
Монголд худалдаалж буй талх тариа, гурил будаа, мах сүүний үнэ гэрлийн хурдаар өсч, төгрөг хичнээн хурдлаад ч үнийг гүйцэж чадахаа байсан, гутал хувцас, цахилгаан бараа гээд Монголд үнэ нь өсөөгүй бараа бүтээгдэхүүн өдгөө алга байна. Худалдаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэнээ шатахууны үнийн өсөлтөөр тайлбарлаж, гэнэтхэн огцом үнийн өсөлтөөр “бэлэг” барьсан импортлогчдыг үзэн ядах иргэдийн зэвүүцэл, бухимдал дээд цэгтээ хүрчихээд байгаа бололтой. Шатахууны асуудал Монгол Улсын эдийн засагт чухал хамааралтай, үнийн хэлбэлзэлээс нь бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ хамаардаг болохоор үгсэн хуйвалдсан нь, үнийг бодит бусаар нэмсэн нь шалгалтаар хэдийн тогтоогдчихоод байхад элдэв зүйл ярьж гүрийгээд байгаа импортлогчдод иргэд уурлах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ эцсийн эцэст эдийн засгийг ийм байдалд хүргэсэн нь импортлогчдын буруу биш юм. Бүхэл бүтэн эдийн засгийнх нь чухал асуудал ганц улсаас хараат байхын зовлонг байнгын амсч мэдэрдэг атлаа газрын тосны дээжээр энгэрээ мялааснаас хойш монголчууд өнгөрсөн 20 жилийн дотор яагаад нефть боловсруулах нэг ч гэсэн үйлдвэр барьж болоогүй юм бол. Үнэнийг хэлэхэд оросууд Монголд шатахуун нийлүүлэх албагүй, үүрэггүй. Үнэ ханшаа хэрхэн өөрчилж, хэнд хэдээр газрын тосоо зарах нь тэдний бодлогын асуудал шүү дээ. Тийм болохоор л Монголын төр эдийн засгийнхаа хөгжлийг урьдчилан харж, төлөвлөж чаддаг, амаа ажиллуулахаас илүү ажлаа хийдэгсэн бол ганцхан цохилтоор үнийн дарамт үүсгэж байгаа импортлогчдыг буруутгах шаардлага иргэдэд гарахгүй байсан биз.
Өнгөрсөн 2011 онд Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ой тохиосон. Бүтээгдэхүүн хуваах гэрээг Хятадын голдуу компанитай байгуулсныг эс тооцвол өнгөрсөн 71 жилийн хугацаанд Монголын газрын тосны салбарт гялтайх өөрчлөлт гарсангүй. Айлаас гуйхаар авдраа уудал гэдэг. Монгол Улс газрын хэвлийн доороо 1,6 тэрбумын “хар алт”-ны, 150 тэрбум тоннын нүүрсний нөөцтэй хэрнээ төдийгөөс өдийг хүртэл бусдын халаасанд амьдарч байгаагийн бурууг импортлогчдод тохоод эсвэл хэрэгжүүлэгч агентлагийнхаа хэдэн дарга нарыг халаад шийдчих амархан. Гэхдээ асуудал үүгээр дуусахгүй нь тодорхой. Учир нь Монгол үндэсний үйлдвэргүй, гадаад зах зээлээс эдийн засаг нь хараат байвал үнийн дарамт, өсөлтийн мэдээнд иргэд бухимдаж, импортлогчид буруутгагдсан хэвээр л байна. УИХ-ын нэр бүхий гишүүд, зарим эдийн засагчид нефть импортлох эрхийг төр өөртөө авахыг зөвлөж байна. Магадгүй өнөөхөндөө монополиудтай монополь аргаар тэмцэх шаардлагатай байж болох ч энэ нь цаашдаа эдийн засагт хэрэгтэй үйлдэл болж чадна гэдэг эргэлзээтэй. Төр нефть импортлох эрхийг өөртөө авлаа гээд оросууд газрын тосоо хямдхан зарах нь юу л бол.
Шатахуунтай холбоотой асуудал дэгдэнгүүт манай улстөрчид дуу нэгтэйгээр өлгөж аваад л эх орончийн дүрд хувирч, үүссэн асуудалд хэн нэгнийг буруутган, мундаг мөрдөгчийн ажлыг хийх мөртлөө гал намжингуут ярьсан, хэлснээ идэх хоол, унтах нойртойгоо холиод мартчихдаг худлаа биш. Яг нөгөө залхуу болжморын үлгэр шиг, бороо орохоор л нэг сайхан үүр барина даа гэж мөрөөддөг. Нар гарангуут нөгөөхөө мартчихдаг байдал монголчуудын хувьд гэм биш зан болчихож. Монгол Улсын шатахууны жилийн хэрэглээ 800 сая тонн гэвэл, бусад улсуудтай харьцуулахад инээдтэй санагдах ч хөнгөхөн шийдэх том боломж, амар гарц байсаар байхад “бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгч л болсоор байх хэрэггүйсэн.
Монгол Улс 1950-иад онд Зүүнбаянгийн ордод түшиглэн нефть боловсруулах үйлдвэрийг барьж, авто бензин, дизель түлш үйлдвэрлэж байсан гэвэл олон хүн гайхаж магадгүй. Энэ үнэн гэдгийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтнүүд нотлох биз. Өнгөрсөн XX зуунд автобензин, дизель түлшээ боловсруулж асан Монгол Улс техник технологийн гэх, дэвшилтэдXXI зуунд эдийн засгийн өсөлт хөгжлөөрөө бусдыг гайхуулж байгаа хэрнээ газрын тосны салбартаа ганц үйлдвэр барьж чадахгүй байна гэдэг туйлын харамсалтай.
Баялаггүй бол бас яая гэхэв. Гэтэл Монгол Улс 1998 оноос хойш нийтдээ есөн сая орчим баррель түүхий тос олборлож түүнийгээ бүгдийг нь Хятад руу экспортлосон байдаг. Энэ есөн сая баррель түүхий тосоо өөрсдөө боловсруулаад, үйлдвэрээ барьчихсан бол эдийн засаг ингэтлээ хямрахгүй байсан. Өнөөдрий үүсч байгаа нөхцөл байдлыг дүгнэвэл эдийн засгийг чиглүүлж байгаа төрийн бодлого буруу байна гэсэн олон удаагийн сануулгын зөвхөн нэг л үзэгдэл. Нефть боловсруулах нэг үйлдвэр барихад 500 сая ам.доллар хэрэгтэй гэдэг. Эх орны хишиг нэрээр иргэддээ тарааж буй 805 тэрбум төгрөгөөр нефть боловсруулах нэг үйлдвэр барих хангалттай боломж байжээ. Даанч бид ашиглаж чадсангүй. Цаашлаад сар шинийн өмнө тараахаар амлаад байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 334.2 мянган иргэдэд өгөх нэг сая төгрөгүүдийн нийлбэр болох нийт 334.2 тэрбум төгрөг,170 мянган оюутанд сар болгон өгч байгаа 70 мянган төгрөг, дээрээс нь сургалтын төлбөр хэлбэрээр олгосон нийт 83.6 тэрбум төгрөгийг нэмбэл нефть боловсруулах нэг үйлдвэр барьчих боломжтой байгаа биз. Харамсалтай нь хавтгайрсан халамжаар инфляцийг угжсаны балаг хоёр жилийн өмнө 33 хувьтай байсан ядуурлын хэмжээ 40 хувьд хүрчихээд байна. Засгийн газраас өнгөрсөн жил Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, энэхүү үйлдвэр нь хоногт 44 мянган баррель буюу жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд жилд 1,7 сая тонн орчим шингэн түлш үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоог гаргасан юу болж байгааг асууж сурагласан, ажил байдалтай нь танилцсан улстөрч байна уу. Дорнодод үйлдвэр барихад найман сар, Зүүн баянд үйлдвэр барихад 1.2 жил шаардана гээд байсан юу болж байна вэ. Баталгаат зэрэглэлийн газрын тосны нөөцийн хэмжээгээр дэлхийн 100 шахам орноос 42- жагсдаг Монгол Улс үйлдвэр барихынхаа оронд үнийг хөөрөгдсөн хэрэгтний эрэлд мордож байна гэдгийг сонссон хэн нэгэн гадаад хүн элгээ хөштөл инээж суугаа ч юм билүү, хэн мэдлээ.
