“Оскар”-т нэр дэвшигчид удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Оскар”-т нэр дэвшигчид удахгүй тодорно

“Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийн нэрсийг тун удахгүй зарлах гэж байна.  Саяхан болсон “Алтан бөмбөрцөг” кино наадмын шилдгүүд нэр дэвшигчдийн тоонд орсон бололтой. Кино тааварчид Холливудын жүжигчин Жорж Клуни, Мерил Стрийп нар  “Оскар”-ын шилдэг дүрийн шагналыг хүртэж магадгүй гэж үзэж байгаа юм. Мөн дуугүй кино “The Artist”, гэр бүлийн драм “The Descendants” шилдэг кинонд нэр дэвших магадлал их байна. Америкийн кино академийн 84 дэх удаагийн шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 26-нд Холливудын Кодак кино театрт болох юм. Харин “Оскар”-ын энэ жилийн наадмыг инээдмийн жүжигчин Билли Кристал хөтлөн явуулна. Францын киночдын бүтээл “The Artist” кино наадмуудын хамаг шагналыг хамж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гаригт Америкийн продюсеруудын холбооны шагнал хүртсэн юм. Найруулагч Мартин Скорсезын бүтээл “Хюго”, Вууди Аллены драм “Парисын шөнө” зэрэг кинонууд шилдэг киноны төрөлд нэр нь байгаа гэдэгт кино тааварчид итгэлтэй байгаа юм.

Шилдэг бүтээлийг сонгох шинэ системийн дагуу “Оскар”-ын шилдэг киноны төрөлд 5-10 кино өрсөлдөх аж. Мөн шинэ журмын дагуу наадамд нэр дэвшигчдийг зарласнаас хойш кино компаниудын зохион байгуулдаг үдэшлэгт кино академийн гишүүдийг оролцохыг хоригложээ.  Өнгөрсөн жил Британийн киночдын бүтээл  “The King"s Speech” шилдэг киногоор шалгарч, гол дүрд тоглосон жүжигчин Колин Фёрт шилдэг жүжигчний шагнал хүртсэн. Харин найруулагч Том Хүүпер шилдэг найруулагч  болон дэлгэцийн шилдэг бүтээлийн шагналын эзэн болсон билээ.

 Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж