
ОХУ-д зохион байгуулж буй “Miss Asia Moscow” хэмээх олон улсын интернэт тэмцээнийг Монгол бүсгүй тэргүүлж байгаа талаар хэвлэлээс уншлаа. “Монголчууд үнэхээр мундаг юм аа” гэж бодсоор үргэлжлүүлэн уншихад Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуульд суралцдаг Ц.Номин хэмээх оюутан охин 13227 оноо авсан аж. Түүний энэ оноо гуравхан цагийн дотор 10 мянга гаруй саналаар нэмэгдсэн гэнэ. Гэхдээ Ц.Номингийн санал ийн огцом нэмэгдсэнийг Оросын мэргэжилтнүүд Монголын хакеруудтай холбон тайлбарлаж байгаа юм байна. Үүнийг уншаад Монголынхоо хакеруудаар бахархах шиг. Тэд дэлхийн томоохон гүрэн болох Оросын хараанд өртөж чадаж байна шүү дээ. Зөвхөн миссийн энэ тэмцээн гэлтгүй бусад улс орны нууцтай холбоотой мэдээллийг түвэггүйхэн олж чадах нь. Угаасаа улс орныг байлдан дагуулах, өөрийн эрхшээлдээ оруулах, бас зарим нэг юмыг жишим ч үгүй хулгайлах сэтгэхүй бидний генд нь бий. Юу гэвэл, дээр үед эхнэр болгох хүнээ шууд л хулгайлаад гэртээ авчирснаа “гэрлэсэн” гээд бодчихдог хээгүй улс байсан. Бас баян айлын мал хулгайлан ядууст өгч буян үйлддэг хүнийг “Шилийн сайн эр” хэмээн хүндэлдэг байв. Хулгай гэсэн нэртэйгээр буян хийж байгаа юм чинь үр дүн нь “сайн” л гэж гарна. Үүнтэй адил Оросын мэргэжилтнүүдийн хараанд өртсөн манайхны хакеруудын хийсэн энэ үйлдэл нь Монголынхоо нэр хүндийг гаргах бас нэг үзүүлэлт юм. Ийм учраас тэднийг буруутгах хэрэггүй. Харин ч талархах учиртай болов уу. Хакер гэж өндөр мэдлэг, боловсролтой, авъяас, чадвар нь дээд цэгтээ хүртэл хөгжсөн хүнийг хэлнэ. Тэгэхээр Монголын хакерууд муу нэрээр бус мэдлэг, чадвараараа Оросынхны хараанд өртсөн байж таарах нь. Харамсалтай нь хакерууд нууцаар үйл ажиллагаа явуулдаг учир тэдний царайг олж харна гэдэг хэцүү. Бусдыг хакердаж байгаа юм чинь өөрсдөө бусдад олдоно гэдэг юу бол. Ямартай ч Монголын хакерууд мундаг учир оросууд хардсан байх аа. Тэрхүү Монгол хакерт баяр хүргэе.
“Улс төрийн тойм” сонин