Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Саарал усны ашиг

Саарал ус гэж юу вэ. Ахуйн хэрэгцээнээс гарсан бохир усыг саарал ус хэмээн Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулинд тодорхойлжээ. Үүнийг бид өдөр бүр амьдралдаа “үйлдвэрлэдэг”. Усанд орж, аяга, тавгаа угаасан  саарал усыг шууд төв цэвэрлэх байгууламж руу урсгаж байна. Гэтэл манайхан саарал усаа бохир ус хэмээн тооцдогт л хамаг учир байгаа аж.

Батаа өглөө бүр шүршүүрт орж,  Дулмаа өдөр бүр аяга шанагаа угаахдаа саван хөөс төдийхнөөр бохирдсон хэчнээн литр цэвэр ус урсгадгаа мэдэх болов уу. Магадгүй усны тоолуураас харж болох ч ус үнэтэй мөртлөө үнэгүйдэж буй нь энэ.

Гэр хорооллын айл Доржийнх хоногт 15 литр ус ашиглаж, үүнийхээ зургаан литр усаар хоол, цай, үлдсэнээ ахуйн хэрэглээндээ зориулж, саарал ус болгон хувиргадаг байна. Гэхдээ саарал ус ашиглалт гэр хороололд харьцангуй сайн байгаа нь энэ. Доржийнх амралтын өдрүүдэд 80-100 литр усаар хувцсаа угааж, мөн тооны саарал усыг муу усны нүхэндээ юүлдэг. Гэр хороололд ийм хэмжээний хэдэн мянган литр саарал ус хөрсөнд шууд шингэж, Туул голд өдөрт хэчнээн мянган шоо метр өнгөө хувиргасан ус орон сууцнаас нийлүүлэгддэг болохыг сонирхоход харамсал төрөхөөр. Үүнийг л шийдэх үүднээс Саарал усны тухай хуулийг батлахаар зэхэж байгаа аж. Тиймээс удахгүй төрөх уг хуулийг манай сэтгүүл “Хууль” буландаа онцоллоо.

Газрын гүний усаар машинаа угааж, хивсээ цэвэрлэж, “ОО”-доо татдаг “тансаг” хэрэглээгээрээ монголчууд өдгөө хөгжингүй орнуудын өмнө нь цохиж явна. Харин усны  хэмнэлтээрээ дэлхийд сүүл хормойлох шинжтэй талаар холбогдох  мэргэжилтнүүдийн амнаас чамгүй сонслоо. Жишээ нь шүршүүр, гал тогоонд хэрэглэсэн усаа цэвэршүүлэн эргээд ариун цэврийн өрөөндөө хэрэглэх  боломжийг Саарал усны тухай хуулиар олгох юм байна. Усаа гаднаас импортолж буй Сингапур улс л гэхэд  ийм  хууль  батлаад томоохон сургууль, эмнэлэг, зочид буудал, орон сууцандаа сүүлийн арван жилд өргөн хэрэглэж байгаа аж. Мөн Хонконг, Сингапурын жишгээр саарал усыг өргөн ашиглаж буй гэнэ. Хэчнээн хэмжээний ус хэмнэх нь ойлгомжтой. Харин бид холын жишээг ярихын зэрэгцээ өөрсдийн амьдралдаа ойр­туулахын тулд  өнөөдрийн  саарал усны ач холбогдлыг тоочоод барамгүй.

Орон сууцанд амьдарч буй Батаад хоногт дунджаар 285 литр ус ногдож байгаа бол гэр хорооллын Доржийн хоногийн усны хэрэглээ 15 литр. Орон сууцны цэмбэгэр айл Батаагийнхаас гарч буй 275 литр усны ойролцоогоор 200 литр нь  эргэн ашиглах боломжтой саарал ус тул эргүүлж ашиглаад эдийн засгийн хэмнэлт гаргаж болох юм гэдэг үүднээс Саарал усны тухай хуулийн хэрэгцээ шаардлага буй.

“Тус хууль хэрэгжсэнээр усны худалдаа бий болно. Усыг ашиглах үйлдвэрлэгчдийн зардал буурч, ашиг нэмэгдэнэ. Бидэнд ирж буй эцсийн бүтээгдэхүүний үнэ буурна. Экологи талаасаа байгаль орчинд маш эерэг нөлөө гарна” хэмээн Усны газрын орлогч дарга З.Батбаяр дүгнэсэн. Өөрөөр хэлбэл,  нэг жишээ татахад, “Ээрмэл” компанитай хэдхэн метрийн зайд байрлах АПУ компани бүтээгдэхүүний сүүлийн дамжлагадаа 50 хэмд халаасан 0.2 хувийн хлортой ус бэлтгэхийн тулд цэвэр ус авч, халаадаг байна. Эцэст нь тус компанид үйлдвэрлэлд ашигласан усаа шууд урсгахгүйгээр 50 хэм хүртэл  халаасан усаа бусдад зарж болох эрхийг Саарал усны тухай хууль олгож байгаагаараа давуу болохыг мэргэжилтнүүд хэлж байв.

Иймээс АПУ компани бүтээгдэхүүн угаасан усаа  “Ээрмэл” компанид зарж болох нь. “Ээрмэл”-ийн хувьд 60 градус халсан усаар ноосоо угааж, задалдаг бөгөөд цэвэр ус аваад, түүнийг халаахын тулд багагүй цахилгааныг зарцуулдаг аж. Хоорондоо хэдхэн зуун метрийн зайтай хоёр компани тохиролцоод хоолой татаад усны дахин ашиглалтыг яруу тодоор харуулж болох юм байна. Ус, цахилгаан хэмнэх таатай зах зээлийн сул ашиг энд байгаа аж. Цаашилбал,  оёдлын үйлдвэрт хүнсний үйлдвэрийн хаягдал усыг бүрэн ашиглах боломжтой юм байна. Зарим хүнсний үйлдвэрийн технологийг тооцохгүйгээр хүнсний хаягдал усыг ашиглах өргөн боломжтой болохыг ч усны салбарынхан тайлбарлаж байв.  Жишээ нь оёдлын үйлдвэрийн хаягдал усыг арьс ширний үйлдвэр ашиглаж болох нь. Үүнийг л саарал усны ашиг гэж нэрлээд байна. Энэ хууль хэрэгжсэнээр иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар усны тоолуур дээр гарах сар бүрийн төлбөрийн хэмжээ багагүй хувиар буух боломжтой гэнэ. Ингэснээр усанд төлж буй танай өрхийн зарлага буурна. Улаанбаатарын хөрсөн дор буй гүний усны нөөцөд ч хэмнэлт гарах аж.

“Саарал усыг ашигтай үед хэрэглэдэг. Ус бол эдийн засгийн чухал бүтээгдэхүүн, усыг хаана зөв зүйтэй ашиглаж байна, тэнд эдийн засгийн хөгжил ирнэ” хэмээн З.Батбаяр дарга өгүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Шинээр барих орон сууцны барилгад саарал усны шугам оруулах стандартыг ашиглах. Станцуудад цэвэр ус биш, саарал усыг ашиглах хэрэгтэй. Одоогоор тэд маш их цэвэр ус хэрэглэж байна. Орон сууц руу дөрвөн усны хоолой орж байгаа. Цэвэр, бохир, халуун, дулаан гээд. Тэгвэл халуун усыг өөрсдөө бий болгож болно. Халуун усны шугамын оронд саарал усны шугам оруулах гэсэн санал байна. “00”-д саарал ус хэрэглэх хэрэгтэй” гэв.

Уул уурхайн салбарт ч саарал усыг ашиглаж болно. Оюутолгой, Тавантолгойн  төсөлд саарал усыг ашиглан бүтээн байгуулалтыг түргэсгэж, цэвэр усаа хэмнэх, зардлыг бууруулах ашигтай боломж байгааг тэрбээр тэмдэглэсэн юм. Ойролцоогоор Улаанбаатар хотод өдрийн 160 мянган шоо метр саарал ус асгаж байгаа бол Оюутолгой төсөлд  100 мянган шоо метр усны асуудал босож ирж байна. Саарал усны хоолойг өмнийн говь руу татаж болох шинэ төслийн санааг УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэллээ.

Ахуйн хэрэглээнээс үүдэлтэй бохир усаараа бид шавар ч зуурч байшин ч барьж үзээгүй улсын нэг. Энэ онд улаанбаатарчууд цэвэр усыг хэмнэх үүднээс саарал усыг эргүүлэн ашиглах системийг нэвтрүүлэх талаар Улаанбаатар хотын удирдлагууд мэдэгдэж байсан билээ. Ус боловсруулан цэвэршүүлэх систем нь хаягдал ус боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологи аж. Энэхүү технологи бохир усыг дээд зэргээр цэвэршүүлдэг бөгөөд  хэрэглээнээс гарч буй нийт усны 45 хүртэлх хувийг эргүүлэн ашиглах, замаар хэмнэх боломжтой юм байна. Ийм  усыг “00”, машин угаалгын газар, ногоон байгууламж, цэцэрлэгжилтэд ашиглах боломжтой. Цэвэрлэгээний технологийг Герман улсаас оруулж ирэхээр төслийн хүрээнд төлөвлөөд байгаа аж.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ус ашиглаж байгаа бүх газар хэмнэлтийн технологид шилжих хэрэгтэй. Уул уурхайд хэрэглэсэн усаа дахин хэрэглэх, үүнийг ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай” хэмээн ярьсан юм. “Бид дэлхийд байхгүй цэнгэг усыг ахуйн зориулалтаар хэрэглэж байгаа ард түмэн. Тиймээс гарсан саарал усыг бүрэн ашиглах нь усны нөөцийн хомсдолоос сэргийлэхэд чухал үүрэгтэй” хэмээн Усны газрын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Ц.Сосорбарам онцлов.

Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр. “Ус” үндэсний хөтөлбөрт хаягдал бохир усны  цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх, эргүүлэн ашиглах чиглэлээр бодлогын түвшинд анхаарах юм байна. Хаягдал буюу саарал усыг цэвэршүүлэн хэрэглэхэд хялбар дэвшилт технологийг нэвтрүүлж,  өдөр тутмын хэрэглээнээс үүсэх хаягдал бохир усны хэмжээг багасгахад үндэсний хөтөлбөр үр өгөөжөө өгөх биз ээ. Үүнд таны оролцоо ч хамгаас чухал гэдгийг цохон тэмдэглэе.

Б.Баяртогтох

“Mongolian Economy” сэтгүүл

http://mongolianeconomy.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж