“Хөгжлийн төлөө зохих шийдвэр гаргадаг”

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн төлөө зохих шийдвэр гаргадаг”

МХБХ-ны 2012 оны тэмцээн уралдааны төлөвлөгөөний дагуу футзал буюу танхимын хөлбөмбөгийн тэмцээнүүд өнөөдөр эхэлж байна. Тус холбоо өмнөх жилүүдэд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд УАШТ зохион байгуулдаг байсан. Харин жилээс өсвөр үе, насанд хүрэгчдийн тэмцээнээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Футзалын цом нэртэйгээр зохион байгуулахад бэлэн болжээ. Өсвөр үеийнхний тэмцээн (13, 15, 17 хүртэлх нас) олон үе шаттай бөгөөд дүүрэг болгоны аварга шалгаруулах тэмцэнээс шалгарсан шигшээ багууд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг клубүүдийн хамт нийслэлийн тэмцээнд хүч үзнэ. Үүнээс насны болгоны ангилалд дөрвөн баг эрхээ авч, улсын тэмцээнд оролцох ажээ. Эдгээр тэмцээнүүд өнөөдрөөс гуравдугаар сарын 17 хүртэлх хугацаанд “Футзалын ордон”-д болно. Энэ хугацаанд зөвхөн өсвөр үе, насанд хүрэгчдийн гэлтгүй сонирхогчдын “City Cup” (хоёрдугаар сарын 4-19-нд, долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд), ахмадын УАШТ (хоёрдугаар сарын 14-17-нд), эмэгтэйчүүдийн тэмцээн (гуравдугаар сарын 1-7-нд) болох юм. Футзалын шинэ улирал эхэлж буй энэ үед МХБХ-ны Техникийн захирал, Монгол Улсын футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч И.Отгонбаяртай ярилцлаа.

-Энэ намар, өвөл манай улсын футзалын цаашдын хөгжилд нөлөө үзүүлэх чухал үйл явдлууд боллоо. Энэ талаар эхэлж ярих уу?

-Футзал бол Олон улсын хөл­бөмбөгийн холбоо (FIFA)-ноос хөг­жүүлж байгаа, сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж буй хөлбөмбөгийн нэг төрөл. Төрөл гэдэг нь футзал, элсний хөлбөмбөг, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг шүү дээ. Манай улсад өвлийн улирал урт үргэлжилдэг. Футзал бол Монгол Улсын байгаль цаг уурт хамгийн тохиромжтой төрөл болж хувирч байна. ОУХБХ-ноос манай улсад хэрэгжүүлсэн “Goal-III, IV” төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн “Футзалын ордон”-той боллоо. Үүний хүрээнд МХБХ-ны Техникийн хороо футзалын дотоодын тэмцээнүүдээ олон улсын хэв маягт оруулж, шигшээ баг байгуулах үүд хаалга албан ёсоор нээгдлээ.

-Монгол Улсын футзалын шиг­шээ сая түүхэндээ анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцоод ирсэн. Манайхан хүчирхэг багуудтай муугүй тоглосон байна билээ?

-2012 оны футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-д болно. Энэхүү тэмцээний Зүүн Азийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээн Малайзын Куала-Лумпур хотод болж, бид БНСУ (1:5-аар хожигдсон), Хонгконг (1:3)-ийн хүчирхэг багтай тоглосон. Бид үүндээ дүн шинжилгээ хийсэн. Манайхан бусад багаас их хол хоцроогүй, энэ спорт Монгол Улсад хөгжих боломжтойг мэдэрлээ.

-Энэ онд футзалын гадны хэдэн сургалт хүлээн авах вэ?

-ОУХБХ-ны футзалын дасгалжуу­лагчийн болон шүүгчийн сургалтыг эх орондоо урьж, 2012 оны зун, намар явуулна. МХБХ ирээдүйд футзалын мэргэжлийн тоглогч, дасгалжуулагч, шүүгчийг бэлтгэх (Талбайн хөл­бөмбөгөөс тусад нь) бодлого барьж ажиллаж байна. Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC)-ны мэргэжилтнүүд талбайн хөлбөмбөг, футзалыг сонир­хогчдын болон мэргэжлийн түвшинд салгах шаардлагагтайг хэлсэн. Үүнийг МХБХ-ны Техникийн хороо биелүүлэх ёстой. Хамгийн эхний буюу судалгааны ажил одоо хийгдэж байна. 2013, 2014 оноос Монголын футзалын баг, тоглогч, дасгалжуулагч биеллээ олж, цаашид шигшээ багийн түвшинд ажиллах суурь нээгдэх юм.

-Талбайн хөлбөмбөг, футзалыг сал­гана гэлээ. Үүнийг жаахан дэл­гэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Энэ бол багш дасгалжуулагч, тог­логч бүрийн сонирхож байгаа асуулт. Хөгжлийн төлөө зохих шийдвэр гар­даг. МХБХ Монголын хөлбөмбөг, футза­лын хөгжлийн төлөө шийдвэрүүдийг гар­гана. Ямар нэгэн баг, хүний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахгүй. Тухайн ашиг сонирхол, судалгаан дээр нь үндэслэсэн шийдвэр гаргах бодолтой байгаа. Энэ бол хүчээр хийх зүйл биш. Үүний хажуугаар эмэгтэйчүүдийн хөл­бөмбөгийг түлхүү хөгжүүлж байна. Эрчүүдийнхнтэй адил бүх түвшинд авч үзэж байна.

-“Футзалын ордон” хэдэн хүний суудалтай вэ?

-640.

-Сайхан ордонтой бол­чихлоо. МХБХ-ны 2012 оны тэмцээн уралдааны төлөвлөгөөг харахад бүхнийг олон улсын түвшинд хийхээр зорьж байгаа юм байна. Өөрсдийн заалгүй байхдаа цагт хавчигддаг байсан зүйл ард үлдэж байна уу?

-Тийм ээ. Бид заал, цаг хугацаа, эдийн засагт хавчигдаад тэмцээндээ дүрэм, журмын жижиг өөрчлөлт хийдэг байсан. Харин одоо илүү чөлөөтэй болсон. Үүнийг хөлбөмбөгтэй хол­боотой хүн бүр харж, мэдэрч байгаа байх. Бид тэмцээн бүрээ олон улсын хэмжээнд зохион байгуулж, өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх чин шулуун зорилготой ажиллаж бай­на. Гэсэн ч ганцхан ордонд маань энэ жилийн футзалын 11 төрлийн тэмцээн болон бусад арга хэмжээ бас л багтахгүй байна.

-“Футзалын ордон”-той бол­сон нь ямар давуу талтай вэ?

-Олон улсын дүрмийг бүрэн хэрэгжүүлэх бололцоотой. Мөн өөрсдийн харьяа шигшээ багаа олон улсын тэмцээнд бэлтгэхэд ямар нэгэн гачигдах зүйлгүй. “Футзалын ордон”-ы цагийг маш зөв менежментээр зохицуулж, хуваарилна.

-МХБХ ОУХБХ-ны “Goal-I” төслийн хүрээнд 2002 онд хөлбөмбөгийн талбай, “Goal-II”-ийн хүрээнд 2006 онд оффистой болж байсан. “Футзалын ордон” “Goal-III, IV” төслийн хүрээнд бий болсон. Хоёр төсөл нэгэн зэрэг хэрэгжсэнийг тодруулж өгөхгүй юу?

-Нэг төслийн санхүүжилт нь ордон барих хэмжээнд хүрдэггүй юм. Хоёр төсөл нийлж байж “Футзалын ордон” боссон. Энэ нь МХБХ-ны ерөн­хийлөгч, АХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганболдын шургуу хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм.

-Манай улсад “Goal-V” төсөл хэрэгжиж, МХБХ-ны ногоон талбай үзэгчдийн суу­далтай болох болсон. Барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Монголын залуучууд хэв­лэл мэдээллийн хэрэгслийн ачаар дэлхийн хөлбөмбөгийг үзэж, мэдэрч, их зүйл хүсч, мөрөөддөг болсон байна. МХБХ “Goal-V” төслийн хүрээнд бэлтгэлийн төвөө тойруулсан үзэгчдийн суудал барьж, наймаас 10 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнтэй болно. Бид энэ ажлаа хавар болж дулаарахаар эхэлнэ. 2013 оны талбайн хөлбөмбөгийн тэмцээн уралдаануудаа зориулалтын цэнгэлдэх хүрээлэндээ явуулах бүрэн боломжтой.

-2006 онд МХБХ-ны оффисын барилгын ажлын улмаас Үндэсний лигийн тэм­цээн болж байгаагүй. Энэ жил тийм зүйл давтагдах уу?

-Энэ бол МХБХ-ны хамгийн шийдвэрлэх асуудал. Бид талбайн судалгааны ажил хийсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөлбөмбөг хөгжиж, засаг захиргаа, хувийн компани нийлээд маш олон талбай бий болгосон. Харамсалтай нь МХБХ-ны талбайгаас өөр олон улсын шаардлага хангасан нь Эрдэнэт л ганц байна. Гэсэн ч бид Үндэсний лиг, “Боргио цом”, Супер цом зэрэг дээд зэрэглэлийн тэмцээнээ тасал­дуу­дахгүй явуулах болно. Талбайн боломжоос шалтгаалаад эдгээр тэмцээний тусгай заавраар явуулж магадгүй. Үүнийг хараа­хан шийдээгүй байна. Өсвөрийн тэмцээнүүдийг бусад талбай дээр богино хугацаанд, чанартай зохион байгуулах зорилго тавьж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нанжид

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж