АТГ-ыг УИХ шалгаж байхаар хуульчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

АТГ-ыг УИХ шалгаж байхаар хуульчилжээ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Я.Батсуурь нар өчигдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсантай хол­богдуулан мэдээлэл хийлээ. Уг хуулийг хоёр жил хэлэлцсэний эцэст өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр баталсан юм. УИХ-ын дарга болон гишүүд “Ашиг сонирхлын зөрчил, авлигын эсрэг тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэх хууль баталлаа” гэлцэж байгаа Хуулийн талаар мэдээлэл хийсэн гишүүд ч үүнийг онцолж байлаа. Ж.Энхбаяр гишүүн “Монгол Улсын өрсөлдөх чадварыг олон улсад ихээхэн бууруулж байгаа үзүүлэлт бол авлига. Дэлхийн 186 орноос энэ талын үзүүлэлтээрээ Монгол Улс 120-д яваа” гэсэн юм.

Эрх мэдэлтнүүд авлига авах, ашиг сонирхлын зөрчилд автах боломжийг хаасан уг хуулийг энэ оны долоодугаар сарын 15-наас хүчин төгөлдөр мөрдөх учиртай. Хуулийн дагуу нийтийн албан тушаалтан анх ажилд орохдоо хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөх бөгөөд цаашид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгч байхаар болжээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг хуулийг “Эрх мэдэлтнүүдийн зан авирыг өөрчилж чадах хууль” хэмээн тодотголоо. Өмнө нь эрх мэдэлтнүүд яг л бөмбөг шиг хүссэн зүгтээ чөлөөтэй өнхөрч байсан бол одоо тэрхүү бөмбөгийг хуулийн хүрээнд барих боломжтой болсон гэнэ. Харин хяналтаа тавих эрх нь ард түмэнд байгаа ажээ. Мөн тэрбээр “Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагалдуулан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан юм. Авлига хэмээх үзэгдлийг энэ дөрвөн хууль дөрвөн фронтоор шахна” гэв.  Тэрбээр жишээ татахаа ч мартсангүй. Тодруулбал, шинэчлэн баталсан Авлигын эсрэг хуулийн дагуу тендер шалгаруулах комисст орсон хүн “Тендерт оролцож буй компаниудад хамаатан садан, найз нөхөд нь ажилладаггүй” гэдгийг албан ёсоор илэрхийлж гарын үсэг зурахаар болжээ. Хэрэв хамаатан садных нь компани тендэрт ялж, ашиг сонирхлын зөрчилтэй нь илэрвэл авлигын хэрэгт тооцох юм байна. Түүнчлэн албан тушаалтан албан тушаалаасаа чөлөөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд сонирхлын зөрчил үүсч болох үйл ажиллагаа явуулахыг хориглох ажээ. Үүнд өмнө нь гүйцэтгэж байсан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах, гэрээ байгуулах, тухай компаниас олгодог зөвшөөрөл хүсэх зэрэг багтаж байна.

Хуулиа ийнхүү баталжээ. Харин одоо дээрх хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд Авлигатай тэмцэх газрыг шахаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Нэг ёсондоо тус газар “жараахай”-тай бус баяжиж хөлжсөн “акулууд”-тай тэмцэх боломжтой болсон байна. Хэрвээ Авлигатай тэмцэх газар хуулийн хүрээнд ажиллавал  Монгол Улс авлигын индексээрээ 120 дугаар байраас урагшилж, 100-гаас дотогш байранд шилжих учиртай ажээ. Харин Авлигатай тэмцэх газрынхныг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж байх юм байна.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж