
-Энэ намар, өвөл манай улсын футзалын цаашдын хөгжилд нөлөө үзүүлэх чухал үйл явдлууд боллоо. Энэ талаар эхэлж ярих уу?
-Футзал бол Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос хөгжүүлж байгаа, сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж буй хөлбөмбөгийн нэг төрөл. Төрөл гэдэг нь футзал, элсний хөлбөмбөг, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг шүү дээ. Манай улсад өвлийн улирал урт үргэлжилдэг. Футзал бол Монгол Улсын байгаль цаг уурт хамгийн тохиромжтой төрөл болж хувирч байна. ОУХБХ-ноос манай улсад хэрэгжүүлсэн “Goal-III, IV” төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн “Футзалын ордон”-той боллоо. Үүний хүрээнд МХБХ-ны Техникийн хороо футзалын дотоодын тэмцээнүүдээ олон улсын хэв маягт оруулж, шигшээ баг байгуулах үүд хаалга албан ёсоор нээгдлээ.
-Монгол Улсын футзалын шигшээ сая түүхэндээ анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцоод ирсэн. Манайхан хүчирхэг багуудтай муугүй тоглосон байна билээ?
-2012 оны футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-д болно. Энэхүү тэмцээний Зүүн Азийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээн Малайзын Куала-Лумпур хотод болж, бид БНСУ (1:5-аар хожигдсон), Хонгконг (1:3)-ийн хүчирхэг багтай тоглосон. Бид үүндээ дүн шинжилгээ хийсэн. Манайхан бусад багаас их хол хоцроогүй, энэ спорт Монгол Улсад хөгжих боломжтойг мэдэрлээ.
-Энэ онд футзалын гадны хэдэн сургалт хүлээн авах вэ?
-ОУХБХ-ны футзалын дасгалжуулагчийн болон шүүгчийн сургалтыг эх орондоо урьж, 2012 оны зун, намар явуулна. МХБХ ирээдүйд футзалын мэргэжлийн тоглогч, дасгалжуулагч, шүүгчийг бэлтгэх (Талбайн хөлбөмбөгөөс тусад нь) бодлого барьж ажиллаж байна. Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC)-ны мэргэжилтнүүд талбайн хөлбөмбөг, футзалыг сонирхогчдын болон мэргэжлийн түвшинд салгах шаардлагагтайг хэлсэн. Үүнийг МХБХ-ны Техникийн хороо биелүүлэх ёстой. Хамгийн эхний буюу судалгааны ажил одоо хийгдэж байна. 2013, 2014 оноос Монголын футзалын баг, тоглогч, дасгалжуулагч биеллээ олж, цаашид шигшээ багийн түвшинд ажиллах суурь нээгдэх юм.
-Талбайн хөлбөмбөг, футзалыг салгана гэлээ. Үүнийг жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Энэ бол багш дасгалжуулагч, тоглогч бүрийн сонирхож байгаа асуулт. Хөгжлийн төлөө зохих шийдвэр гардаг. МХБХ Монголын хөлбөмбөг, футзалын хөгжлийн төлөө шийдвэрүүдийг гаргана. Ямар нэгэн баг, хүний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахгүй. Тухайн ашиг сонирхол, судалгаан дээр нь үндэслэсэн шийдвэр гаргах бодолтой байгаа. Энэ бол хүчээр хийх зүйл биш. Үүний хажуугаар эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг түлхүү хөгжүүлж байна. Эрчүүдийнхнтэй адил бүх түвшинд авч үзэж байна.
-“Футзалын ордон” хэдэн хүний суудалтай вэ?
-640.
-Сайхан ордонтой болчихлоо. МХБХ-ны 2012 оны тэмцээн уралдааны төлөвлөгөөг харахад бүхнийг олон улсын түвшинд хийхээр зорьж байгаа юм байна. Өөрсдийн заалгүй байхдаа цагт хавчигддаг байсан зүйл ард үлдэж байна уу?
-Тийм ээ. Бид заал, цаг хугацаа, эдийн засагт хавчигдаад тэмцээндээ дүрэм, журмын жижиг өөрчлөлт хийдэг байсан. Харин одоо илүү чөлөөтэй болсон. Үүнийг хөлбөмбөгтэй холбоотой хүн бүр харж, мэдэрч байгаа байх. Бид тэмцээн бүрээ олон улсын хэмжээнд зохион байгуулж, өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх чин шулуун зорилготой ажиллаж байна. Гэсэн ч ганцхан ордонд маань энэ жилийн футзалын 11 төрлийн тэмцээн болон бусад арга хэмжээ бас л багтахгүй байна.
-“Футзалын ордон”-той болсон нь ямар давуу талтай вэ?
-Олон улсын дүрмийг бүрэн хэрэгжүүлэх бололцоотой. Мөн өөрсдийн харьяа шигшээ багаа олон улсын тэмцээнд бэлтгэхэд ямар нэгэн гачигдах зүйлгүй. “Футзалын ордон”-ы цагийг маш зөв менежментээр зохицуулж, хуваарилна.
-МХБХ ОУХБХ-ны “Goal-I” төслийн хүрээнд 2002 онд хөлбөмбөгийн талбай, “Goal-II”-ийн хүрээнд 2006 онд оффистой болж байсан. “Футзалын ордон” “Goal-III, IV” төслийн хүрээнд бий болсон. Хоёр төсөл нэгэн зэрэг хэрэгжсэнийг тодруулж өгөхгүй юу?
-Нэг төслийн санхүүжилт нь ордон барих хэмжээнд хүрдэггүй юм. Хоёр төсөл нийлж байж “Футзалын ордон” боссон. Энэ нь МХБХ-ны ерөнхийлөгч, АХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганболдын шургуу хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм.
-Манай улсад “Goal-V” төсөл хэрэгжиж, МХБХ-ны ногоон талбай үзэгчдийн суудалтай болох болсон. Барилгын ажил хэзээ эхлэх вэ?
-Монголын залуучууд хэвлэл мэдээллийн хэрэгслийн ачаар дэлхийн хөлбөмбөгийг үзэж, мэдэрч, их зүйл хүсч, мөрөөддөг болсон байна. МХБХ “Goal-V” төслийн хүрээнд бэлтгэлийн төвөө тойруулсан үзэгчдийн суудал барьж, наймаас 10 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнтэй болно. Бид энэ ажлаа хавар болж дулаарахаар эхэлнэ. 2013 оны талбайн хөлбөмбөгийн тэмцээн уралдаануудаа зориулалтын цэнгэлдэх хүрээлэндээ явуулах бүрэн боломжтой.
-2006 онд МХБХ-ны оффисын барилгын ажлын улмаас Үндэсний лигийн тэмцээн болж байгаагүй. Энэ жил тийм зүйл давтагдах уу?
-Энэ бол МХБХ-ны хамгийн шийдвэрлэх асуудал. Бид талбайн судалгааны ажил хийсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөлбөмбөг хөгжиж, засаг захиргаа, хувийн компани нийлээд маш олон талбай бий болгосон. Харамсалтай нь МХБХ-ны талбайгаас өөр олон улсын шаардлага хангасан нь Эрдэнэт л ганц байна. Гэсэн ч бид Үндэсний лиг, “Боргио цом”, Супер цом зэрэг дээд зэрэглэлийн тэмцээнээ тасалдуудахгүй явуулах болно. Талбайн боломжоос шалтгаалаад эдгээр тэмцээний тусгай заавраар явуулж магадгүй. Үүнийг хараахан шийдээгүй байна. Өсвөрийн тэмцээнүүдийг бусад талбай дээр богино хугацаанд, чанартай зохион байгуулах зорилго тавьж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
