159 жилийн өмнө Лондон хотноо анх удаа тухайн үеийн Англи Улсын аж үйлдвэрийн хөгжил дэвшлийг дэлхий дахинд таниулах зорилгоор зохион байгуулагдаж байсан үзэсгэлэн 140 өдөр үргэлжилж, 6 сая хүн үзэж байлаа. Түүхэн урт удаан хугацааны турш, дэлхийн олон оронд зохиогдож байсан Экспо, 1970 онд Японы Осака хотод дараагийнхаа шинэ амжилтыг тогтоож, 64 сая хүн үзэж байсан юм. Харин өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотод нээлтээ хийсэн Экспо, олон шинэ дээд амжилтыг тогтоохоор байна. 2000 онд Германы Ханновер хотноо зохиогдсон Экспод 172 орон оролцсон нь хамгийн их оролцогчтой үзэсгэлэнгээр тооцогдож байсан бол энэ удаад Шанхайд 189 орон, олон улсын 57 байгууллага буюу нийт 246 оролцогч бие даасан павильонтой оролцож байна. Эдгээр орнуудаас 22 орон нь БНХАУ-тай дипломат харилцаагүй орон байгаа юм.
“Сайхан хот-Сайхан амьдрал” уриатайгаар зохиогдож байгаа энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд 20 орчим орны төрийн тэргүүн ирж оролцсоны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөнхийлөгч Н.Саркози, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак, ЕХ-ны Комиссын дарга Х.М.Бароссо нар байлаа. “Шанхай Экспо 2010” –ын нээлтийн ажиллагаа харь гаригийн хөлгийн загвараар хийгдсэн Шанхайн соёлын төвд болж, нээлтийн ажиллагааг 8 мянга гаруй тусгай төлөөлөгч үзэж сонирхсон бөгөөд, нээлтийн ёслолын хөтөлбөрийг дэлхийд алдартай шоу менежер болох Дэвид Аткинс найруулсан байна. Нийтдээ 2300 гаруй жүжигчин нээлтийн ажиллагаанд оролцсоны дотор алдарт кино од Жэки Чан, Японы дуучин Шинжи Танимура, алдарт төгөлдөр хуурч Лан Лан, дуурийн алдарт дуучин Андреа Бочелли нар оролцлоо. Энэ үдэш Шанхайн тэнгэрт 57 мянган ёслолын буудлага буудаж, дэлхийд хамгийн томд тооцогдох 280 метрийн урттай дэлгэцээр баярын үйл ажиллагааг үзүүлж байсан юм.
“Шанхай экспо 2010”-ыг зохион байгуулагчдын тооцоолж байгаагаар 6 сарын турш 70 сая хүн үзэх гэнэ. Экспог зохион байгуулахад Хятад улсын Засгийн газар 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн нээлтийн үеэр хэлснээр, Хятад улсын хөгжил цэцэглэлтийг дэлхий дахинд харуулсан гайхамшигтай арга хэмжээ ийнхүү нэгээр нэмэгдлээ. Том , бага гэлтгүй аль ч улс орны хувьд энэ үзэсгэлэн нь улс орноо дэлхий даяар сурталчлах том боломж болж байна.