Ерөнхийлөгч дотоодын хөрөнгө оруулагчдыг онцлов

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч дотоодын хөрөнгө оруулагчдыг онцлов

Энержи Ресурс компани Засгийн газартай 70 жилийн тогтвортой байдлын гэрээ хийх нь гэсэн яриа сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт ажлын айлчлал хийх үеэрээ Энержи Ресурс компаниар зочилж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцахын хажуугаар дээрхи асуудлыг компанийн удирдлагуудаас тодруулсан байна. 
Тогтвортой байдлын гэрээг уул уурхайн салбарын хувьд Хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэдэг бөгөөд хуулинд заасны дагуу 30 хүртэлх жилийн хугацаатайгаар байгуулж болдог. Бүр тодруулбал, уул уурхайн салбарт 300 сая ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хуулийн заалт бий. Үндэсний уул уурхайн Энержи Ресурс компанийн хувьд Ухаа Худаг уурхайг дагасан нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, ус хангамжийн систем, авто зам, орон сууцны хороолол гэх мэт дэд бүтцийн шийдлүүдэд нийт 600 гаруй сая ам.доллар хэдийн зарцуулчихаад байгаа төдийгүй 2012 оны эцэс гэхэд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь750 сая ам.долларт хүрэх юм байна. Энэ их хэмжээний хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгийн биржээс болон банкны урт хугацаат зээлийн санхүүжилтээр бүрдүүлж байгаа тул хөрөнгө оруулалтыг нөхөхөд олон жилийн хугацаа шаардагдах нь ойлгомжтой.   
-Энержи Ресурс компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал: 
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэдэг нь татварын хөнгөлөлт эдлэх тухай асуудал огт биш, харин одоо байгаа татварын хувь хэмжээ, нөхцлийг тодорхой хугацаанд хэвээр нь, тогтвортой байлгах тухай асуудал юм. Хуулинд заасны дагуу энэ гэрээг 30 жилээр хийж болдог. Өөрөөр хэлвэл 70 жилийн хугацаатай гэдэг нь угаас хуульзүйн хувьд ч тэр үндэслэлгүй яриа юм. Манай уурхайн хувьд 20 гаруй жилийн турш олборлолт явуулах учир 15 жилээр байгуулах ч боломжтой гэж үзэж байгаа. 
Монгол Улсын Засгийн газрын хувьд Хөрөнгө оруулалтын гэрээг гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж байсан тохиолдол нилээдгүй бий. Харин дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих асуудал яагаад удаашрал, бэрхшээлтэй байдаг тухайд Монгол Улсын төрийн тэргүүн байр сууриа илэрхийлсэн юм: 
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэдэг нь татварын орчинг одоо байгаагаас нь дордуулахгүй, өөрчлөхгүй хэвэнд нь байлгаж өгөх тухай яриа гэж ойлгож байгаа. Нэгэнт гадаад, дотоодоос их хэмжээний хөрөнгө босгож, зээл авчихсан тохиолдолд ийм нөхцөл яригдахаас өөр аргагүй. Бид өмнө нь гадны хөрөнгө оруулагчидтай ийм төрлийн гэрээ байгуулж, бүр татварын хөнгөлөлт үзүүлж байсан тохиолдлууд ч байдаг шүү дээ. Харин дотоодын хөрөнгө оруулагчид нь ажил хийе, босгоё бүтээе, ажлын байр бий болгоё гээд хөрөнгөө босгочихоор хамтарч ажиллахаасаа хойш суугаад байдаг улс орон байдаг юм уу? Өнөөдөр 20 хувийн татвартай байснаа маргааш нь 60 хувь болоод өөрчлөгдчихвөл ямар ч бизнес, бүтээн байгуулалт оршин тогтнож, санхүүжилт авах тухай бодолтгүй болно. Ер нь төр засаг дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг дэмжих тал дээр анхаарч ажиллах цаг ирсэн гэж бодож байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж