Өнөөдрийн хуралдаанаас барилгын цууралтыг зогсоох бэхэлгээ хийх шийдвэр гаргаж, улмаар энэ ажлыг хийж, хэрэгжүүлэх таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Байранд бэхэлгээ хийж, цууралт, нуралтаас сэргийлсний дараа мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээчид барилга дотор орж, ажиллах юм байна. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
Байрны оршин суугчдыг өчигдөр орой 23.00 цаг гэхэд байрнаас гаргаж дууссан бөгөөд цагдаагийнхан хамгаалалтад аваад байна. Оршин суугчид гэрийнхээ эд хогшлыг авахаар орохдоо мэргэжлийн хүмүүсийн хамт байр руу нэвтэрч байгаа аж. Тэднийг “Оюуны ирээдүй” сургуулийн дотуур байранд түр байрлуулах ажлыг эхэлсэн байна. Иргэд эхлээд хамаатан садныдаа байх талаар ярьж байсан ч байранд цууралт үүсч эхэлсэн тул түр байрлуулах байранд бөөнөөрөө байх санал гаргажээ. Нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй ажилд зарцуулах шаардлагатай төсвийг одоогоор аймгийн нөөц хөрөнгөөс гаргаж байна.