Цахим үнэмлэх ирэх сард хэвлэлтээс гарна гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэх ирэх сард хэвлэлтээс гарна гэв

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өчигдөр боллоо. Энэ өдөр нөөцийн мах зарж эхэлсэнтэй холбогдуулан мэдээлэл хийснээс гадна энэ сард олгох ёстой байсан цахим үнэмлэхний талаарх мэдээллүүдийг танилцууллаа.

 

Энэ долоо хоногт махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Шуурхай хуралдааны эхэнд Улаан­баатар хотын ерөнхий менежер Ч.Бат нөөцийн махны талаар мэдээ­лэл хийсэн юм.  Нөөцийн мах худалдаанд гаргаснаас хойш долоо хоногийн хугацаанд 316 тонн мах борлуулсан байна.  Зах зээлийн үнээс 1300-1500 төгрөгөөр хямд,  тэгсэн атлаа өөх мах нь алагласан сайн чанарын мах байгаа нь иргэдийн сэтгэлд нийцэж буй гэдгийг Ерөнхий менежер онцол­сон.  Нийслэлийн  хэмжээнд 319 хүнсний дэлгүүрт нөөцийн мах борлуулахаас 202 дэлгүүрийн үйл ажиллагаа жигдэрчээ.  Зарим дүүргийн хороонд нөөцийн мах худалдаалахгүй байна гэсэн гомдол ирж байгаа гэнэ. Тиймээс дүүргийн Засаг дарга нарт махны үнэ өндөр байгаа ийм үед иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд анхаарч ажиллахыг санууллаа.  Сүүлийн үед хөдөө орон нутгаас  орж ирэх махны ний­лүүлэлт бага байгаа нь үнэ нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй гэнэ.  Иймд энэ долоо хоногийн сүүлчээр махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулахаар болов.  Түүнчлэн цагаан сарын өмнө өргөтгөсөн худалдааг дахин зохион байгуулж махны үнэнд интервенц хийнэ гэв. Ингэхдээ жижиглэнгээр биш гулуузаар нь худалдах бололтой. 

Иргэдийн оролцоо, өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлажээ

“2012 оныг Иргэдийн оролцоо, өрхийн хөгжлийг дэмжих” жил болгон нийслэлээс зарлаад байгаа юм. Хотын ерөнхий менежер Ч.Бат уг ажлын хэсгийг ахалж ажиллах юм байна. Тэрбээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өнгөрсөн жилийн ажилд нийслэл хот  амжилт гаргаж нэг­дүгээр байрт шалгарсан.  Энэ жил энэ­хүү амжилтаа давтах учиртайг онцол­лоо. Иргэдийн оролцоог нэмэг­дүүлж өрхийн хөгжлийг дэмжснээр айл бүр орлоготой болох ёстой.  Нийслэлийн харьяа газрууд хотоос гаргасан төлөвлөгөөнд саналаа өгөхийг хүслээ. Мөн ирэх сарын 9-нд Нийслэл хүрээний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Нийслэл-Хүрээ 100 жил” сэдэвт архивын баримт, үзмэрийн үзэс­гэ­лэнг 2012 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр Монголын үндэсний музейд гаргахаар төлөвлөжээ. Энэ­хүү үзэсгэлэнд Үндэсний төв архив, Монголын үндэсний музей, Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй нийслэлийн түүхэнд хол­бог­дох баримт, эд өлгийн зүйл тавиг­дахаас гадна байгууллага, иргэ­дийн гар дээр хадгалагдаж буй нийслэлийн түүхтэй холбогдох хос­гүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримт бичиг, кино, гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэгийн баримтыг үзэс­гэлэнд тавьж олон нийтэд сонир­хуу­лах юм байна.


600 мянган бичиг баримтын зөрчил илрүүлжээ

Нийслэлийн бүртгэлийн газ­рын дарга Г.Анхныбаяр цахим үнэм­лэх­тэй холбоотой мэдээлэл хийв. Одоогийн байдлаар 16 наснаас дээш 816 мянган иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна. Энэ арга хэмжээнд хөдөө орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутан, хугацаат цэргийн албан хаагч, гадаа­дад ажиллаж амьдарч байгаа иргэд бүгд хамрагдсан гэв. Үр дүнд нь нийгмийн халамжийн чиглэлээр олгож буй тэтгэмж тэтгэлэг олгох иргэ­­дийн тоог гаргаснаас гадна цахим үнэмлэх олгох бааз суурь бүрд­сэн гэлээ. Мөн иргэний бичиг баримтын зөрчил арилгах бололцоо нээгджээ. Улсын хэмжээнд 600 мянган бичиг баримтын зөрчил илрүүлс­ний тал хувь нь нийслэлийн харьяат иргэдийн бичиг баримтын зөрчил байжээ. Г.Анхныбаяр “Ирэх хоёрдугаар сарын эхээр хэвлэлтээс гаргах цахим үнэмлэх олон улсын стандартад нийцсэн байна. Монгол Улсын төрийн билэг тэмдэг, далбаа, соёмбо, газрын зураг зэргийг байршуулсаны зэрэгцээ гал, нар, сарыг дүрсэлсэнээрээ онцлогтой аж. Шинэ иргэний үнэмлэхний нууцлал өндөр” гэлээ. Цахим үнэмлэх дээр байрлуулсан чип дээр тухайн хүнтэй холбоотой мэдээллийн санг /овог, нэр, оршин суух хаяг/ байршуулж өгсөн байх юм байна. Эхний удаад тус үнэмлэхийг хороогоор дамжуулан иргэдэд үнэгүй олгоно. Харин үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд дахин олгоход 10 мянган төгрөг төлж авах аж.  Хуучин үнэмлэх дээр хаягийн бүртгэл хийлгэхэд үнэмлэх дээр нь шинэ хаягийг нь наадаг байсан. Тэгвэл шинэ цахим үнэмлэхний тухайд шилжилт хөдөл­­­гөөн хийх тоолондоо шинэ үнэм­лэх авч байна. Одоогоор цахим үнэм­лэ­хийг яг хэзээнээс олгох нь тодор­хойгүй байна гэв.

Ш.Чимэг


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж