Л.Пүрэвдоржийг огцруулах асуудлыг эрчимжүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвдоржийг огцруулах асуудлыг эрчимжүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор үүсэн гарч буй үйл явцыг авч хэлэлцээд Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох асуудлыг энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрт хүрчээ. Тус бүлэг нэгдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцээд “Нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд төв банк валютын ханшийн өсөлтийг хазаарлаж тогтвортой барих талд тодорхой арга хэмжээ авч чадаагүй гэж үзэн, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, мөн ажлын хариуцлага алдаж, газрын тосны бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийж чадаагүй гэсэн үндэслэлээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нарт хариуцлага тооцох ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан  юм. Харин Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа дээр нэр дурдсан агентлагийн хоёр даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн ч төв банкны ерөнхийлөгчийн асуудлыг УИХ-аар хэлэлцэлгүй хойш суусаар буй.  Тиймээс асуудлыг шуурхай авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Хоёрдугаарт, нефть импортлогч компаниуд валютын ханшийн өсөлтөөр далимдуулан бүтээгдэхүүнийхээ үнийг хэт өндөр үнээр борлуулсан тул цаашид ийм байдлыг дахин давтуулахгүйн тулд  монополь компаниудын зах зээлийг задлах талд асуудлыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллах болжээ. Тун удахгүй ажлын хэсгийн төвшинд дүгнэлт эцэслэгдэн гарна, тиймээс энэ асуудлаар Засгийн газарт тодорхой асуудлыг тавина.  Гуравдугаарт, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөх болсон. Тэр дундаас махны үнэ огцом өсөөд байгаа. Уг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хотын захирагчийн ажлын алба хамтран улаанбаатарчуудын хүнсний хэрэглээнд зориулж жил тутамд мах нөөцөлдөг. Энэ жилийн хувьд 12 мянган тонн мах нөөцөлсөн гэж холбогдох албаныхан мэдэгдээд буй. Гэвч махны үнэ өдөр ирэх тусам өсч байгаагийн зэрэгцээ хэвлэлүүдээр “Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээнд зориулж, 12 мянган тонн мах нөөцлөх байсан ч түүндээ хүрэхгүйгээс махны үнэ тэнгэрт хадаж байна” гэсэн мэдээлэл цацагдах болсон тул түүнийг нягтлах ажлын хэсгийг мөн бүлгээс байгуулах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Л.Гантөмөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Нөгөө талаас Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос үнийн өсөлтийн эсрэг бүх нийтийг оролцуулсан жагсаал зохион байгуулж, улстөрийн намуудыг анхаарлаа хандуулахыг хүсэж байгаа. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд тус холбоонд хоёр асуудлаар хариу илэрхийлж буй юм байна. Нэгдүгээрх нь, валютын ханшийг тогтвортой барьж чадаагүй төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох, хоёрдугаарт, монополь нефтийн компаниудын импортыг задлах тал дээр бүлэг тодорхой судалгаа хийж буйгаа мэдэгдэж байна.
 

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж