Феррари “F2008” загвараа Катарт хурдлуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Феррари “F2008” загвараа Катарт хурдлуулав

“Формула нэг”-ийн “Феррари” баг хамгийн сүүлд 2008 онд хаан ангилалд түрүүлж, Зохион бүтээгчдийн цом хүртсэн. Тиймээс тэд амжилт дагуулсан “F2008” загвараа Катарын нийслэл Доха хотноо авчирч, олны өмнө хурдлуулсан байна. 

Катарын Доха хот “Формула нэг”-ийн гран-приг хүлээн авах болоогүй ч тэдэнд авто спортын хаан уралдааны мэдрэмжээс хуваалцах завшаан тохиосон байна. Тодруулбал, хоёр дахь удаагаа “Катар мотор шоу”-г зохион байгуулах бэлтгэл ажлын үеэр тэд “Феррари”-гийн төмөр хөлгийг хурдны зам дээр гаргах боломжтой болжээ. Нийт гурван км урттай авто тойруулгад дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж байсан “F2008” загварыг харахаар 20 мянган үзэгч цуглажээ.

Туршин нисгэгч Марк Жин “Феррари”-гийн болидыг хурдлуулж, үзэгчдийн хүртээл болгосон байна. Тэрбээр 300 км/цагийн хурд авч байсан юм. Гэвч “Феррари”-гийн энэ болид түүх болон үлджээ. Сүүлийн жилүүдэд “Рэд Булл” бусдаас хол тасархай байгаа бөгөөд “Феррари” хоёр жил дараалан хүндхэн улирлыг үдсэн билээ. Тус баг 2012 оны загвартаа одоогоор нэр өгөөгүй байгаа бөгөөд хоёрдугаар сарын 7-10-ны өдөр болих туршилтын уралдаанд оролцохоор зэхэж байна. Алонсо, Масса гэсэн хослолоо авч үлдсэн тэд гуравдугаар сарын 18-нд Австралийн Мелбурнд эхний уралдаанаа хийх болно.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж