Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Ховсдуулсан үзэгчид

Үгээр хэлж чадамгүй нэг тийм мэдрэмж… Гэхдээ хамгийн гоё мэдрэмж. Тэрхүү хэлээд байгаа мэдрэмжийг хөгжмөөс л мэдэрч болно. Өнгөрсөн удаад үзэгчдийг дурлуулж байсан Морин хуурын чуулгын нумт хөгжимчид энэ удаад үзэгчдийг ховсдчих шиг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хийж байсан “Novel Melody” тоглолтоо тэд өнгөрсөн баасан, бямба гаригт дахин тоглосон. Танго, жазз хөгжмийн хурдан хэмнэлийг морин хуур хөгжмөөр сонсох үнэхээр сонирхолтой байсан. Үзэгчид нумт хөгжимчдийн хөгжмийн эгшигт ховсдуулах шиг нам гүм анхааралтай хөгжмөө сонсоно. Хөгжим дуусахад тэд яг л өөр ертөнцөд ирчихсэн мэт гүнзгий гэгч нь амьсгаа авч, “браво” хэмээн дэмжинэ. 

Тоглолт эхнээсээ л үзэгчдийг эзэмдэж, ховсдож байсан ч тоглолтын төгсгөлд Майкл Жексоны попури үзэгчдийг гунигт автуулсан. Тэр бол од, дэлхийн од. Үзэгчид дор бүрнээ Майкл Жексоныг санаж, “Хэрвээ Майкл Жексон морин хуураар өөрийнх дууг ингэж тоглож байгааг харсан бол юу гэх байсан бол” гээд л хоорондоо ярилцаж байгаа нь сонсогдсон. Попын хаан Майкл Жексоны хөгжмийг морин хуураар яаж тоглож болохыг тэд харуулсан, сонсгосон. Мэдээж үзэгчид сэтгэл хөдлөлөө чухам яаж илэрхийлэхээ мэдэхгүй тийм л байдалд хэсэг автсан. Алга таших, бүжиглэх, эсвэл “браво” гэж орилох уу гээд л тэд яахаа мэдэхгүй “шок”-нд орчихсон. Тэдний ганц хэлсэн үг нь “дахиулъя”. Энэ үгийг ямар олон хэлсэн гээч. Майкл Жексоны гайхалтай дуунуудыг морин хуур хөгжмөөр тоглохыг сонсох сайхан байсан, тэр агуу дуучныг эргэн дурсахад гунигтай хэдий ч, ийм гайхалтай дуунуудыг бидэнд үлдээсэнд нь талархмаар.

Энэ тоглолтыг санаачилж, продюсерээр нь ажилласан морин хуурч А.Даваазориг, хөгжмийн продюсерээр нь ажилласан морин хуурч Н.Жигжиддорж, тэр гайхалтай хөгжмүүдийг эгшиглүүлсэн Морин хуурын чуулгын нумт хөгжимчид, удирдан тоглуулсан Ардын жүжигчин, удирдаач Ц.Батчулуун, Д.Түвшинсайхан, Улсын филармонийн маркетингийн алба гээд л бүгдэд нь үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Дараагийн удаад Морин хуурын чуулгын уран бүтээлчид ирэх гуравдугаар сард “Grand Opera” хэмээх бас нэгэн үзэгчдийг гайхшруулах тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм билээ. Тэр цаг хугацааг үзэгчид хэдийнэ хүлээгээд эхэлсэн.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж