Ахуйн осол аюулын хэмжээнд тулав

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Ахуйн осол аюулын хэмжээнд тулав

Монголд урьд хожид болоогүй үзэгдэл Дарханд болсон. Энэ бол хийн түлш буюу газнаас үүдэн хүчтэй дэлбэрэлт болж, гал түймэр гарсан явдал юм. 2012 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 21:25 цагт ОБГ-ын дуудлага хүлээн авах 7037-105 дугаарт 953760хх дугаараас иргэн н.Алтанцэцэг дуудлага өгснөөр энэ хэрэг эхэлжээ. Дуудлагын дагуу ОБГ-ын аврах гал унтраах 22 болон 54 дүгээр ангийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж ажилласан аж. Шөнийн 00 цагийн үед тухайн гал түймрийг бүрэн унтрааж, аюулгүй болгох арга хэмжээг авсан юм. Энэ үйл явдал Дархан сумын нутаг 12-р багийн 14-р байрны долоон давхарын 26 тоотод гарсан. Дэлбэрэлт болж, гал түймэр гарсан шалтгааныг хийн түлш буюу газ гэж тодорхойлоод байгаа хэдий ч хэрэглээнээс үүдсэн үү, газын хувьд технологийн горим алдсан уу гэдгийг нарийн хэлэх боломж одоогоор алга гэх мэдээллийг өгч байна.

Юу ч харагдахгүй байна

Тухайн үед 26 тоотод гурван хүн байсан. Хоёр эмэгтэйн бие тааруу. Нэг эрэгтэйгийн бие арай дээр байгааг эмч нар хэлэв. Харин өнөөдрийн байдлаар дээрх гурван хүнийг Улаанбаатар хотын Түлэнхийн төвд хүргэн, эмчлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр бол иргэн Ж тухайн үед гал тогооныхоо өрөөнд байдаг комьпютерийн ширээн дээрээ суугаад юм хийж байсан. Харин гэнэт ширээний доор байсан баллонтой хий тэсэрч, түүний хоёр хөл, цавь түлэгджээ. Нөхрийгөө орж ирээд аваач гэж хэлсэн ч түүний байсан өрөө битүү манан болсон байсан учраас“ юу ч харагдахгүй байна. Өөрөө гараад ирээч” гэжээ. Гал тогооныхоо өрөөнөөс гарч ирээд, хувцасаа сольж, Дашваанжил газын хүнрүү дуудлага хийсэн ч “би бол түгээгч, танд инженерийн утсыг өгөе” гэсэн аж. Харин тэр үед тухайн айлд амьдардаг оюутан охин гал тогооны өрөөг цэвэрлэхээр хогийн шүүр, тосгуур бариад сууж байсан чинь ахин хүчтэй дуу гарч, тэсрэлт явагджээ. Хоёр удаа доргилт чичиргээ оршин суугчдад мэдрэгдсэн. Сүүлийн тэсрэлт нь илүү хүчтэй байсан бөгөөд нийтдээ дөрвөн цонх цуурч, 63 цонх хагарсан бөгөөд хана нь цөмөрсөн хоёр айл, хананд цууралт өгсөн 10 айл, хаалгагүй болсон 11 айл байна. Одоогийн байдлаар хагарсан цонхыг бүрэн шиллээд байгаа юм.

Газар хөдлөх шиг болж, хамаг шил хагарсан

Зөвхөн тус байрны нэгдүгээр орцны 31 өрхийн 112 иргэн сэтгэл санаа, эд материалаараа хохироод үлдсэнгүй. Тус байрны замын эсрэг талд байрлах Шуудан, холбооны газар ч цонхнуудаа хагалуулаад амжсан юм. Шуудангийн газрын хүргэгч харуул Ц.Цэрэнбал хэлэхдээ яг газар хөдөлж байгаа юм шиг доргиод, хүчтэй дуу гарч, хамаг шил хагарсан гэв. Ерөнхийдөө нэг давхарын бүхий л цонхны шил хагарсан. Айлуудын цонхны шилийг бодвол хүрээ томтойгийн дээр давхар байсан. Тухайн дэлбэрэлт болсон айлынх уу эсвэл ойр хавийн айлынх нь уу цонхны хүрээ хүртэл шуудангийн газрын үүдэнд хэвтэж байв.

Засаг дарга “Ажлын хэсэг” байгуулав

Энэ явдлын маргааш буюу 2012 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын өрөөнд холбогдох хүмүүс цуглаж, асуудлыг танилцуулсан байна. Энэ үед Засаг дарга 30 тоот захирамж гарган, тодорхой үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, орлогчоороо ахлуулах шийдвэрийг гаргасан аж. Доргилтоос ойр орчмын айлуудын цонх хагарсан тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, эрчим хүч доголдсон нэг дүгээр орцны эрчим хүчийг сэргээх, ослыг газар дээр нь нарийвчлан судлаж урьдчилан дүгнэлт гаргах, түлэгдэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн гурван хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх гэх үүрэг даалгаврыг тус ажлын хэсэг хүлээсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гурван удаа хуралдаж, сүүлчийн хуралдаан дээрээ энэ асуудлыг ажлын хэсэг бус аймгийн Онцгой байдлын комисст хариуцуулахаар болсон аж.

Ажлын хэсэг багадаж, аймгийн комиссыг хөдөлгөхөөр болов

Ажлын хэсэг зөвхөн нэг өдрийн турш ажилласан. Гэсэн хэдий ч тухайн орцыг бүрэн чөлөөлж, цагдаагийн хамгаалалтанд авсан бөгөөд МХЕГ-ын ахлах байцаагчдыг ирүүлэн, хагарсан цонхыг бүрэн шиллэх зэрэг хэд хэдэн ажлыг нугалаад авсан юм. Цаашид ажлын хэсэгт хөрөнгө мөнгөтэй холбоотой болон бусад асуудлууд тулгамдсан учраас аймгийн Онцгой байдлын комисст уг асуудлыг шилжүүлэв. Комиссын хурал оршин суугчид гэх урилгагүй зочидтой мөн чиглэл чиглэлийн хариуцсан байцаагч нараас бүрдсэн гээд өргөн бүрэлдэхүүнтэй, ширүүхэн эхэлсэн.

Бид хэзээ харих вэ

Бид хэзээ гэртээ харьж болох вэ? Энэ асуултыг бүх оршин суугчид тавьж байв. Энэ асуултанд МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ш.Уранчимэг бидэнд цаг хугацаа хангалттай их байх шаардлагатай. Өнөөдөр гэхэд доошоо цөмрөлт үүсээд хяналт, шинжилгээ хийж болохгүй байна. Тийм болохоор эхлээд барилгыг бэхлэх арга хэмжээг авсны дараачаар шалгалтаа үргэлжлүүлнэ гэв. Харин иргэд эхний ээлжинд танил болон хамаатан садныдаа түр хорогдож байна. Удна гэвэл ингээд айлд байгаад байх хэцүү, биднийг нэг газар байруулах боломж байна уу гэдгийг тодруулсан. Харин энэ асуултанд Дархан сумын Засаг дарга Ч.Цэндсүрэн Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн дотуур байр бэлэн байгаа гэж хариулав. Мөн энэ байр цаашид ашиглагдах уу, яг одоо нөхцөл байдал ямар байгаа вэ гэсэн хэдий ч үүнийг МХЕГ-ын байцаагчийн дүгнэлт гарч байж мэдээллэнэ гэв.

Байшин нурж байна

Орц бол ноцтой гэмтсэн. Өдрөөс өдөрт цууралт нэмэгдэж, бараг нурж байна. Оршин суугчдыг оруулах байтугай, та нар хол явж байх хэрэгтэй. Эхлээд сэргээн босголт хийгээд, дараа нь бид шинжилж байж, оршин суугчдад баталгаа хэлнэ хэмээн шинжээчийн багийн ахлагч ШУТИС-ын проф. Я.Дүйнхэржав хэлэв. Шинжээчдийн баг болон байцаагчид тухайн объектруу нарийн нэвтрэх гэхлээр шал нь цөмрөх гээд дугараад байгаа. Тиймээс тулгуур, бэхэлгээ эхний ээлжинд хийсний дараачаар шинжилгээг хийхээ мэдэгдсэн юм. Иргэдийг сэтгэл зүйн хувьд тайван байх хэрэгтэйг санууллаа. Аймгийн удирдлагын түвшинд байшинг хэвийн байдалд оруулна гэж албан ёсоор хариулж байгаа ч энэ бол цаг хугацааны асуудал. Хоёрдугаарт МХЕГ-ын улсын ахлах байцаагчид болон шинжээчдийн багийн дүгнэлт гарч байж дараа дараагийн сэдэв хөндөгдөх юм. Эхний ээлжинд тэдний дүгнэлтийг хэзээ гарахыг сураг тавин хүлээх л үлдээд байна.   

М.Дэлгэржаргал

www.darkhan.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж