”Дашваанжил”-ынхан ”энэ дэлбэрэлт манайд хамаагүй” гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

”Дашваанжил”-ынхан ”энэ дэлбэрэлт манайд хамаагүй” гэжээ

Дархан-Уул аймагт өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагийн оройн 21:25 цагт хийн баллон дэлбэрч нэг гэр бүлийн гурван хүн гэмтсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тодруулбал, хийн халаагуурын таван литрийн баллон гэнэт тэсэрч аав, ээж, охин гурвын бие түлэгдсэн золгүй явдал болсон. Тухайн үед тус аймгийн Онцгой байдлын Шуурхай албаны мэдээллийн утсанд “XII багийн XIV байрны долоодугаар давхарт дэлбэрэлт болж гал гарлаа” гэсэн дуудлагын дагуу аврах 22, 54 дүгээр ангийнхан очиж шархадсан хүмүүсийг дэлбэрэлтэд өртсөн байрнаас гаргаж авсан байна.  Үүнээс болж дөрвөөс дээш давхарын 19 айлын цонх хагарчээ. Тухайн үед тус байранд нийт 74 хүн байсан бөгөөд одоогоор гэр бүлийн гурван хүнээс өөр шархадсан хүн байхгүй байгаа аж. Гэрийн эзэн 54 настай н.Баттулга түүний эхнэр Жаргалсайхан,  22 настай охин нь түлэгдсэн бөгөөд биеийн байдал нь одоо ч хүнд байгаа юм. Харин эхнэр, охин хоёрын биеийн байдал муудсаны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн эмнэлэгт авч ирэн эмчилж байна.

Бид сурвалжлахаар өчигдөр тус эмнэлэ­гийг зорилоо. Жижүүрээс нь Дархан-Уул аймгаас ирсэн өвчтөн хаана байгааг  сурагласны дагуу хоёр дав­харт гарч өрөөнийх нь үүдэнд очив. Тэгтэл шатны баруун та­лын тасгийн үүдэнд тав, зургаан эмч бас хоёр хүн  зогсож байлаа. Дөхөж очоод хаалганы шагайвчаар хартал 50 орчим насны нэг эмэгтэйн биеийнх нь ил хэсэг танигдахын аргагүй болтлоо түлэгдсэн харагдав. Хажуу талаас нэг хүн “Та юун хүн бэ, хамаагүй ингэж харж болохгүй. Ээж шоконд орчихсон байгаа” гэв. Түүнээс “Та ар гэрийнх нь хүн үү” гэхэд  “Тийм ээ. Би охин нь байна” гэлээ. Охин У-аас  чухам юу болсон талаар тодруулсан юм. Тэрбээр “Манайх байнга хийн халаагуур хэрэглэдэг.  Бараг хоёр жил орчим болж байна. “Дашваанжил” компа­нийн Дархан-Уул аймаг дахь сал­бараас  хийгээ авдаг юм. Тэдний байнгын үйлчлүүлэгч л дээ. Гэтэл үнэхээр золгүй явдал болчихлоо. Аав тус компаниас өмнөх өдөр нь таван литрийн хоёр баллон авсан юм билээ. Баллоноо компани нь өөрсдөө хүргэж өгдөг. Гэтэл “Дашваанжил”-ийнхан “Хүргэж өгөх боломжгүй. Манай хүргэлтийн машин эвдэрсэн” гэхээр  нь аав өөрөө очиж авсан юм. Манайх хэрэглээд удчихсан болохоор хийг яаж ашиглахаа маш сайн мэднэ. Бүр аюулгүй байдлаа хангах үүднээс тусгай газар байрлуулдаг. Золгүй явдал болохоос өмнө, авч ирсэн өдөр нь ээж нэгийг задлаад хэрэглэсэн. Харин нөгөөхийг нь тавиурын доор ямар ч халуун орчин, дээрээс нь юм унах боломжгүй газар байрлуулсан юм билээ. Ээж орой 21:00 цагийн үед нэгийг нь залган хоол хийж байтал гэнэт дотроо шуугиад эхэлсэн гэсэн. Тэгээд “Дашваанжил” компанийн хүргэлтийн  505050… утас руу залгаж “Танай хий дэлбэрэх гээд дотроо шуугиад байна яах вэ” гэхэд хариуд нь “Бид нар яахаараа мэддэг юм. Тэр техникийн хүмүүстэй холбогдохгүй юу” гээд өмнөөс нь загнасан гэсэн. Тэдний ингэж хэлснийг Мобикомоос лавлаж, шалгуулсан ч болно. Ер нь ийм хариуцлагагүй компани байж болох уу. Азаар гэр бүлийнхний минь амь нас эсэн мэнд байна. Тэр компани одоо хүртэл бидэнтэй хол­бог­доогүй байгаа. Зарим хэвлэлээр парны хажууд баллоноо  тавьсан болохоор дэлбэрсэн  гэж ямар ч үндэс­лэлгүй зүйл бичсэн байна билээ” гэсэн юм. Дараа нь бид Түлэнхийн эмнэлгийн Клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнгээс  өвчтө­­нүү­дийн биеийн байдал ямар байгааг лавлахад “Тэд хоёр, гуравдугаар зэргийн түлэгдэлтэй ирсэн. Гүн тү­лэгдсэн хэсэг байвал хагалгаанд ч орж магадгүй. Ямартай ч 21 хоно­гоос  нэг сарын дотор эдгэрэх боломжтой” хэмээв.

Бид “Дашваанжил” ком­па­нийн удирдлагатай холбог­дож болсон дэлбэрэлтийн талаар тодруулахад “Бид одоогоор ямар нэгэн тайлбар өгөхгүй. Шин­жил­гээний хариу гарс­ны дараа хэвлэлд  хандах болно” гэлээ. Мөн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газартай холбогдож дэл­бэ­рэлтийн шин­жилгээний ха­риу гарсан эсэх талаар асуухад “Шинжилгээний тусгай баг ажил­лаж байгаа. Хариу гараагүй тул мэдээлэх боломжгүй байна” гэв. Улаанбаатар хотоос Мэргэжлийн хянал­тын ерөнхий газрын улсын байцаагч н.Уранчимэг, н.Бямбадорж, н.Санжмятав нар хэр­гийн газарт  ажиллаж буй аж.

“Дашваанжил” компани хийн түлш хэрэглэгч аж ахуйн нэгж, айл өрхөд энэ төрлийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг нийлүүлдэг байна. Энэ компаний борлуулдаг хий өмнө нь нэг бус удаа дэлбэрч байжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн  “Бос­тон” клубын цайны газарт хийн түлш  дэлбэрч байсан аж. Тухайн үед  азаар хүний амь нас хохироогүй ч дэлбэрэлтийн улмаас их хэмжээний гал гарч, орчин тойрны аюулгүй байдлыг  алдагдуулж байжээ.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж