
Энэ тухай БСШУЯ-ны барилга захиалагчийн ажлын албаны инженер З.Цэндзаяагаас тодрууллаа.
– Улсын хэмжээнд цэцэрлэг барих хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх вэ?
-Дэлхийн банк энэхүү ажил дээр хамтарч, ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм. Ингээд Дэлхийн банк болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барих ажлыг өрнүүлэх юм. 2011-2012 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 170 орчим мянган хүүхэд хүмүүжиж байна. Өнгөрсөн жил нийслэлийн 275 цэцэрлэгт 56211 хүүхэд хамрагджээ. Үүнийг өмнөх онтой харьцуулбал цэцэрлэг 19-өөр нэмэгдэж, албанд явах хүүхдийн тоо 7414-өөр өссөн байна. Гэсэн ч энэ тоо дэндүү чамлалттай. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд цоожтой хаалганы цаана өдөржин ганцаар хоцорч байгаа 80 гаруй мянган хүүхдүүд байдаг. Тэдний цэцэрлэгт явдаггүйганцхан шалтгаан бол цэцэрлэгт орон тоо байхгүй байгаа юм.
-Шинээр баригдах цэцэрлэгүүд ойролцоогоор хэдэн хүүхдийг хүлээн авах чадалтай байх бол?
-Эдгээр цэцэрлэгийг ихэвчлэн хотын захын хорооллуудаар барих төлөвлөгөөтэй байна. Ойролцоогоор нэг цэцэрлэгт 100 хүүхэд хүмүүжих хүчин чадалтай бөгөөд 330 орчим сая төгрөгийг төсөвлөсөн. Ямартай ч энэ онд цэцэрлэгт хүмүүжих хүүхдүүдийн тоо нэмэгдэх сурагтай байна. Цэцэрлэгүүдийг энэ оны сүүлч гэхэд барьж дуусгах төлөвлөгөөтэй байна