
Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-т, “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан нь сайдын ажлыг заавал УИХ-ын гишүүн хийнэ гэсэн үг биш гэж ойлгож буйгаа Ерөнхийлөгч хэлсэн юм. Давхар албан тушаалтай байж болно, үгүй ч байж болно гэсэн энэ зохицуулалтаас муу жишгийг нь халаад, сайнаар нь явъя гэж Ерөнхий сайдад тэр МАН-ын даргынх нь хувьд санал болгосон зарчмаа нэхсэн хэрэг. Хоёр албан тушаалыг нэгэн биед давхар тохохгүй байхыг сайн жишиг гэсэн нь тэр. Засгийн газар бол УИХ-ын өмнө тайлагнадаг байгууллага. Аль алинд нь гишүүнчлэгддэг хүмүүс энэ хариуцлага, хяналтын тогтолцоог алдагдуулж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалуудын эрэмбэ дарааг алдагдуулж гүйцсэнийг шүүмжлэхдээ “УИХ-ын гишүүнийхээ ажлыг дийлэхгүй шахам байж Засгийн газрын гишүүн болно гээд орж ирж байгааг зогсоох ёстой” гэж хатуу мэдэгдлээ.
Дээрх “муу жишгийг таслан зогсоох” ажлыг зонхилогч намуудын удирдагч нар л хийнэ гэсэн байр сууринаасаа тэр Сү.Батболдод санал болгож, сайн жишиг тогтооход нь Ерөнхийлөгчийн зүгээс туслахаа амласан аж. Гэвч МАН-ын дарга энэ талаар өөрөөс нь өөр үзэл санаатай байгаад тэр үнэхээр эгдүүцсэн бололтой. Ерөнхий сайд түүний нэхлийн хариуд “өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмийн хүрээнд Засгийн газрын гишүүдэд нэр дэвшүүлэх ажлыг хийсэн”-ээ хэлнэ лээ. Ингэхдээ мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дотроос Үндсэн хуулийг онцолсон нь яг Ерөнхийлөгчийн ярьсан өнөө “муу жишиг”-ийг хэлсэн хэрэг байсан юм. Тэмээ гэхээр урдаас нь ямаа гээд байхаар хэн ч мэдээж уурлаж л таарна биз дээ?
“Үндсэн хууль бол бүх юмны хаалт биш” гэсэн нь Ерөнхийлөгчийг дотроо хэчнээн багтарч байгааг хангалттай илэрхийлээд өгсөн. Илэрхий, Үндсэн хуулийг баримтлахгүй байж болно гэж хэлээгүй ч төрийн тэргүүний хувьд ингэж ярих хэрэггүй байсан болов уу. Тэр бүү хэл Засгийн газартаа Үндсэн хуулийг баримтлахгүй байхыг санал болгох нь нийгэмд харин ч өөрийнх нь ярьснаар “буруу жишиг” тогтоож мэдэх урхагтай.
Түүний МАН-д, хууль ёсоор бол Ерөнхий сайдад өгсөн таван хоногийн хугацаа өнөөдөр дуусч буй. Тодруулбал, тэр орон нутгийн томилолтоос ирж байгаа. Өмнөговьд ажиллах хугацаанд нь АН-ын сайд нарыг хүсэлтийнх нь дагуу УИХ-аар үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх, өнөөх “сайн жишиг”-ийнхээ дагуу нэр дэвшигчдээ эргэж харахыг даалгаад явсан. Мөн, сайдад нэр дэвшигчдэд салбар салбарынхаа ажилтай танилцах, өмнөх сайд нартайгаа уулзах, Д.Хаянхярваа гишүүнд Хонгор сумынхантай очиж уулзахыг үүрэг болгосон. Ц.Дашдоржийг Өмнөговь руу өөрөө дагуулж явсан.
Өмнөх сайд нарыг чөлөөлж байж дараагийнхыг нь томилох учиртай гэсэн түүний сануулга үйл явдлын дэс дарааллын хувьд зүй ёсны шаардлага. Засгийн газраа огцруулж, бужигнуулж, ахин дахин бүрдүүлж явсан туршлага Ерөнхийлөгчид хангалттай бий. Хамгийн гол нь Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй, зогсолтгүй явагдаж байх зарчим талаас нь хандаж шинэ, хуучин сайд нарын дунд хийдэл гаргахгүй байх явдал амин чухал гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэднэ. “Үүрэг гүйцэтгэх” хэмээх статус ажлын эрчмийг сулруулж, аливаад улстөржсөн байр сууринаас хандахад хүргэдгийг ч тэр сайн мэднэ. Хууль зүйн хувьд эхлээд чөлөөлж, дараа нь томилох ёстой гэсэн дарааллыг чанд мөрдөх тухай зохицуулалт байхгүй. 2008 онд шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүдийг УИХ-ын 16 тоот тогтоолоор томилоод, өмнөх сайд нарыг нь 17 тоот тогтоолоор чөлөөлж байсан. Дарааллын хувьд Ерөнхийлөгчийн ярьснаас эсрэг байж болохыг илтгэсэн ийм тохиолдол халаа, сэлгээний түүхэнд цөөнгүй бий.
УИХ-ын гаднаас нэр дэвшүүлсэн гурван кандидатын талаар тэр юу ч хэлээгүй. Өөрийнх нь байр суурьт нийцэж байгаа төдийд бус ерөөсөө У.Хүрэлсүх, Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нар Ерөнхий сайдын тун зөв сонголт байсан болохоор тэр байх. Олон нийт ч “гаднын” гуравт ам сайтай байгаа. Өмнө нь хоёр ч удаа сайдын алба хашиж, Засгийн газрын танхимд багтаж явсан МАН-ын генсект Тэргүүн шадарын зангараг бий. Хамгийн гол нь өнөөдөртөө нам дотроо гоцлон тоглож байгаа түүнийг сонгуулийн өмнө дэргэдээ авчрах нь Сү.Батболдын хувьд улс төрийн шийдэл. Сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгсөн Д.Цогтбаатарыг Ерөнхий сайд зөвлөхөө болгосон нь санамсаргүй байгаагүй мэт одоо харагдаж буй. Дипломатчийнхаа хувьд өө сэвгүй гэж болох түүнд улс төрчийн чансаа суух ирээдүй бий. Харин Н.Хүрэлбаатар бол улс төрчийн хувьд битүү морь. Эрүүл мэндийн салбарт асрагчаас нь эхлээд Төрийн нарийн бичгийн дарга хүртэл нь ажилласан энэ эрхмийг эмч, эмнэлгийн ажилтнууд их л тоодог юм билээ. Харьцангуй мэргэжлийн мэдлэг, чадвар шаарддаг энэ салбарыг дурын улстөрч удирдаж чадахгүй. Мэргэжлийн хангалттай туршлага, салбарынхандаа танигдсан чадвартай түүнийг сайд болгохоор нэр дэвшүүлснийг хамгийн нүдээ олсон сонголт гэж үнэлж болохоор.
Хэдийгээр Засгийн газрын гишүүдийн 50 хувьд ч хүрэхээргүй цөөн сайдын асуудал яригдаж байгаа ч нэр дэвшигчдээс нь МАН-ын дотоод бүлэглэлүүдийн дүр зураг илт харагдахаар болсныг онцлох ёстой. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Сайдын гурван суудалд МАН-ын 45 гишүүний 28 нэр дэвшсэн байх юм” гэсэн мэдээллийг твиттерээр түгээлээ. МАН дахь бүлэг, фракцуудын өрсөлдөөн сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улам идэвхижсэн байж магадгүйг үйл явдал харууллаа. Ийм нөхцөлд фракцуудынхаа төлөөллийг Засгийн газарт ижил тэгш хангах, өөр хоорондынх нь эв зүй, эрх ашгийг зохицуулах гэдэг Ерөнхий сайдад амаргүй байсан нь ойлгомжтой. Түүний сонголтонд залуу хүмүүс голдуу багтсаныг сайшаахаас аргагүй. Ж.Энхбаяр МАН-ын залуучуудын байгууллагынхны түлхээсээр Засгийн газар руу зүтгэсэн гэж тааварлаж болох ч Зүүний хүчний холбооны нөлөө орсныг ойрын эх сурвалж өгүүлж байна. У.Хүрэлсүхийг энэ холбоо болон НАМЗХ төдийгүй Ерөнхий сайд тэргүүтэй МГИМО-гийнхон дэмжжээ. МГИМО-гийнхны бас нэг хүн нь Д.Цогтбаатар. Д.Хаянхярвааг МАН-ын бүлэг дэх хуучинсаг бүлгийнхэн хөдөөгийнхөнтэй хамсан түлхсэн болов уу гэж таамаглахаар. Гэтэл чухамдаа М.Энхболд тэргүүтэй хотын фракцынхан зүтгүүлсэн байгаа юм. Ц.Дашдоржийн хувьд үндсэн түшиц нь Зүүний хүчний холбоо байсан гэх хүмүүсийн таамгийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэднээр дэмжүүлэхийн тулд мань хүн яасан нь илүү сонин. Учир нь эрүүл мэндийн шалтгаанаас болоод улс төрийн идэвхгүйгээр нэлээд удсан тэр одоохондоо фракцгүй хүн. Намдаа ч, салбартаа ч өндөр нэр хүндтэй Н.Хүрэлбаатарыг Сү.Батболдын чихэнд С.Баяр шивнэсэн гэх “сэжиг” МАН-ынхны дотор яригдаж байгаа.
Нам доторх бүлгүүдийнхээ давааг даваад гараад ирсэн Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн садаа тийм ч хүнд хэцүү биш. Түүний өмнөө барьж байгаа бамбай болох Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт 2000 онд орчихсон. Ерөнхийлөгчийг өөрийг нь Засгийн газрын тэргүүн байх үеийн гашуун сургамжаас үүдэж оруулсан энэ өөрчлөлтийг Ерөнхий сайд одоо өөдөөс нь барьж сууна. Гэхдээ түүнтэй зөвшилцөөд, дэмжүүлээд томилбол сайд нарынх нь төдийгүй Засгийн газрын өөрийнх нь нэр хүндэд хэрэгтэй. Нэр хүндтэй, нийгмийн дэмжлэгтэй Засгийн газар л ажил хийж чаддаг юм.
Зохиогчийн эрх: “Үндэстний тойм” сэтгүүл