Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын удирдлах зөвлөгөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын удирдлах зөвлөгөөн болж байна

Төрийн ордны Их танхимд одоо Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн Мал эмнэлэг үржлийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын удирдлага, гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 490 гаруй хүн оролцож байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай дээрх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Монголын нийт ажилчдын 64.8 хувь нь хөдөлмөр эрхэлж буйг дурдаад, сүүлийн жилүүдэд газар тариалан хийгээд мал аж ахуйн салбар амжилттай хөгжиж байгааг онцоллоо. Тодруулбал, өнгөрсөн онд мал аж ахуйн үйлдвэрлэл 10, газар тариалангийн үйлдвэрлэл 30 гаруй хувиар тус бүр өссөн юм байна. Гэхдээ бэрхшээл багагүй байгааг ч сануулав. Тэр дундаа өвлийн бэлтгэлээ сайн базаасан гэсэн мэдээлэл ирүүлж байсан аймгуудын хувьд өвөл дөнгөж эхэлж, хоёр удаа цас ороход л “Өвс, тэжээлгүй болчихлоо, тусламж үзүүлэхгүй бол хэцүүдлээ” хэмээн сандарч, төрөөс үзүүлэх тусламж дулдуйдан суусан нь мэдээлэл хэр бодитой вэ гэдэгт дүгнэлт хийх цаг болж, энэ чиглэлийг хариуцаж ажилладаг албан тушаалтнууд ажилдаа хариуцлагатай хандах цаг ирснийг ч анхааруулав. Хэдийгээр хаврын урь орсон ч цаг наашлах болоогүй тул хаваржилт, төл мал хүлээн авахад анхаарах. Зудад малаа алдсан малчдыг малжуулах төсөлд хамруулах. Тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх. Малын сэг зэмийг цаг алдалгүй устгаж, ариутгалжуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх зэрэг ажлууд шил шилээ даран хүлээгдэж байгааг салбарын сайд энэ үеэр сануулсан юм. Мөн намар дахиад ирнэ. Тэр үед өвс, тэжээлийг хангалттай бэлтгэх. Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах ажлыг төгөлдөржүүлэх. Түүнчлэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас аймаг дундын отрын бүс нутгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бөгөөд үүнд орон нутгаас санал санаачлагатай ажиллахыг чухалчиллаа. Аймгууд санаачлага гаргавал тухайн отрын бүс нутагт эмнэлэг, сургууль зэрэг хэрэгцээт нийгмийн хамгааллын чиглэлийн үйлчилгээг бий болгоход анхаарч, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохыг дуулгав.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж