Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

ОПЕК зайгаа барив

ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын холбооны Ерөнхийлөгч тус байгууллага Иран болон АНУ-ын хоорондох улс төрийн тэмцэлд оролцохгүй гэж мэдэгдсэн талаар ням гаригт IRNA агентлаг мэдээлсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, эдийн засгийн хоригоор газрын тосны худалдааг нь хааж эхэлсэн. Үүний  хариуд Тегеран Ормузийн хоолойг бооно гэж сүрдүүлснээс тус бүсэд улс төрийн таагүй байдал үүссэн. Иракийн Газрын тосны сайд Абдул-Карим Луаиби “Ираны дайснууд тус Исламын Бүгд найрамдах улсын эсрэг хоригоо чангатгаж, шат дараалсан арга хэмжээ авч байгаа боловч ОПЕК 12 гишүүн орны эрх ашгийг хамгаалж, бүс нутагт үүсээд буй улс төрийн тэмцэлд оролцохгүй” гэдгээ мэдэгдсэн гэнэ. ОПЕК-ийн одоогийн Ерөнхийлөгч Луаиби дэлхийн түүхий нефтийн экспортын тээвэрлэлтийн багагүй хувийг дамжин өнгөрүүлдэг Ормузийн хоолойг хаахгүй байхыг анхааруулахаар Тегераны эрх баригчидтай саяхан уулзжээ. 2003 онд АНУ Саддам Хуссейныг зайлуулснаас хойш Иран, Иракийн хооронд хэл соёлтой холбоотой сайн харилцаа үүссэн юм. Багдадын Шийтийн Засгийн газар болон Тегераны эрх баригчдын харилцаа улам сайжрахын зэрэгцээ Иран Иракт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болсон билээ. АНУ Ираны Төв банк руу чиглэсэн эдийн засгийн хоригоо чангатгасаар байгаа ч хориг арга хэмжээ ирэх долдугаар сараас хүчин төгөлдөр болох юм. Өнөөдөр Бруссель хотноо чуулж буй Европын холбооны гадаад хэргийн сайд нар Ираны түүхий нефтийн экспортод шат дараатай хориг тавихаар хэлэлцэж байна. Тус бүс нутагт үүсээд буй улс төрийн таагүй байдлаас болж Ормузийн хоолойг хаахад хүрвэл дэлхийн газрын тосны нийлүүлэлт төдийгүй нефтийн үнэ, импортлогч орнууд хүнд асар их дарамтанд орно гэж ажиглагчид бичиж байна. Персийн булангийн орнууд ийм зүйл гаргахгүйгээр зах зээлийг шаардлагатай нефтиэр хангахын тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Харин Иран үүнийг нефтийн нийлүүлэлт буурахын цондон гэж үзэж, Персийн булангийн нефть олборлогч орнуудыг нийлүүлэлтийн энэ хоосон зайг экспортоор нөхөх гэж оролдоод хэрэггүй гэж анхааруулжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж