Инновацийн хууль Монголд хэрэгтэй юү?

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Инновацийн хууль Монголд хэрэгтэй юү?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Ганбямбын өргөн мэдүүлсэн Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуулийг дагалдан өөрчлөлт орох Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу уг хуулийг эртэдсэн, захиалгаар гарах гэж байгаа хууль. Үүнийг хэлэлцэхийн оронд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар ярих нь илүү чухал болоод байна.  Жижиг, дунд бизнес эрхлэгчид Инновацийн хуулийг ашиглаж чадахгүй, Олигархиуд өлгөж аваад сангийн мөнгөөр нь тоглоно шүү хэмээн анхааруулж байв. Харин гишүүн О.Чулуунбат  бизнесийн ерөнхий хууль болох татварын, гаалийн гэх мэт хуулиудаа ягштал биелүүлдэг орнууд Инновацийн хуультай байдаг. Монголд байсхийгээд л татварын өршөөл үзүүлчихдэг, зээл аваад ч үр дүн  гардаггүй тул одоогийн нөхцөлд үр дүнгээ өгөхгүй гэсэн шалтгаанаар хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах  санал гаргаж байлаа.

Гишүүн С.Бямбацогт уг хуулийг “Нийгмийн захиалгаар гарч байгаа хууль” гээд дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл барьж байгаа энэ үед бүр ч хэрэгтэй гэж байв. Төсөл санаачлагч Н.Ганбямба гишүүн,  олигархиуд ашиглах боломжгүй хууль гэдгийг тайлбарлаж  “Харин ч тэд энэ хуулийг эсэргүүцнэ. Энэ хууль гарвал луйварчдад цэг тавьж, бохир бизнес хумигдана” хэмээн байр сууриа хамгааллаа. Ч.Улаан гишүүн энэ үеэр Хөгжил дэвшлийн төлөө сан гэж шинэ сан бий болголгүй Хөрөнгө оруулалт хөгжлийн сан ч юмуу Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжуулан хэрэгжүүлж болох боломж бас байгаа гэж байв. Гишүүд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг дэмжив.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж