Сайд нарын нэрийг өргөн барих гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Сайд нарын нэрийг өргөн барих гэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүн, сайдаар томилуулах хүмүүсийн нэрс бүхий зөвшилцөх бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр дахин хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Батболдод өнөө өглөө хариу албан тоот илгээж хариу өгчээ.   
 
Түүнд “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар У.Хүрэлсүхийг, Сангийн сайдаар Д.Хаянхярвааг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Цогтбаатарыг, Батлан хамгаалахын сайдаар Ж.Энхбаярыг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Дашдоржийг, Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатар нарыг тус тус томилуулах асуудлаар саналаа ирүүлэхийг хүссэн таны албан бичигтэй танилцлаа.
 
Миний бие өмнө нь хэлж, мэдэгдэж байсанчлан төрийн хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх эрх мэдэл бүхий Засгийн газар хоорондын эрх, үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгох, эрх мэдлийн хуваарилалтыг хангаж, хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Засгийн газрын гишүүнд Улсын Их Хурлын гишүүн бус хүнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй. Мөн хамтарсан Засгийн газрын үед байсан Тэргүүн шадар сайдын албан тушаал шаардлагагүй гэж үзэж буйгаа дахин нотолж байна.
 
Иймд Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилуулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч  “Тэргүүн шадар сайдын орон тоо хэрэгггүй, УИХ-ын дотроос сайд томилох ёсгүй” гэсэн байр суурь дээрээ хэвээр үлдэж, парламентын гаднаас санал болгосон Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг дэмжжээ. Гэвч энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийн санал юм.

Иймээс өнөөдөр Ерөнхий сайд С.Батболд шинээр сайдад нэр дэвшүүлсэн зургаан хүнийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх гэж байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж