ТӨХ-ны даргаар түр ажиллах хүн байна уу

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

ТӨХ-ны даргаар түр ажиллах хүн байна уу

Тамга бол эрх мэдэл биш ажээ. Өнөөдөр олон чухал тамга “ганцаардаж”, эзнээ хүлээгээд хэвтэж байна. Тэр дунд бүр Төрийн өмчийн хороо, Үндсэн хуулийн Цэцийн даргын тамга хүртэл эзэнгүй байна гээд бод доо.

УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор төрийн алба хашиж буй хүмүүс хуулийн дагуу албан тушаалаасаа татгалзсан. Дээр нь Ардчилсан намынхан Засгийн газраас гарсантай хол­боотойгоор зургаан сайдын суудал суларч, өнгөрсөн баасан гарагт тэдний ажлыг зарим сайдад түр хариуцуулсан. Хэдийгээр түр хугацаагаар ийнхүү зохион байгуулсан ч тэдний гуншин үнэнхүү сонсголонтой бөгөөд инээдтэй санагдана. Тэргүүн шадар сайд бөгөөд Шадар сайд М.Энхболд, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн  сайд бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Зам тээвэр, барилга, хот байгуу­лалтын сайдын үүрэг гүйцэтгэгч, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди гэж. Ийм өргөн хүрээг хамарсан хязгааргүй том эрх мэдлийг асар богино хугацаанд ашиглаж чаддаг бол мөн аюултайяа. Гэвч энэ долоо хоногт эзэд нь ирээд эрх үүргээ ялгаж салгаад авна л гэж найдахаас. Харин түр зуурын хавсарсан албан тушаал нь тэдний CV-д орох болов уу, яах бол.

Салбар хариуцсан сайд нарын суудал эзнээ амархан олж болох ч агентлагуудын эзэнгүйдэл улам нэмэгдсээр байна. Тухайлбал, шатахууны үнийн хөөрөгдөл үүссэн явдалд хариуцлагагүй хандсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, дэд дарга нарт хариуцлага тооцон огцруулсан. Харин өгөөж багатай, хэл ам ихтэй энэ албан тушаалд ажиллах дараагийн хүнийг амархан олж А.Ариунболдыг то­милсон. Одоо Газрын тосны газрын дарга, дэд даргын суудал эзэнгүй байна. Мөн Цөмийн энергийн газар  дарга ч үгүй, дэд дарга ч үгүй болов. Засгийн газрын тохируулагч агентлагийг даргатай, дэдтэй нь “толгой, хүзүүгээр” нь тасдаж хаях тохиолдолд оронд нь ажил хариуцах эзнийг тодорхой болгож үлдээх хэрэгтэй баймаар. Хүүхнүүдийг хүлээж авах дургүй энэ Засгийн газарт хүн хүч хүрэлцэхгүй байна уу. Аль эсвэл сонгууль хүртэл түр зуур алба хашихаас ичээд, чамлаад байдаг юм болов уу. Уг нь албан тушаалын хэнээ туссан залуус Ардын намд илүүдэл болоод байгаа харагддаг. Хэдхэн сар тамга атгаад CV-ээ баяжуулаад гарах сонирхол тэдэнд байж л таарна. Гэтэл хариуцлагатай чухал албыг УИХ-ын сонгуулийн дараа хуваах бялуу мэтээр харж, явцуу ашиг сонирхлоор хадгалж, харамлахын цаана төрийн ажил гацаад байгааг яах вэ.

Хэн нэгнийг албан тушаалд томилоход өмнөх дарга нь тамгаа авч зугтдаг, эцэст нь хоёулаа шүүхэд ханддаг үе өнгөрсөн бололтой. Нөгөөтэйгүүр өмнөх Засгийн газарт агентлагийн даргын төлөөх марафон идэвхтэй өрнөдөг байсан бол эдүгээ төрийн аль нэг албан тушаалтан халагдахад оронд нь хэнийг томилох бол гэдэг асуудал ерөөсөө сонин биш болчихож. Албан тушаалын илүүдэл үү, эсвэл эрх мэдлээс уйдсаных уу. Наад зах нь Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллах хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, 40 нас хүрсэн иргэн олдохгүй байна гээд бод доо. Үнэмшмээргүй байгаа биз. Энэ бүхний цаана нэг л учир байна. Яг л сонгууль дуустал амьдралын хүрдийг хүчээр зогсоох гэж байгаа мэтээр хандаж болохгүй. Жишээ нь Төрийн өмчийн хорооны даргаар түр ажиллах сонирхолтой хүн байж л таарна. Худлаа гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар тараагаад үз л дээ.  

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж