Я.Батсуурь: УИХ-д гуравдагч хүчнийхэн орж ирээсэй гэж боддог

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Я.Батсуурь: УИХ-д гуравдагч хүчнийхэн орж ирээсэй гэж боддог

УИХ-ын гишүүн Я.Батсуурийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ардын намынхан зур­гаан сайдаа дотроосоо сон­гочихоод байгаа. Гэвч Ерөн­хийлөгчийн зү­гээс үүнд нэ­лээд шүүмж­лэлтэй хан­даж буй. Ха­рин таны хувьд хэрхэн хү­лээж авч бай­гаа вэ?

-Энэ бол Ардын намын дотоод асуудал учир тэ­рийг тавьж болохгүй, энийг болно гэж хэл­мээргүй байна. Гэхдээ Монгол Улсын хөгжилтэй холбоотой болохоор сайдын албан ту­шаалд тохирох хү­мүүсээ сон­гох хэрэгтэй.

-Таныхаар тохирох хү­мүүсээ сонгосон болов уу?

-Сайд нараа УИХ-ын гад­­наас сонгосон бол илүү үр дүн­­тэй байх байсан юм. Ерөн­­хий­лөгчийн тавьж буй са­на­­лыг зөв гэж бодож байна. УИХ-ын гишүүн, сайдын  ал­­бан тушаалыг хашаад дав­­хар удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл ши­нэ сайд нар төдий­лөн сайн ажил­лаж чадахгүй байх. Наанадаж ачаалал нь ихсэнэ шүү дээ.

-Хамтарсан Засгийн га­зар тарсныг зөв гэж үзэж байгаа юу?

-Хамтарсан Засгийн газрыг байгуулснаар эдийн засгийн хямралыг даван туулж, бүтээн байгуулалт эхлүүлж, уул уур­хайн томоохон ордуудыг эр­гэлтэд оруулсан гээд олон ажлыг хийсэн. Энэ бол яах аргагүй хамтарсны үр дүн. Ардын нам, Ардчилсан нам бол Монголын улс төрийн гол хоёр хүчин. Тиймдээ ч ирэх сон­гуулиар хамтдаа орохгүйгээс хойш манай нам Засгийн газраас гарах нь зөв байсан. Ардчилсан намд улс орныг удирдах “Монгол хүн-2020” гэсэн хөтөлбөр бий. Ер нь ма­най нам сонгуульд орохдоо том мөрийн хөтөлбөр боловсруулж оролц­дог. Мөн бид хамтарсны үр дүнд Монголын нийгэмд эерэг уур амьс­галыг бий болгож, улстөржсөн байдлыг намжаасан гэж хэлж болно. Ер нь улс төрийн хоёр хүчинтэй байх уу, олон намын тогтолцоонд шилжих үү гэдэг асуудлыг төрийн бодлогын хэм­жээнд шийдвэрлэх шаардлагатай юм.

-Танай намынхан одоо сөрөг хүчнийхээ үүргийг гүй­цэтгэнэ. Ардчилсан намынхан “Эхэд урамшуулал олгох тухай хуу­лийн төслийг батална гэж буй бол хүүхдэд мөнгө олгох тухай ч ярих хэрэгтэй” хэмээн бойкот хийж байгаа. Тэгэхээр сөрөг хү­чин байснаараа ямар ч ажлыг урагш­луулж чадахгүй гэх юм?

-Бид хамтарч ажилласнаараа бие, биенийхээ ажилд саад учруулдаг, туйлширч, улстөрждөг байдлыг багас­гасан учир ийм асуудал гарахгүй болов уу гэж найдаж байна. Ардын нам, Ардчилсан намынхан улс ор­ныхоо язгуур эрх ашгийн төлөө гол чухал асуудлыг шийдвэрлэх талаар байр сууриа нэгтгэсэн.

-Сонгууль дөхөхөөр салж, сон­гуулийн дараа хамтардаг байдал УИХ-ын 2012 оны сонгуулийн да­раа давтагдахгүй гэх баталгаа бий юү?

-Энэ нь тухайн үеийн сонгуулийн үр дүн, улс төрийн нөхцөл байдлаас хамаарна шүү дээ.

-Ирэх сонгуулийн дараа авсан суудлын тоо тэнцвэл хоёр нам хамт­­рахаас өөр арга байхгүй гэж үү?

-Дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрэх хандлагатай байна. Ийм нөхцөлд Монгол Улс хөгжлийнхөө их чухал үетэй золгож байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямра­лыг хохирол багатай давах, улс орны хөгжлийн чухал асуудлыг шийд­вэрлэх үүднээс тухайн үед бид хамтарсан. Дахин хамтрах эсэхийг одоо хэлж мэдэх­гүй юм.

-Таны хувьд Ардчилсан нам Н.Ал­танхуяг даргатай ирэх сон­гуульд өрсөлдөх нь зүйтэй юү. Учир нь намын зарим гишүүн на­мын даргыг солих хэрэгтэй хэмээн нэлээд шүүмжилж байгаа шүү дээ?

-Гарман дээр морио солихгүй байл­гүй дээ. Сонгууль дөхсөн энэ үед намын даргыг солихгүй байх. Н.Алтанхуяг дарга 2009 онд Ард­чил­сан намыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Сонгуульд ялаг­дал хүлээсэн үед намын даргаа сольдог. Энэ утгаараа Ардчилсан на­мын даргыг солих асуудлыг ярихгүй байх.

-Үндэсний зөвлөлдөх хорооны өнгөрсөн хуралдааны үеэр Н.Ал­тан­хуягийг солих тухай яриа гарсан боловч “Алтангадас” фрак­цийнхны өмнө хүч мөхөсдсөн гэдэг юм билээ?

-Энэ асуудлыг тодорхой хэм­жээ­гээр ярилцсан. Олонхиороо “Хэ­лэлцэх шаардлагагүй” гэж үзсэн.

-“Ардчилсан намыг дотоод ард­чилалгүй болжээ” гэдэгтэй та санал нийлэх үү?

-Үүнтэй санал нийлэхгүй. Ард­чил­сан нам хамгийн ил тод үйл ажил­лагаатай, ардчилсан хэвээрээ байгаа. Ардчилалгүй нам асуудлаа нээлттэй ярил­цаж, шүүмжилж чаддаггүй. Харин бид бол өөр. Манай намын дарга нар гишүүдийнхээ хатуу хянал­танд ажилладаг. Түүнчлэн намын фракциуд алдаа, оноог нь хэлдэг. Энэ нь Ардчилсан намын хамгийн том давуу тал. Үүний үр дүнд авлига, хээл хахууль зэрэгт хутгалдалгүй цэвэр байдаг.

-Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан хэзээ болох вэ?

-Энэ талаар одоохондоо мэдэгд­сэн зүйл алга.
 
-УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Таны хувьд мажоритари, пропор­ционалийн алинд нь нэр дэвших бодолтой байна вэ?

-“Би тэнд нэр дэвшинэ” гээд өөрөө шийдчихдэггүй. Сонгуулийн тухай хуулийн дагуу намаас хэн нэр дэвшихийг тухайн намын удирдах байгууллага шийддэг.

-Нэр дэвшихээр горилж буй хү­мүүсээс 50 сая төгрөгийн татвар авч байгаа. Энэ нь Сонгуулийн ши­нэ хуультай зөрчилдөх юм биш үү?

-Сонгуулийн тухай хуулийг зөрч­сөн зүйл байхгүй. Харин ха­рамсалтай нь үүнийг хориглосон хуу­лийн зохицуулалтгүй, сонгуу­лийн санхүүжилтийг тусгайлан хуульч­лаагүйгээс болж ийм асуу­дал гарч байгаа юм. Бусад оронд сонгуулийн санхүүжилтийг зохи­цуулсан хууль бий. Ингэвэл сон­гуульд өрсөлдөж буй хүмүүс шу­даргаар өрсөлдөх боломжийг хан­га­даг учиртай. Сонгуулийн шинэ хуулиар мөнгөөр сонгогддог асууд­лыг тодорхой хэмжээгээр хаасан нь дэвшилттэй алхам болсон. Цаашид Сон­гуулийн сурталчилгааны санхүү­жилтийн тухай хуулийг тусад нь батлах хэрэгтэй. Мөн намуудын сан­хүүжилтийг ил тод болгон хуульчлах шаардлагатай байна. Манай улсад хамгийн авлигажсан байгууллагаар улс төрийн намууд ороод байгаа юм. Түүнээс гадна намууд ямар сан­хүүжилтээр ордон, байр бариулав, шоу цэнгээнийг хэрхэн зохион бай­гуулав гэдгийг нээлттэй болгох шаардлага бий. Ийм хуульгүй байгаа бо­лохоор Монгол Улсад шударга ёс тогтоох, авлигыг арилгах, олигархийн тогтолцоог нураахад саад учирч байгаа юм. Тиймээс хуульчилж, зохицуулалт хийх цаг нь ирсэн. Тодруулбал, намуудад реформ хийх ёстой. Ерөнхийлөгч хүндэтгэлийн чуулганы үеэр тавьсан илтгэлдээ “Намуудыг өмч хөрөнгөтэй нь дахин бүртгэх хэрэгтэй” гэж байсан. Ер нь улс төрийн намууд байнгын үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Харин сонгуулийн өмнөх зургаан сард идэвхитэй ажилладаг байх нь зүгээр. Цаашлаад намуудыг бие даасан хөрөнгөтэй, өмчтэй байлгахыг хязгаарлах нь чухал юм.

-Тэгэхээр та 50 сая төгрөгийн татвар авч буйг юу гэж үздэг вэ?

-Буруу гэж үздэг.

-МАХН, МҮАН эвсээд улс тө­рийн холбоо байгуулан ажиллаж байгаа. Сонгууль угтсан тэдний үйл ажиллагааг хэрхэн харж бай­на. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энх­баяр, МҮАН-ын дарга М.Энх­сай­хан нарын эвслийн талаар байр сууриа илэрхийлвэл?

-Тэднийг хувь хүн талаас нь бус гуравдагч хүчин, бусад нам гэдэг өнцгөөс нь харж байгаа. Аливаа асуудлыг тал бүрээс нь зөвшилцөж байж шийдвэр гаргах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Тийм ч учраас гуравдагч хүчнийхнийг парламентад орж ирээсэй гэж боддог. Гудамжинд хашгирч байхын оронд УИХ-ын чуулганы танхимаас дуу хоолойгоо хүргээсэй гэдэг үүднээс асуудалд хандаж байгаа.

-Хамгийн гол нь тэднийг УИХ-д оруулах нөхцөл бололцоог Ардын нам, Ардчилсан намынхан хаадаг юм биш үү?

-Харин ч Сонгуулийн шинэ хуу­лиар хаалт гэхээсээ илүүтэйгээр нээлт хийсэн гэж бодож байна. Сон­гуулийн тухай хуульд УИХ-аас намуудын нэрсийн жагсаалтаар суу­дал авах босгыг таван хувиар тогтоож өгсөн. Энэ нь улс төрийн гуравдагч хүчнүүдэд маш том боломж.

-Сонгуулийн тухай хуулийг Орон нутгийн сонгуулийн тухай хуультай хамтад нь явуулах гэж байгаа нь хэр оновчтой бол?

-Эдгээр сонгуулийг хамтад нь явуулах нь маш зүйтэй алхам. Дөр­вөн жилд гурван тусдаа сонгууль явуулснаар нь улс орны хувьд асар их зардал гаргадаг. Иймээс УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн ту­хай хуулийг тусад нь явуулах ту­хай ярихгүй байх. Түүнчлэн Ерөн­хийлөгчийн сонгуулийг энэ хоёр сонгуультай хамтад нь явуулах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, дөрвөн жилд нэг удаа л сонгууль явуулдаг байх ёстой юм.

-Төрд бизнесийнхний нөлөөл­лийг хэрхэн багасгах хэрэгтэй юм бол. Бизнесийнхний нөлөө их бай­гаа нь шатахууны үнээ нэмсэн нефть импортлогчдын үйлдлээс ха­рагдаж байна?

-Улс төр, бизнесийнхнийг салгах үүднээс Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Бизнес эрхлэгчид УИХ-д ороод ги­шүүнийхээ бүрэн эрхийг ашиглан өөрийн бизнесийг амжилттай явуул­на гэж зорьж байсан бол үүнийг уг хуулиар хааж байгаа юм. Улс төр, биз­несийн салбар холилдсоноос болж олигархи бүлэглэл үүссэн. Анх 1992 онд иргэд УИХ гэдгээ сайн ойлгохгүйгээр бөхчүүд, дуучид, зохиолчдыг сонгож байв. Дараа нь 1996, 2000 онуудад Ардын нам, Ард­чилсан намынханд туйлшран сон­голт өгч байлаа. Харин 2004 оноос хойш тойрогтоо ажил хийсэн, сон­гогчдодоо мөнгө өгч байсан нэр дэвшигчдийг сонгосон юм. Ингэс­нээрээ бизнесийн төлөөллийг пар­ла­ментад олноор оруулж ирсэн. Нефть импортлогчид гурил, элсэн чихэр импортлогчид шиг олон байсан бол зах зээлийн замаар шийдэг гээд орхиж болох юм. Гэтэл одоо 10 гаруй нефть импортлогч бий. Тиймээс гаднаас орж ирж байгаа бензиний импортын үнийг бууруулахын тулд ОХУ-ын Засгийн газартай яриа хэлэлцээр эхлүүлэх шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж