Л.Дүгэржав: Одоо Антрактид тивийн туйлд очих зорилго бий

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Л.Дүгэржав: Одоо Антрактид тивийн туйлд очих зорилго бий

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын эрдэмтэн, шинжлэх ухааны доктор Л.Дүгэржав Испани, Болгарын багтай хамтран Антрактид тивд судалгааны ажлаар 45 хоног явсан билээ. Л.Дүгэржав доктор нь Монгол Улсаас Антрактид тивд судалгаа хийж байгаа дөрөв дэх хүн юм. Түүнтэй Антрактид тивийн сонин хачнаас хуваалцах боломж гарч, цөөн хором ярилцлаа.


-Антрактид тив рүү судалгаагаар яваад ирсэн талаар яриагаа эхлүүлье?

-Антрактид тив нь манай гарагийн зургаа дахь тив. Хамгийн бага судлагдсан тив гэж ойлгож болно. Үнэнийг хэлэхэд 50-60 жилийн өмнө хүн төрөлхтөн тус тивийг ямар хэлбэр дүрстэй байсан гэдгийг мэддэггүй байв. Хүн амьдардаггүй, дэлхий ертөнцөөс тасарсан гэсэн ойлголттой байсан. Ер нь судлаач, эрдэмтэд нээгдээгүй, хүн амьтан байхгүй газар, тив рүү аль болох тэмүүлж, шинэ зүйлийг нээхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, хобби нь юм уу даа.

Би 1998, 1999 онд баруун Австралийн Перт хотод тухайн үеийн Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан албан ёсны айлчлалд оролцсон. Тухайн үед тус улсын сенатор Росс Лайтпут гэдэг хүнтэй уулзсан. Энэ хүн бол Австрали улс дахь Антрактид тивийн хүрээлэнгийн захирал юм. Улмаар надад Антрактид тив рүү хамт явах санал тавьсан. Ийм санал тавихад надад энэ тивийн талаар ойлголт байгаагүй. Гэвч харамсалтай нь явах боломж гараагүй. Хувь заяа надад хоёр дахь боломжийг олгож 2003 он хүртэл Болгарын Антрактидын академид судалгаа хийх сайхан боломж олдсон. Хамгийн азтай нь тус Академийн гишүүд нь миний сургууль төгссөн танилууд байлаа. Тухайн үед судалгааны гол сэдэв нь "Цэвдэг судлал" байсан.

Сурч мэдэх зүйл их байсан учраас Монголд буцаж ирсэн. Эх орондоо ирээд "Антрактид судлалын нийгэмлэг"-ийг байгуулсан юм. Нийгэмлэгийн ажлын хүрээнд 2007 онд анх н.Батболд гэдэг залууг судалгаагаар Антрактид руу явуулсан. Болгарын 16 дугаар багийн бүрэлдэхүүнд н.Батболд багтсан. Энэ судалгаа ч амжилттай болсон. Монголчууд сүүлийн таван жил гаруйн хугацаанд манай нийгэмлэгийн тусламжтайгаар Болгар улсын судлаач, эрдэмтэдтэй олон судалгаа хийх үүд хаалга нээгдсэн.

-Та Антрактид тивийн яг хаана нь очсон юм бэ?

-Тус тив нь Монголын нутаг дэвсгэрээс 15 дахин том. Асар уудам нутагтай. Хүн амьдардаггүй. Хүн төрөлхтөний хувьд хэд, хэдэн захын арал дээр судалгаа хийх боломж олддог. Тэр утгаараа энэ тивийг одоо ч гэсэн бүрэн судалж дуусаагүй гэж ярьдаг. Манай баг баруун Шотландын арлууд, Ливингстоны арал дээр судалгаа явуулдаг. Дэлхийн 40 гаруй орны судлаач, эрдэмтэд өөрсдийн судалгааг явуулдаг гэж ойлгож болно. Энэ арал нь судалгааны ажил хийх хамгийн боломжтой юм. Түүнчлэн "Дэлхийн хүчний арал" дээр очсон.

-Цаашдын баримталж буй зорилго зорилтоосоо дурьдвал?

-Бид 2012, 2013 онд туйлын төв цэг дээр очих зорилт тавьж ажиллаж байгаа. Ер нь бол 62-ын параллелиас цааш 90 хүртэлх Горны хошууг өнгөрвөл Антрактид тивд очсон гэж үздэг юм. Өнгөрсөн жил гэхэд 20 мянга орчим жуулчин усан онгоцоор тус тивийн ойролцоо очсон гэсэн судалгаа байдаг. Тэнд амьдрах орчин байхгүй. Тиймээс усан онгоцноос л тэндхийн оцон шувуу, цас, өдөр шөнө, цасан шуурга гэж юу байдгийг үзээд буцах жишээтэй.

-Цаг агаарын хувьд нэлээд хэрэгтэй биз?

-Антрактид тивийн цаг агаарын хэд ангилж болно. Жишээ нь, өвөл, зун гэж. Зуны улирал нь манайхаар арваннэг, арванхоёр, нэг, хоёрдугаар cap байдаг. Зуны дундаж дулаан нь -34 хэм, өвлийн дундаж дулаан нь -60 орчим хэм байдаг. Атлантын далай, Энэтхэгийн далай, Номхон далайн эрэг орчмоор энэ тивийг тойрсон өмнөд далай гэж бий. Судалгааны үеэр далайн ус хөлдөөгүйг харахад +4 хэмийн дулаан байна гэж тооцоолж байгаа юм. Эрэг хавиар чийглэг байдаг. Ялангуяа Антрактид тивийн зуны улирал буюу манайхаар өвлийн улиралд судалгааны ажил хийхэд нэн тохиромжтой. Түүнээс биш яг туйл руугаа очоод дулааныг хэмжих юм бол -90 хэмийн хүйтэн байдаг гэсэн.

-Бидний мэдэх цагаан баавгай, оцон шувуунаас өөр ямар онцгой төрлийн амьтад тэнд байдаг вэ?

-Ерөнхийдөө цагаан баавгайг зөвхөн Антрактид тивд байдаг амьтан гэж ойлгож болно. Өмнөд туйлд бол сонин хачин амьтан байхгүй. Харин далайд бол далайн хав, оцон шувуу, халим, далайн төрөл бүрийн амьтад бий. Гадна эрэг хавиар зарим төрлийн амьтад байдаг болохоос дотогшоо ямар ч амьтан байхгүй, ургамал ч ургадаггүй газар шүү дээ.

-Судалгааны багийнхан гэхэд л тэнд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ. Мөн хүйтрэх үед хүчилтөрөгч залгадаг гэж дуулсан?

-Хүчилтөрөгчийн хувьд хамгийн цэвэр агаартай газар бол Антрактид тив. Тус тив дунджаар 3400 метр зузаан мөсөн бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг юм. Антрактид тив бол дэлхийг сэрүүн байлгадаг хамгийн гол хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн хөргөгч гэсэн үг. Хэрэв энэ мөсөн тив хайлах юм уу, алга болбол нарны илчинд бидний амьдрал үгүй болно. Хоол хүнсний хувьд бусдын адил их газраас авчирдаг. Түүнээс биш тэнд идчихээр зүйл байхгүй. Ихэвчлэн муудахгүй, сайн чанарын савлагаатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Долоо хоног бүр усан онгоцоор хоол хүнс, бусад хэрэгцээтэй зүйлээ авчирдаг. Тиймээс үүнд санаа зовдоггүй.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж