
Ам.долларын ханш унасан нь үнэт металын үнийг өсгөж байгаа аж. Алтны ханш сүүлийн зургаан долоо хоногийн дээд үнэд хүрэхэд ойрхон байна. Нэг унци мөнгө 32 ам.долларт хүрч, он гарснаас хойш 15 хувиар өссөн бол нэг унци алт 1,680 ам.доллараар худалдаалагджээ. Евро бүсийн өрийн хямрал, Ираны эсрэг явуулж буй эдийн засгийн хориг зэрэг нь хөрөнгө оруулагчдад дэлхийн санхүүгийн тотголцоонд үнэт метал ямар ач холбогдолтойг харуулж байна. Энэ сарын эхээр Иран, ОХУ гадаад худалдааг ам.доллараар биш, үндэсний мөнгөн тэмдэгтээр хийхээр болсон. Иран улс Энэтхэг, Хятад, Японтой газрын тосны худалдааг ам.доллараар хийхээ больсон талаар тус улсын үндэснийн мэдээллийн “Fars” агентлаг мэдээлсэн юм. Харин өнөөдөр Европын холбоо Ираны түүхий нефтийн худалдаа, тээвэр, импортод дахин хориг тавьснаа зарласан юм. Европ Иранаас импортолдог нефтийн хэмжээгээр Хятадын дараа ордог. “Ройтерс”-ийн мэдээлснээр ЕХ-ны орнуудын Ирантай байгуулсан газрын тос, шатахуун худалдаалах одоо хэрэгжиж буй гэрээ ирэх долдугаар сарын 1-нд дуусах гэнэ. Шинэ оны өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ираны эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авах хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм. Ираны газрын тосны салбарын эсрэг чиглэсэн уг хориг нь экспортын 90 хувийг хаах зорилготой юм. АНУ-ын хориг тавьж буй өөр нэг чухал салбар нь Ираны Төв банк. Европын холбоо Ираны Төв банкинд алт, үнэт метал худалдахыг хориглоод байгаа аж. Энэ хориг нь Ираны цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн санхүүгийн эх үүсвэрийг хаах зорилготой гэж ЕХ тайлбарласан. Харин ОХУ болон Хятад улс Ирантай бизнесийн харилцааг цаашид хадгалах болно гэдгээ нуухгүй байгаа юм.