
Уулзалтын үеэр УИХ, Орон нутгийн сонгуулийн хууль, сонгууль явуулах тогтолцоо, нийгмийн хамгаалал, халамж, байгаль орчны асуудал гээд өргөн хүрээнд ярилцав. УИХ-ын дэд дарга Г.Батхүү, “Орон нутгийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлд ирж УИХ-ын гишүүдтэй уулзах нь тэр бүр тохиохгүй. Тиймээс ард түмний төлөөлөл, тэдний дуу хоолой болж сонгогдсон хүмүүсийн хувьд та бүхэн санал бодлоо чөлөөтэй ярилцах хэрэгтэй” гээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох, иргэд хамгийн сайн мөрийн хөтөлбөртэй намыг дэмждэг байх тийм тогтолцоо руу явах ёстой хэмээн онцоллоо. Тэрбээр “Улстөржилтийг баг, сумын төвшинд багасгах шаардлагатай. Хүүхдийг төрөхөд нь л аав, ээж нь тэр намынх юм чинь гэдэг байдлаар тамгалдаг байж болохгүй. Хүн сонголтоо чөлөөтэй хийх бололцоог бүрдүүлэх нь чухал” гэсэн юм.
Уянга сумын ИТХ-ын төлөөлөгчид Орон нутгийн сонгуулийн хуульд ямар өөрчлөлт орсон талаар сонирхож байлаа. Түүнчлэн баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын сонгууль өрсөлдөөнтэй, нэлээн их хэл ам гардаг, олон өрсөлдөгчтэй болдог тул хуульчлах шаардлагатай зүйл бишгүйг дуулгалаа. Нэг багт дор хаяж 5-6, зарим багт 9-10 хүн нэр дэвшдэг аж. Тиймээс УИХ, Орон нутгийн сонгуулийн төвшинд адилтгаж, хуулиар зохицуулах хэрэгтэй гэсэн санааг Уянгын төлөөлөгчид хэлж байв. Эх, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийг гишүүд дэмжих нь зүйтэй гэсэн санал ч гарлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр сонгуулийг нэг л зарчмаар явуулах байр суурьтай байгааг, мөн одоогоор Орон нутгийн сонгуулийн хуульд “гар хүрээгүй” байгаа. Тэтгэмжийн тухайд парламент сонгууль дуустал халамжийн хууль батлахгүй гэж бүлэг байр сууриа илэрхийлсэн. Нэгэнт мөнгө, урамшуулал амлахыг хориглосон Сонгуулийн хуулийг баталсан болохоор хуулиа мөрдөх ёстойг УИХ-ын дэд дарга онцолсон юм.
Төлөөлөгчид мөн Уянга суманд алтны олон жижиг компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдний зүгээс “Урт нэртэй хууль”-ийн хэрэгжилтийн талаар асууж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, ажлын байр бий болгож байгаа жижиг уурхайнуудын асуудлыг тусад нь авч үзэх бололцоотой эсэхийг лавласан. УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд Уянга сумын эсвэл жижиг уурхайнуудыг тусад нь авч үзнэ гэсэн заалт байхгүй. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Тиймээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа мөрдөх ёстой. Урт нэртэй хууль хэрэгжихгүй байгаа. Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ер нь бол асуудлыг зөвхөн Уянга сумаар харж болохгүй. Монголд олон газарт ой, усны ай савд алт олборлох гэж байгаа компаниуд бий. Бид байгаль орчноо хамгаалах ёстой” гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү Монголын баг, сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгчийн албыг хашдаг. Энэ холбооны шугамаар хийх ажлын талаар ч Уянгын ИТХ, Багийн Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид сонирхож байсан. Монгол Улс 1605 багтай. Тэр бүх багийн төвд монголчууд амьдарч байгаа. Гэтэл төрийн нүсэр бүтэц дээрээ төвлөрөөд анхан шатны нэгжид төрийн үйлчилгээ хүрэхгүй байна. Багийн дарга суманд биш багийнхаа төвд ажиллаж, амьдрах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэдэг байх учиртай. Багийн хөгжилд анхаарах ёстой. Үүний төлөө Монголын баг, сумдын үндэсний холбоо ажиллаж байгааг тэрбээр хэлсэн юм. Ийнхүү уулзалтаар олон чухал асуудлыг хөндөж ярилцлаа.