Д.Сүрэнхорын эхнэрийн хэрэгт эсэргүүцэл бичжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын эхнэрийн хэрэгт эсэргүүцэл бичжээ

Улсын мөнгө завшсан хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссон Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын эхнэр  Д.Эрдэнэ-Отгон авто машины осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм.  Уг хэрэг шүүхэд хоёр удаа очсон ч хоёуланд нь нэмэлт мөрдөн байцаалтад буцжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд  Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч тус шүүхээс дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг арав хоногийн дараа гаргасан байна. Улмаар уг хэрэгт хяналт тавьж буй хяналтын  прокурор нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, яллах нотлох баримт бүрдсэн гэж үзээд эсэргүүцэл бичжээ. Прокурорын эсэргүүцлийг удахгүй нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Нийслэлийн шүүхээс ямар шийдвэр гарахаас энэ хэрэг цаашид хэрхэх нь тодорхой болох юм байна. Д.Эрдэнэ-Отгонд холбогдох автомашины ослын хэрэгт Замын цагдаагийн газраас шинжээч ажилласан ч шүүхээс бүрэлдэхүүнд нь шинжээч томил гэх үндэслэлээр буцаасан тул ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн шинжээч, Замын цагдаагийн газраас хамтарсан шинжээч ажилласан байна. Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах, ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэх үндэслэлээр таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр  хуульд заажээ.

Уг хэргийн талаар эргэн сануулбал, 2010 оны аравдугаар сарын 16-ны өглөө 06.00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэр  нэгдүгээр хороо Улаанбаатар Төмөр замын гал командийн байгууламжийн зүүн талын  Нарны зам дээр Д.Энх-Отгон 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Осол гаргасан Д.Энх-Отгон нь УНН 70-20 маркийн “Тoyoto vitz” маркийн автомашиныг  жолоодож явжээ. Тэрбээр  талийгаач эрэгтэйг дайрсныхаа дараа УБТЗ-ын гал компандын байрны зүүн талаас “Гермес” төвийн  урд хүртэл 750 метр газар чирсэн  болох нь  мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж