
“Бороо гоулд” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл нь 2007 онд МҮЭ-д нэгдсэн гишүүн болсон бөгөөд компанийн нийт ажилтны эрх ашиг, сонирхлыг төлөөлөх бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан гэдгээ тус компанийн ҮЭ-ээс илэрхийлж байлаа. Энэ үеэр тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Баттөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Захиргааны шүүхэд өргөдөл гаргасан гэсэн. Ямар үндэслэлээр өргөдөл гаргасан юм бэ?
-“Бороо гоулд” ХХК нь “Бороогийн алтны үндсэн ордын ядуу агуулгатай хүдрээс алтыг нуруудан уусгах аргаар ялгах буюу Нуруулдан уусгах төсөл”-ийг 2007 оноос эхлэн боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр 2008 оны зургадугаар сараас 2009 оны дөрөвдүгээр сар хүртэл үйлдвэрлэлийн туршилт хийсэн. Туршилтаар Нуруулдан уусгах төсөл нь нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлгүй, Монгол Улсын зохих стандартын шаардлагын дагуу бүрэн хангаж байгааг нь тогтоогдсон байсан. Ингээд энэ төслийг хэрэгжүүлэхээр техниз эдийн засгийн үндэслэлийг дүгнэж батлах гарын үсэг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт зурах ёстой байсан. Өмнө нь туршилтаар үр ашигтай гэдгийг нь баталсан байхад хоёр жил гаруй хугацаанд гарын үсэг зурахгүй, ямар нэг хариу өгөхгүй явсаар өдийг хүрсэн. Үүнээс болж манай 40 гаруй ажилтан ажлын байргүй болж түүнээс болж эдгээр ажилчид, ар гэр нь орлогогүй болоод байна. Тиймээс ганцхан хүн гарын үсэг зураагүйгээс ийм олон хүн ажлын байргүй болж байгаад “Бороо гоулд” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахын тулд бид Захиргааны шүүхэд өргөдөл гаргасан байгаа.
-Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас юу гэсэн хариу өгч байгаа вэ?
-Бид 2008 оноос хойш жагсч, өлсгөлөн зарлаж, бүр ажил хаяж үзсэн. Гэтэл ямар ч арга хэмжээ авахгүй, сайдын гарын үсэг л дутуу байгаад байгаа юм. Бид Монгол Улсын ерөнхий сайдад ч хандаж үзсэн. ЭБЭХЯ руу бичиг явуулж даруй шийдэж өгөхийг хүссэн гэсэн. Гэтэл тус яамнаас ямар ч хариу өгөхгүй байсаар хоёр жилийн нүүр үзлээ. 40 гаруй ажилчин гэдэг бол их тоо. Тэдний цаана ар гэр, эдийн засгийн олон асуудал үүсээд байхад нэг сайдын гарын үсэггүйгээс өдий болно гэдэг байж болшгүй юм. Тиймээс л бид хэвлэлийхэнд хандаж байна.
-Захиргааны хэргийн шүүхэр та нарын хүссэн шийдвэр гарахгүй бол яах уу?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад хянадаг, шалгадаг газрууд нь зөвшөөрсөн. Хамгийн гол нь бид өөрсдөө туршиж үзээд байгальд сөрөг нөлөөгүй, нийгэм эдийн засгийн үр ашигтай гэдгийг туршилтаар гаргаад ирсэн байхад ганцхан харьяа сайд нь гарын үсэг зураад зөвшөөрөхөд болох зүйл юм. Бид ямар ч гэсэн хуулийн дагуу шүүхэд өргөдөл гаргасан. Хэрэв шүүх үнэнийг тогтоож чадахгүй Д.Зоригт сайдын талд шийдвэрээ гаргавал бид дараагийн арга хэмжээнүүдийг авч эхэлнэ. Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй болохоор тэгнэ гэж хэлж болохгүй. Гэхдээ шүүх үнэний талд байна гэдэгт бид итгэж байгаа. 40 гаруй хүний эрх ашиг хөндөгдөж байгаа шүү дээ.
“Бороо гоулд” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс өгсөн өргөдөлийг Захиргааны хэргийн шүүхээс хоёр сарын хугацаанд шийдвэрлэх учиртай. Хэрэв шаардлагтай бол 30 хоног нэмж эцэслэн шийдвэр гаргадаг юм байна.
