Монгол ёсолгоонд олимпийн аварга тогложээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Монгол ёсолгоонд олимпийн аварга тогложээ

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, жүжигчин Б.Эрдэнэбилэг нарын тоглосон Монгол. Монгол ёс. Монгол ёслол хэмээх сурталчилгааны талаар олон нийт янз бүрийн яриатай байна. Үүнийг архи, тамхины далд сурталчилгаатай эндүүрч ойлгох хүн олон байна.

Ингэхэд Засгийн газрын соёл, урлагийн хорооны дарга архины рекламд тоглох ёс зүйн эрхтэй юү? Архины сурталчилгаа байсан бол хоёр дахь цувралд нь олимпийн аварга Б.Түвшинбаяр, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар тоглох байсан бол уу?

Хоёр дахь цувралд тоглосон гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өчигдөр студид ирж хоолойгоо бичүүлжээ. Ингэснээр хоёр дахь цуврал бэлэн болж, өнөө маргаашгүй олны хүртээл болох гэж байна.

Далд сурталчилгаа яван явсаар архи болдог зүй тогтол үйлчлээд удаж байгаа. Тэр ч утгаараа Монгол ёсолгоог хардах хүн олон байна. Энэ бол “архи тамхи, улс төр, бизнестэй ямар ч холбоогүй” гэж зохион байгуулагчид анхнаас нь мэдэгдэж буй. Энэ бол ёс, ёслол, зан үйл, угсаатны зүйн шинэ ойлголт юм.

Товчхондоо баярласан, хөөрсөн үедээ хоёр гараа дээш өргөн мөнх хөх тэнгэртээ хандаж байя гэсэн уриалга юм. Зан үйлээс бид шууд утга нэхдэггүй. Овоонд чулуу өргөх, цай сүүнийхээ дээжийг тэнгэр хангайдаа өргөх, мөрөө гаргах, долоон үеэр боов өрөх, эхнэр нөхөр хоёр золгохгүй байх зэрэг энэ бүхэн бол зан үйл юм. Зан үйл гүн далдын бэлгэшээлт утгатай байдаг. Монгол ёсолгоо бол үүний нэг хэлбэр юм. Монгол ёсолгоог төрийн дууллаа сонсч байхдаа, Ерөнхийлөгч наадмын нээлт хийсний дараа, овооны тахилга хийхдээ үйлдэж болно хэмээн зохион байгуулагчид ярьж байна.

Монгол ёсолгооны дараа дараагийн цувралд өөр олон алдартан  оролцохоор болоод байгаа аж.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж