Герман газрын ховор элемент олборлоно

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Герман газрын ховор элемент олборлоно

Германы уул
уурхай, түүхий эдийн худалдааны групп
"Deutsche Rohstoff" зүүн Германы "Delitzsch" бүс нутагт орших нэгэн ордоос газрын ховор
элемент олборлох тухайгаа зарлажээ. Энэхүү
ордод 38 мянган тонн газрын ховор элементийн нөөц агуулагдаж буйг тус компани урьдчилсан
байдлаар тогтоосон байна. Харин ирэх хавраас ордын нөөцийг ЖОРК стандартын
дагуу тогтоох ажлаа эхлүүлэх ажээ.

Сэргээгдэх эрчим
хүч, электрон хэрэглэл, хос хөдөлгүүрт болон цахилгаан хөдөлгүүрт машин зэрэг
олон чухал дэвшилтэт технологи шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд газрын
ховор элемент нь хамгийн гол түүхий эд болдог байна. Европын орнууд, АНУ болон
бусад хөгжингүй орнуудад газрын ховор элементийн нөөц бүрдүүлэх асуудал
тулгамдаад байгаа билээ.

Учир нь 17 нэр
төрлийн түүхий эдээс бүрддэг газрын ховор элементийн нийлүүлэлтийн 90 гаруй
хувийг хангадаг Хятад улс 2010 оноос экспортоо эрчимтэйгээр бууруулж эхэлсэн
юм. Тус улс 2009 онд 50 гаруй мянган тонн түүхий эд нийлүүлж байсан бол 2010,
2011 онуудад 30 мянган тонныг нийлүүлэх болсон.

Цаашид тус улсын
экспортын хэмжээ нэмэгдэхгүй, харин ч буурч магадгүйг улс орнууд эхнээсээ
ухаарч, эрдсийн түүхий эдийн нөөц бүрдүүлэх зорилтыг 2010 оноос ажил хэрэг
болгоод байгаа юм. Тухайлбал Европын холбоо 2010 оны зургадугаар сард
стратегийн 14 нэр төрлийн түүхий эдийг баталсны дунд газрын ховор элементээс
гадна ховор метал багтсан юм.

Өнгөрсөн оны
есдүгээр сард Монголын Засгийн газрын тогтоолоор Газрын ховор элементийн талаар төрөөс
баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ.

Манай улсын хувьд
газрын ховор элемент болон ховор металын арвин их нөөцтэйг гэгддэг ч нөөц
тогтоох судалгаа хийгдээгүй өнөө хүрчээ. Мушгиа худаг, Лугийн гол, Халзан
бүргэдэй зэрэг томоохон ордууд илрээд буй. Хэрэв эдгээр ордын нөөц тогтоогдвол,
түүнийг ямар аргачлалаар, хэрхэн боловсруулахыг судлан тогтоох нь амаргүй даваа байх ажээ. Энэ бүхэнд
7-10 жилийн ажил орно гэж судлаачид тайлбарладаг. Герман, Японы талаас манайхтай
уг салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаа гэдэг нь сүүлийн жилүүдэд
хийгдсэн хурлын арга хэмжээ, семинар, төрийн хэмжээний айлчлал зэргээс илт
мэдрэгдэх болсон.

Гэхдээ энэхүү
түүхий эдийг боловсруулах үйл ажиллагаа нь байгаль орчныг асар ихээр
доройтуулдаг учир дэлхийн тэргүүлэх технологийг ашиглах шаардлагатай юм.

Газрын ховор
элемент нь Монголын хувьд технологи үйлдвэрлэгч орон болох нөхцөлийг эхлүүлж
болох юм.  Манайд эдүгээ хүртэл ашигт
малтмалын хуулийн ганц нэг мөрөнд цөөн хэдэн үгээр л тэмдэглэгдэн явсаар ирсэн
стратегийн чухал түүхий эдийг төр хэрхэн ашиглах тухайд бодлогоо зөв тогтоох
хэрэгтэйг ч төрийн ахмад түшээд ярих болсон билээ.

Нөөц олдлоо ч
хүдэр чигээр гаргавал ашиггүй, харин байгальд нөлөө багатай шилдэг технологиор
боловсруулан экспортолсон нөхцөлд хөгжлийн тулгуурыг нэгээр нэмсэн салбар байж
болохыг Германы тал сануулдаг.

Газрын ховор
элементийн зах зээлд нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахыг хөгжингүй улс
орнууд эрмэлзсээр байгаа энэ үед хэрэглээ улам бүр өсөх төлөвтэй байна.

Өнгөрсөн онд
дэлхийн газрын ховор элементийн хэрэглээ 120 мянган тонн байх тооцоо гарсан бол
энэ онд уг түүхий эдийн хэрэглээ 180 мянган тонн болж өсөх таамаг гарчээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж