линдсей Вонн саяхан Пачеркотель дахь уулын цанын цогцолборточиж, хүүхдүүдтэй уулзсан байна. Тэрбээр “Инсбрук-2012”-ийн дараа шууд Словени руу нисч, Краниска Горад эхлэх дэлхийн цомд уралдах юм.

МОНГОЛ БА АВСТРИ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар Австрийн ҮОХ-ны хүндэтгэлийн хүлээн авалтад уригдаж, орон орны мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзав. Австрийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Карл Штосс, ерөнхий нарийн бичгийн дарга П.Меннель нар тус наадамд оролцож буй 70 орны ҮОХ-нд талархлаа илэрхийлэв. Дашрамд дурдахад, МҮОХ нь 1995 онд Австрийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Лео Вальнерийн үед хамтын ажиллагааны гэрээнд Вена хотноо гарын үсэг зурсан бөгөөд тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Меннель хоёр жилийн өмнө хувийн мото-аяллын шугамаар манай оронд саатаж, “Olympic House”-д зочилсон билээ.

ХОККЕЙН ӨВӨӨ МИШЭЭВ

Залуучуудын өвлийн олимпод олон ач, зээ нар алдар суут өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж буйгаа “зарлан тунхаглаж” байна. Сноубордын тэмцээнд Канадын Майкл Чикарелли түрүүлэхэд “Миннесота” клубт 19 жил тоглосон, мэргэжлийн хоккейчин Дино өвөө нь цэнхэр дэлгэцийнхээ өмнө баярласан нь лавтай.

АНХНЫ ДАРХАН АВАРГА

“Инсбрук-2012” олимпийн хамгийн анхны дархан аваргаар уулын цаначин Марко Шварц тодорлоо. Энэхүү авьяаслаг австри хөвгүүн уулнаас туг сүлжих төрлөөр ганцаарчилсан ба багийн ангилалд гурвын гурван алтан медалиар энгэрээ мялаажээ.

ШҮХЭР ХЭРЭГТЭЙ ЮУ?

Өвлийн олимпийн наадмын үеэр намрын бороо орж, ялангуяа цаныхны зам нь мөстөн хальтиргаатаж, тэмцээний дүнд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн олон тэмцээн хойшлогдож, зохион байгуулагчдын ачаалал нэмэгдсэн нь тоогүй.

ХОККЕЙ ТОГЛООГҮЙ ХОККЕЙН АВАРГУУД

Хоккейн тулаанд шалгараагүй багийнхны дунд ур чадварын тэмцээн хийв. Уг тэмцээнд Латвийн хоккейчин А.Василонокс хурд, хууралт, цохилт, техникээр “толгой цохиж” түрүүлсэн бөгөөд түүний “буудсан шайб” 145.2 км/цагийн хурд үзүүлжээ. Харин эмэгтэйчүүдэд Ю.Цвартхоэд (Голланд) түрүүлжээ. Гэхдээ юуны олимпийн аварга гэхийг одоогоор хэн ч хэлж мэддэггүй ээ.

ЗОЧЛОМТГОЙ ЗАН БУРУУ ГЭЖ ҮҮ?

ОУОХ-ны олимпийн наадмын асуудал эрхэлсэн захирал Жильберт Фелли “Наньжин- 2014” залуучуудын зуны II олимпийн наадмыг зохион байгуулах хорооны орлогч нарийн бичгийн дарга Лю Юаньтай уулзаж, Инсбрук шиг эдийн засгийн хэмнэлттэй, эгэл даруу байх зарчмыг баримтлахыг үүрэг болгов. Хүүхдүүдийг тансаглуулахгүй, эрхлүүлэхгүй, давруулахгүйгээр зөв хүмүүжүүлж, ирээдүйн сайн тамирчин, сайн хүн болгоход “YOG” буюу залуучуудын олимпийн наадмын гол зорилго орших болно гэдгийг ОУОХ-ноос эцэс төгсгөлгүй найр цайллага, бэлэг сэлт, бэлэн унаагаар үйлчилдэг хятадуудад зориуд анхааруулав. Азийн зочломтгой зан буруу гэж үү?

БӨМБӨГ ДЭЛБЭРВЭЛ АЮУЛТАЙ ГЭЖ…

Олон сайхан дурсамж дүүрэн Австрийн олимпийн үеэр сэтгэл сэрдхийлгэм нэгэн үйл явдал болов. “Medal Plaza” буюу шагнал гардуулах ёслол болдог “Боцнер Плац” талбайгаас 400 м-ийн зайд барилгын ажил гүйцэтгэж байсан ажилчид эх орны дайны үеийн 65 кг хүнд жинтэй дэлбэрээгүй бөмбөг олох нь тэр ээ. Өндөр мэргэжлийн 65 хүнтэй тусгай бригад Вена хотоос десант бууж, дөрвөн цаг ажилласны эцэст бөмбөгний цэнэгийг суллаж, байдлыг аюулгүй болгосон байна. Инсбрукийн цагдаагийн газрын дарга Маркус Аунгерийн мэдэгдсэнээр Альпийн энэхүү цасан хотоос сүүлийн 20 жилд эх орны дайны үеийн дэлбэрч амжаагүй 10 бөмбөгийг илрүүлсэн ажээ.

УЙДАХ ЗАВГҮЙ ОЛИМПИЙН ТОСГОН

Хүүхдийн олимпийн нэг онцлог бол эхнээсээ дуустал заавал байх, чөлөөт цагаараа соёл, олон түмний ажил, үдэшлэг, өдөрлөгт идэвхитэй оролцох, олон орны холимог багаар тэмцээнд орох зэрэг найрамдал нөхөрлөлийн уур амьсгалд умбадаг билээ. “Mongolia” хувцастай манай хоёр ч бусдаас дутахгүй идэвхийлж, бузгай сонирхолтой гүйж явна. Өсөхөө, Энхээ хоёр WADA-гийн допингийн тухай асуулт хариултад оролцон, хонжвор авч, Австри бүжиг сурч, бас хажуугаар нь “Gymnasium Haal” ордонд нээгдсэн “Mongolia” гэсэн сурталчилгааны “улаан булан”-д зочлоод амжжээ. Инсбрукийн дунд сургуулийн сурагчид Монголын тухай сурталчилгааны самбар гарган, ноднин жил манай улсад жуулчилсан танилаасаа багш нь дээл, малгайг нь түр зээлж авсан гэнэ шүү. Мөн англи хэлтэй Энхээ ОУОХ-ны Ерөнхийлөгч Ж.Роггетой хийх уулзалтад оролцсон байна.

ТЭШҮҮРИЙН “ГОРОО”

Тавхан хүний бүрэлдэхүүнтэй Монголын цомхон багт голланд үндэстэн Николет, словени угсаатан Вероника нар туслахаар хүчин зүтгэсэн байна. Хөлөндөө тэшүүр зүүж төрдөг гэмээр голландчуудын нэгэн адил Николет манай дасгалжуулагч Д.Энхбаярын “ган хөлгийг” хөлдөө углан, “Olympic Oval” ордны мөсөн замаар 3 тойрог гороолон тэшсэндээ бэлгэшээж, магнай тэнийсэн гэнэ ээ.

ХОЁР ХӨРШ “ХАВСАЙДАВ”

Өсвөрийн олимпийн хамгийн олонүзэгчтэй нь уран гулгалтын тэмцээн байлаа. “Olympic Ice Stadium”-ийн 4120 суудал өдөр бүр пиг дүүрч, бүх алтыг хоёр их хөрш маань хос хосоор нь “булаан авав”.

Э.Туктамышева (14 нас) эмэгтэй ганцаарчилсанд, А.Яновская-С.Мозгов нар спортын бүжгийн төрөлд түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн “сунгаанд” Хань Янь, хос гулгалтад Жинь Ян-Юй Шяоюй нар аваргалсан байна.

Харин Наран улсын ганц гулгагч хоёр их гүрний медалийн “хувьцаанаас” ганц мөнгө сугалж, бусад оронд ямар ч өөр шагнал хүртсэнгүй ээ.

ЁОГҮЙ ЁО

Монголын багийн тусгай сурвалжлагч мэт чинь сэтгэлээсээ ажиллаж, олон сайхан агшныг бидэнд үнэ төлбөргүй бэлэглэсэн,

ОУОХ-ны гэрэл зурагч Ёо Нагаяад манайхан талархлаа илэрхийлэв. Наран ургах зүгийн Япон улсын Ё.Нагая олон наадамд Монголын багийнхны зургийг авч, монголчуудад сэтгэл харамгүй хандивладаг.

Тэрбээр 2007 онд Монгол улсад айлчилсан бөгөөд сүмо бөхөд барилдааны өмнө давсыг өөд нь өндөр цацдагаараа алдартай Митоизүмигийн төрөлх хот Митод хамт аж төрдөг гэнэ.

ИЛЬВА, НЕО ХОЁР

Харин “Инсбрук 2012”-ын Зохион байгуулах хороонд манайхыг хариуцдаг шар, бор хоёр бүсгүй ажилладаг. Латви үндэстэн Ильва Сиемите сургуулиа төгсөөд, харь газар алба хашихаар зориг шулуудан, Инсбрукийн сайн дурынхны хөтөлбөрт хамрагдан, авьяас зүтгэлээрээ тодрон, ЗБХ-ны сайчуудын эгнээнд гялалзаж байна. Тэрбээр орос хэлээр ус цас тул “Сочи-2014” олимпийн мөс цасанд дэвшин ажиллах чинь хүсэлтэй. Ли Нео бол Малайзийн иргэн бөгөөд “Сингапур 2010” залуучуудын зуны олимпийн анхдугаар наадмын үеэр дайчлагдсан ба дараа нь Лозаннд боловсролоо дээшлүүлсэн.

Хятад хэлтэн тул “Наньжин-2014” залуучуудын олимпод зүтгэх мөрөөдөлтэй. “Сингапур -2010”-д 500 гаруй сайн дурынхан “дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг” байсан бол энд 50 ч хүрэхгүй “staff” ажиллажээ.

ТӨРСӨН ӨДӨР, ХААЛТЫН ЁСЛОЛ

Ийнхүү 2012 оны спортын томоохон үйл явдлын нэг залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам нэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд Австри улсын Тироль мужийн Инсбрук хотноо 10 хоног үргэлжилж, буухиагаа Лиллехаммер хотод дамжууллаа. Орон орны хүүхдүүд 1994 онд өвлийн том олимпийг “толгой өвдөхгүй” зохиосон Норвегийн Лиллехаммер хотод дөрвөн жилийн дараа уулзахын ерөөл тавилаа. Хаалтын ёслолтой төрсөн өдөр нь давхцаж буй тэшүүрчин А.Энх-Ариун төрийнхөө далбааг залж, Монгол улс ОУОХ-ны өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ. Ойрын ирээдүйд цас, мөсний уламжлалтай цан хүүрэгт Монгол оронд өвлийн спорт хөгжин дэвжих нь дамжиггүй. (Бусад мэдээллийг www.innsbruck2012.com-оос үзнэ үү!)

Баярсайханы Баяртуяа (МҮОХ)

Зифельд-Инсбрук
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж