”Ямар үүрэг өгснийг шүүх хурлаар танилцуулна”

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

”Ямар үүрэг өгснийг шүүх хурлаар танилцуулна”

Санчиг нь бууралтсан эрхэм “Долдугаар сарын 1-нд болсон шиг аймшигт хэрэг явдал дахин бүү давтагдаасай” хэмээн мэдэгдлээ эхлүүллээ.

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн хэрэгт шалгагдаж буй цагдаагийн удирдах албан тушаалт­нуу­дын талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа мэдэгдэл хийж буй нь энэ юм. Энэ хэрэг шүүхэд шилжсэнээс хойш цагдаагийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчид ихээхэн мэдээлэл хийх болсон нь нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхөөс илүүтэй шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй гэж тэрээр үзэж байна. Гэхдээ энэ хэргийн нотлох баримтыг хангалттай цуглуулсан бололтой. Ямартай ч тухайн үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан Ч.Амарболд генералын хэлсэнчилэн цагдаа нарт зөвхөн сургуулилтын сум тараагаагүй нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, байлдааны сум тараасан нь нотлогджээ. Тиймээс цагдаагийн удирдлагуудын ярьж байсан нь худал мэдээлэл болох нь тогтоогдсон гэсэн үг.

Энэ хэрэгт цагдаагийн удирдлагууд ямар нэгэн байдлаар холбогдсон гэдгийг монголчууд байтугай гадаа­дынхан гадарлаж буй гэж Б.Галдаа хэлснээс үзвэл хэргийг нэгэнт нотлох баримтаар нотлосон бололтой. Тиймээс мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс тэрбээр мэдэгдэл хийж зарим асуултад хариуллаа. “АЭ” уншигчиддаа илүү ойлгомжтой хүргэх үүднээс тухайн мэдэгдэл, хариултыг тайлбартайгаар хүргэж байна.

ЦЕГ-ын удирдлагуудын зүгээс эл хэргийн талаар үнэн зөвийг гэхээсээ илүүтэй өөрсдийгөө хамгаалсан байр суурьнаас хандаж буй нь тэднийг тайлбар хийхэд хүргээд буй юм.

-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригтын өмгөө­лөгч тухайн үед манай үйлч­лүүлэгчид Ч.Амарболд гене­рал үүрэг, тухайн үүргийн да­гуу ажилласан гэсэн ярилцлага өг­сөн. Чухам ямар үүрэг өгсөн юм бэ?

-Тэр талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Ямар үүрэг өгсөнийг шүүх хурлын үеэр тодорхой танилцуулна. Тиймээс энэ талаар ярих боломжгүй.

-Онц байдал тогтоосны дараа үймээнд оролцогчдыг тараах үеэр хэн галт зэвсэг хэрэглэсэн бэ? гэх асуултын хариултыг,

-Галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь эрсдэж, зургаан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэдэг нь тов тодорхой хэрэг юм. Нөгөө талаар онц байдал зарласаны дараа хуульд заасан аргаар энэ үймээнийг албадан тараах үүргийг цагдаагийн байгууллага хүлээсэн нь бас үнэн. Тухайн үед бүх хөдөлгөөнийг хаасан. Явган зорчигчид, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Тиймээс тээврийн хэрэгсэл, иргэдийг шалгаж, тэдний биед байгаа ямар нэгэн галт зэвсэг, сэжигтэй баримтыг олж тогтоох үүргийг цагдаагийн байгууллагад хариуцуулсан нь зарлигт тодорхой байдаг. Бидэнд энгийн иргэн галт зэвсэг хэрэглэсэн, эсвэл барьж, хадгалж, тээвэрлэж явсан ямар нэгэн баримт мэдээлэл бидэнд ирээгүй. Албадан тараах үүргийг гүйцэтгэхдээ галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдэг үүргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас хоёрдмол утгагүйгээр үүрэг болгосон гэв. Үймээний дараа цагдаагийнхан “Бараан хувцастай этгээдүүд иргэд рүү буудсан” гэх мэдээлэл бий гэж байв. Тэгвэл тухайн үед хар хувцастай хүмүүс хэргийн газраар хүн хөөж буудах ямар ч боломжгүй байсан бөгөөд хөдөлгөөнийг хаачихсан байсан нь гэдэг Б.Галдаагийн хэлснээс илт байна. Түүгээр зогсохгүй жирийн иргэн галт зэвсэг барьж явсан гэдгийг нотлох ямар ч баримт олдоогүй аж. Тэгвэл Хэн буудав? гэдгийн хариултыг дараах ярианаас олох боломжтой.

-Хэн буудав. 

-Бид энэ хэргийг долдугаар сарын 4-нд хүлээн авсан. Тэр үед үзлэг хийсэн бүх тэмдэглэл, хэргийн газраас олдсон гэх 20 гаруй сумны хонгио гэх мэтийн зүйлсийг хүлээж авсан. Хамгийн түрүүнд энэ хэргийг шалгахдаа хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагын албан хаагчаас өөр хэн нэгэн этгээд галт зэвсэг хэрэглэж бусдын амь насыг бусниулах ажиллагаа явуулсан уу гэдэг талаас авч үзсэн. Тиймээс бид өөртөө байгаа байгаа бүх боломж, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон цагдаагийн байгууллагын рабортанд авсан зүйлс, манай албанд шууд хандсан мэдээллийг нэг бүрчилэн авч шалгасан. Түүнээс гадна энгийн иргэд энэ асуудалд холбогдсон уу гэдгийг энэ ажиллагаанд хамааралтай бусад байгууллагад хандаж зэвсэгтэй холбоотой мэдээллийг шалгасан. Тийм материал, мэдээлэл, зэвсэг, техник холбогдсон ямар нэгэн мэдээллийг хүсч ЦЕГ болон Эрүүгийн цагдаагийн газарт хандсан. Түүнтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл, хөндлөнгийн хүн оролцоогүй нь тогтоогдсон. Тэгвэл хоёрдугаарт юу байж болох вэ. Хэрэгт ногдсон хууль ёсны материалыг бүхэлд нь дүгнэж үзвэл  энэ замбараагүй байдлыг албадан тараах үйл ажиллагаанд галт зэвсэг хэрэглэсэн хэн хэрэглэв гэдэг дээр цагдаагийн албан хаагч байгаа гэдгээс өөр нотлох баримт бидэнд олдсонгүй. Энэ нотолгоог бид сэтгэлийн хөөрлөөр хийгээгүй, мэргэжлийн шинжээчийн байгууллагын дүгнэлт, хэргийн газраас олдсон бусад эд мөрийн баримт, цагдаагийн ажилтан галт зэвсэг хэрэглэсэн шүү гэдгийг гэрчилдэг 100 гаруй гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэдгийг бас хэлье гэснээс үзэхэд хөдлөшгүй баримтаар тогтоогджээ.

-Тэгвэл өршөөлд яагаад хамраг­дав?

Мэдээж өршөөлд хамрагдана гэдэг бол ямар нэгэн байдлаар буруутай нь тогтоогдсон гэсэн үг. Харин яагаад сэргээв гэдэг асуултыг хариултыг түүний дараах ярианаас мэдэж болно.
-Хэргийг яагаад сэргээчихэв. Зүйлийг нь яагаад цэргийн гэмт хэрэг болгочихов гэдэг талаар мөрдөн байцаалтын ажиллагааг буруутгасан чиглэлтэй мэдээлэл олонтаа гарч байна. Та бүхэн мэдэж байгаа байх. Энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнууд 2009 онд өршөөлийн хуульд хамрагдаж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Тэр үед энэ хүмүүс Эрүүгийн хуулийн 263,2 Эрүүгийн хуулийн 272,2-рт заасан үндэслэлээр яллагдагчаар татагдаж энэ хэрэгт шалгагдсан. Энэ хэрэгт шалгагдсан хүмүүс тухайн үед бидний хэргийг өршөөлд хамруулж өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлт гаргаж байна гэдэг бол тухайн үедээ бид энэ хэрэгт буруутай гэхдээ биднийг өршөөлд хамруулж өгөөч гэдэг зүйл цаана нь бол байдаг. Энэ утгаар өршөөлийн хуульд хамрагдсан.

-Тэгээд яагаад сэргээчихэв?

-Сэргээгдсэн үндэслэл бол энэ хэргийн холбогдогчид Улсын ерөнхий прокурорт хэргийг бүрэн дүүрэн шалгаагүй, энэ хэргийг үндэслэл муутай шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргасан юм билээ. Энэ гомдлын дагуу прокурор хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг сэргээж манай албанд ирүүлсэн. Үүний дагуу бид шалгаж, холбогдох ажиллагааг хэргийн нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааг хийсэн юм. Ингэсний үр дүнд хэргийн зүйчлэл өөрчлөгдсөн шалтгаан бол нэгдүгээрт, ЦЕГ-ын даргын албан тушаалын эрх зүйн байдалтай холбоо­той хүчин зүйл, хоёрдугаарт хэрэгт авагд­сан бусад нотлох баримтаас авч үзээд зүйл ангийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294,2 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан албан тушаалаа урвуулах буюу хэрэгжүүлээгүйгээс хүнд хор уршиг учирсан гэдэг зүйл ангиар өөрчилсөн юм билээ. Энэ бол мөрдөн байцаагчийн шийдвэр. Үүнд хөндлөнгөөс хэн ч оролцох эрх байхгүй. Би ч оролцох эрх байхгүй. Харин ингэж шийдээд өгсөн хэргийг прокурор үзээд шүүхэд яг энэ зүйл ангиар нь, өөр ямар нэг нэмэлт ажиллагаа хийх шаардлага байхгүй гэж шүүхэд шилжүүлсэн учраас эцсийн шийдвэрийг өнөөдөр шүүх гаргах учиртай. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ хэргийг шүүх хянаж үзээд, энэ албан тушаалтнуудыг гэм буруутай гэж тооцоход хүрэх юм бол их олон сөрөг үр дагавар гарна” гэсэн утгатай  мэдээлэл их гарч байна. Цагдаагийн байгууллагын нэр хүнд унана. Цагдаагийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл алдарна, цагдаагийн байгууллагад ажиллах хүмүүсийн тоо, сонирхол буурна гэх аясаар хандах хандлагууд их гарч байна л даа. Би үүнтэй санал нийлэмгүй байна. Энэ бол эцсийн эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого гэхээс өөрөөр тайлбарлаж чадахгүй байна. Тийм учраас ялангуяа эрүүгийн хэргийн талаар хөндлөнгөөс, зайнаас дүгнэлт хийх гэдэг бол зүгээр нэг хүний хийчихдэг ажил биш. Нэг бол тэд их гоц авьяастай хүмүүс байж таарна. Хэрэгт ямар баримт байгааг мэддэг үндэслэлээр ийм дүгнэлт хийгээд байна. Эсвэл өөр зорилго байна. Энэ хэргийн хажууд ойрхон байгаа би хүртэл хэргийн талаар эцсийн бүрэн дүүрэн дүгнэлт хийх ямар нэгэн эрх байхгүй. Үүнд манай хэвлэл, мэдээллийнхэн анхаарч олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргээсэй гэдэг үүднээс хэлж байгаа юм аа. Ер нь энэ үйл явцын улбаанаас галт зэвсгийн улмаас дөрвөн хүн амь эрсдэж, зургаан хүн эрэмдэг зэрэмдэг болсон нь яах аргагүй үнэн гэдгийг дахиж хэлье. Энэ галт зэвсгийг цагдаагийн байгууллагаас өөр албан тушаалтан хэрэглээгүй юм байна гэдэг нь хэргийн материалаас харагдаад байдаг юм билээ. Бид нэг зүйлийг анхаарч байгаа. Энэ ажиллагаанд галт зэвсэгээ зүүгээд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн ажилтан буруутай юу, аль эсвэл галт зэвсэг хэрэглэхгүйгээр албадан тараа гэдэг үүрэг авчихаад өөрийнхөө  удирдлаганд байдаг хүмүүст галт зэвсэг, бууг сумтай нь тарааж өгчихөөд хүний амь бусниулахад хүргэсэн албан тушаалтан буруутай юу. Аль эсвэл аль аль нь буруугүй юу гэдгийг өнөөдөр шүүх шийдэх байх. Тийм учраас бид шүүхийн шийдвэр гарахаас өмнө буруутай, үгүй гэж мэтгэлцээд байх шаардлагагүй. Энэ бол буруутай үгүйг тогтоох шүүхийн бие даасан хараат бус, дотоод итгэл үнэмшилд муугаар нөлөөлөх болов уу гэж би бодож байгаа юм. Тийм учраас энэ хэргийг шалгасан албаны байр суурьнаас мэдээллийг хийж байгаа гэдгийг зөвөөр ойлгоорой. Эцэст нь хэлэхэд, энэ хэргийг шалгах ажиллагаа шулуун дардан байгаагүй, энэ албанд асар их дарамт ирсэн. Энэ мөрдөн байцаах ажиллагааг сааруулах гэсэн, бэрхшээл учруулах гэсэн, гэрчүүдийн мэдүүлэгт нөлөөлөх гэсэн олон хандлагууд байсан.

Гэвч бид хуулийн дагуу шударгаар хандаж, энэ хэргийн цаана гарах гэж хичээж байгаа гэдгийг эцэст хэлье. Чухам үнэн нь шүүхийн шийдвэрээр тодорхойлогдох байх. Тэр цагт л бид буруу зөвийн тухай ярина уу гэхээс биш тэрнээс өмнө ярих боломгүй байна гэд­гийг хэлье. Анхаарал тавьсанд баярлалаа.

-Хэргийг шүүхэд хэзээ шил­жүүлсэн бэ?

-Шүүхэд хэзээ шилжүүлснийг прокурор хэлэх байх. Хэргийг манайх 2011 оны 12 сарын 12-нд поокурорт шилжүүлсэн.

-Цагдаагийн албан хаагчид буудах тушаал өгсөн юм уу?

-Тушаал өгсөн гэхээр их сонин байгаа юм.

-Тушаалгүй буудах уу. Тушаалыг хэн өгсөн юм бэ?

-Цагдаад бол буудах эрх байхгүй ээ. Цагдаагийн хуульд заасан долоон тохиолдол байдаг юм. Наад зах нь тэр хамгаалж байгаа обьект руу нь хүч хэрэглэн дайрсан, галт зэвсэг хэрэглэж дайрсан,  халдсан, хүнийг барьцаанд авсан ч гэдэг юм уу ийм тохиолдолд зэвсэг хэрэглэх эрх байгаа. Зүгээр энэ албадан тарааш үйл ажиллагааны үед цагдаа нар руу буу зэвсэг хэрэглээд дайрсан тохиолдол төдийлөн харагддаггүй. Ганц нэг чулуу мод хэрэглэсэн тохиолдол байдаг. Энэ нь галт зэвсэг хэрэглэхэд хүргэсэн үү гэдгийг би энд тодорхойлох боломжгүй. Зүгээр энэ хэргийг шалгахдаа зарлиг гаргасан хүн, Засгийн газрын толгойлж байсан хүн, Штабыг удирдаж байсан хүн гэх мэтээр энэ ажиллагаанд хамааралтай байж болох шалгалтыг хийсэн ч эцсийн эцэст тэднийг эрүүгийн хариуцлагад татах нотолгоо гараагүй учраас тэд нар тушаал өгчихсөн гэж баталж, нотлох юм надад алга.

-Цагдаагийн албан хаагчийн захиан дээр гарсан нотлох барим­тыг танайх шалгасан уу. Бууны замгийг зориуд сольсон энэ тэр гээд их зүйл байдаг шүү дээ?

-Дэвтэрт бичигдсэн гэдэг зүйлийн талаар урьд нь ч бас яригдсан. Мэдээлэл гарч ирсний дараа УИХ-д асуулга тавьж дэвтэрт холбогдсон зүйлийн хүрээнд шалгалт хийсэн. Бууны замаг гэдэг зүйл байгаа. Бидний шалгасан зүйл хэрэг дотор байгаа. Харин зүгээр тэрнээс хойш гарсан зүйл байх юм бол бид хавтаст хэрэгт оруулаагүй.

-Тэмдэглэл дээр гараад байгаа баримтуудтай танай албаны цуг­луул­сан нотлох баримттай таар­сан тохиолдол бий юу?

-Тэнд яригдаад байдаг зүйл бол ортой шүү дээ. Би үүрэгдсэн, заалгасан гэдгийг бол шударга цагдаагийн ажилтнууд хэлдэг. Ихэнхдээ бол бай­гуул­­лагынхаа удирдлагад захирагдсан юмнууд бий.

-Хүмүүсийн бичсэн өдрийн тэмдэглэл дээр янз бүрийн зүйл байдаг л даа. Ганц худагт өлс­гөлөн зарласан цагдаагийн бич­сэн зүйл байдаг. Хоёрдугаарт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бууны хонгионуудыг олсон нотлох баримт байгаа гээд байдаг. УИХ-ын гишүүнд хэргийн баримтыг задалж, өгөх эрх байдаг юм уу? 

-Х.Тэмүүжин гишүүний талаар надад хэлэх тайлбар алга. Хавтаст хэргээс материал гаргасан юм бол байхгүй. Хүмүүсийн өгсөн мэдээллийн хүрээнд асуудлыг ярьсан байх гэж би ойлгож байгаа. Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан нотлох баримтаас аваагүй гэдгийг би хэлье. Бусад тайлбарыг тэр хүнээс өөрөөс нь сонс.

Л.НАРАНТӨГС

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж