
МҮОНРТ-ийн мэдээллийн төвд 24tsag.mn сайтын захирал М. Буянбадрах, “Монгол айл” баримтат киноны найруулагч Г.Батнягт нар өнөөдөр мэдээлэл хийж, Б.Баяндэлгэр гэх 23 настай залуу Балбын нийслэл Катманду хотын шоронд хоригдож байгаа тухай сэтгүүлчдэд мэдээлэв. Дорнод аймгийн уугуул, өнчин лам өмнөд Энэтхэг рүү бурхны ном үзэхээр гэрээс гараад хоёр жил гаруй болжээ. Тэрбээр Энэтхэгт шавилан сууж байхдаа permit буюу байнга оршин суух зөвшөөрлөө сунгуулаагүй байна. Мөнгөгүй, мэдээлэлгүй түүнд “их мэдэгч” нэгэн энэтхэг хүн: “Хойд зүгт Балбын хилийг давж чадвал Монгол Улсын иргэд визгүй нэвтэрдэг Хятад руу Түвдээр дамжин орж болно” гэжээ. Үүнийг сонссон лам Б.Баяндэлгэр Балбад ирээд наашаа ч үгүй ч, цаашаа ч үгүй болсон тул нэгэн хоолны газар ажиллаж байжээ. Цагдаагийн гэнэтийн үзлэгээр түүний халааснаас Монгол Улсын иргэний үнэмлэх гарч ирснээр шууд баривчлагдсан байна. Балбын цагаачлалын албаны офицер Ганеш Бахадур Адхикаригийн мэдээлснээр “Монголын иргэн Б.Баяндэлгэр гэмт хэрэг хийгээгүй. Гадаадад зорчдог олонх жуулчдын гаргадаг нийтлэг алдаа болох визийн зөрчилтэй байсан. Хэрэв буцах зардал болон зөрчлийн төлбөр болох 1500 гаруй ам.долларыг төлбөл бид суллаж болно” гэжээ. Балбад Монгол Улсын ЭСЯ байхгүй, өргөмжит консул н.Цэдэн гэх хүн байдаг ч олдохгүй байгаа гэнэ. Балбад кино зураг авалтаар явж байсан 24tsag.mn сайтын захирал М.Буянбадрах, “Монгол айл” баримтат киноны найруулагч Г.Батнягт нарын хүмүүс Б.Баяндэлгэрийн тухай Монгол Улсын ГХЯ-ны Консулын газарт танилцуулсан бөгөөд асуудлыг шуурхай судлан шийдвэрлэх талаар ажиллаж байгаа аж. Тэд энэ асуудалд холбогдох албаны хүмүүс анхаарлаа хандуулж, Б.Баяндэлгэрийг эх оронд нь авчрахыг уриалсан юм.
Харин сүүлд авсан мэдээллээр дээрх хэвлэлийн бага хурлын тухай мэдээллийг сонссон "Дорнод нутаг" клубын тэргүүн С.Отгонбаатар шаардлагатай төлбөрийг төлж, эх орон нутагт залууг нутагт нь авчрах асуудалд санхүүгийн тал дээр тусална гэдгээ мэдэгдсэн байна.
Д.Жаргалсүрэн